
IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны “Дэлхийн цом” ангилалд багтах “Чингис хаан-2010” олон улсын тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо хоёр дахь жилдээ зохион явуулах гэж байна. Энэ сарын 24, 25-нд Спортын төв ордонд болох тус тэмцээнд “Лондон-2012” олимпийн наадмын эрхийн оноо олгохоос гадна шагналын сан өндөртэй учир 25 орны 300 гаруй тамирчин, дасгалжуулагч оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Дашрамд сануулахад, өнгөрсөн жил болсон анхдугаар “Чингис хаан дэлхийн цом”-ын тэмцээнд 140 гаруй жүдоч зодоглож байсан юм.
Манай улс зохион байгуулагч гэдэг утгаараа жин тус бүрт дөрвөн тамирчин өрсөлдүүлэх давуу эрхтэй бөгөөд Монголын баг тамирчдаас гадна БНСУ-ын баг 20 тамирчинтай ирэхээр мэдүүлгээ ирүүлсэн нь хамгийн олон хүний бүрэлдэхүүний багт тооцогдож байна. Түүнчлэн энэ удаагийн “Чингис хаан” цомын тэмцээнд олимпийн гурван удаагийн аварга Японы домогт тамирчин Такахиро Номура зодоглох юм.
Тэмцээний цар хүрээ тэлж, тэмцээнд оролцох тамирчдын тоо ч эрс нэмэгдсэн учир “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээнийг Яармагийн дэнж дээр баригдаж буй шинэ спорт цогцолборт зохион байгуулах талаар ярилцаж байсан ч хугацаандаа амжиж ашиглалтад орохгүй учир Спортын төв ордонд зохион байгуулахаар болжээ. Гэхдээ тамирчдын тав тухыг хангах, тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд 100 гаруй сая төгрөгийн засварыг Спортын төв ордонд хийж байгаа юм. Харамсалтай нь, Спортын төв ордны багтаамжаас хамаарч цөөн тооны үзэгчийг дотогш нэвтрүүлэх ба тасалбарын үнэ нь 50 мянган төгрөг байх гэнэ. Гэхдээ Монголын үзэгч, жүдо сонирхогчид Монголын үндэсний олон нийтийн телевиз болон С1 телевизээр тэмцээнийг шууд хүлээн авах боломжтой.
Тэмцээн өндөрлөсний дараагийн өдөр буюу 26-нд “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцсон бүх тамирчин, дасгалжуулагч, шүүгчид Тэрэлж болон “13-р зуун” цогцолборт очиж, амрах бөгөөд 27-29-ний өдрүүдэд олон улсын хамтарсан бэлтгэл хийх ажээ. Дашрамд дурьдахад, Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид “Чингис хаан 2010” дэлхийн цомын тэмцээний бэлтгэлээ базаахаар Орхон аймагт байрлах “Олимп” баазад бэлтгэлд гарсан бөгөөд энэ сарын 22-нд нийслэл хотод ирэх юм.
“Чингис хаан 2010” тэмцээний хөтөлбөр:
Долдугаар сарын 22-23
Тэмцээнд оролцох тамирчдыг хүлээж авах
Долдугаар сарын 23
18.00 – Шүүгчдийн зөвлөгөөн
19.00 – Техникийн зөвлөгөөн
20.00-22.00 – Хүлээн авалт
Долдугаар сарын 24
07.00-07.30 – Албан бус жингийн үзлэг
07.30-08.00 – Жин үзнэ
10.00 – Хэсгийн барилдаан /эр: 60, 66, 73 кг, эм: 48, 52, 57, 63 кг/
15.00 – Нээлтийн ажиллагаа
16.00 – Медалийн төлөөх барилдаанууд, Шагнал гардуулах ёслол
Долдугаар сарын 25
07.00-07.30 – Албан бус жингийн үзлэг
07.30-08.00 – Жин үзнэ
10.00 – Хэсгийн барилдаан /эр: 81, 90, -100, +100 кг, эм: 70, -78, +78 кг/
16.00 – Медалийн төлөөх барилдаанууд, Шагнал гардуулах ёслол
20.00 – Үдэлтийн үдэшлэг /Чингис хаан цогцолборт/
Долдугаар сарын 26-29
Олон улсын тамирчдын хамтарсан бэлтгэл
С.Цэлмэг