К.Рональдугийн хүүгийн ээж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

К.Рональдугийн хүүгийн ээж хэн бэ?

Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч Криштиан Рональду саяхан эцэг болж, шуугиан тарьсан билээ. Харин хүүгийн ээж нууц хэвээр байсан бол өдгөө тэрбээр Америкийн нэгэн зөөгч бүсгүйтэй ганц шөнийг хамт өнгөрүүлээд эцэг болсон тухай мэдээлэл хэвлэл мэдээлийн хэрэгслийн бай болж байна.
Португалийн нэрт хөлбөмбөгч Рональду санхүүгийн асуудалтай зөөгч бүсгүйгээс хүүгээ авч, дээр нь түүний “амыг хамхих”-ын тулд 15 сая ам.доллар өгсөн гэх мэдээлэл дэлхий нийтийн чихийг дэлдийлгэж байгаа юм. Өдгөө 25 настай Рональду өнгөрсөн зун амралтаараа Америкт аялах үеэрээ Лос-Анжелес хотын ресторанд зөөгч бүсгүйтэй танилцаж, түүний чихэнд “Чи, би …” хэмээн шивнэснээр тэр хоёрын нэг шөнийн цэнгэлийн эхлэл тавигдсан гэнэ. Анх зөөгч бүсгүй нэрт хөлбөмбөгчийн санааг ойлголгүй гайхсанд Рональду цантсан цонхон дээр зүрх зурж, “Чи, би, үнсэлт” хэмээн хэлсэн аж.
Шинэхэн танилцсан хосууд тэр шөнөдөө зочид буудалд хамт хоносон бөгөөд удалгүй зөөгч бүсгүй өөрийгөө жирэмсэн болсныг мэдээд Рональдугийн бие төлөөлөгч Хорге Мендесээр дамжуулан нэрт хөлбөмбөгчид энэ тухайгаа дуулгасан байна. Харин хожим нь Рональду ДНК-гийн шинжилгээ хийлгэхийг зөвшөөрсөн бөгөөд шинжилгээний хариу түүнийг Өмнөд Африкт дэлхийн цомын тэмцээнд оролцож байх үеэр гарчээ.
Криштиан Рональдугийн дотны найз энэ хэргийн талаар “Тэд бол католик шашинтай гэр бүл. Харин ганц шөнийн зугаа цэнгэлээс болоод эцэг болсон Ронни хүүгээ өөр дээрээ авсан нь ёс зүйн хувьд зөв алхам” хэмээн ярьжээ.
Долоо хоногт 300 мянган ам.долларын цалин авдаг Рональду энэ сарын 3-нд Facebook болон Twitter дэх блогтоо шуугиан дэгдээсэн “зарлал” бичиж, өөрийгөө аав болсон тухайгаа мэдэгдсэн билээ. Удалгүй Рональдугийн гэр бүлийнхэн хүүг өөрсдөдөө авсан бөгөөд Cristian Ronaldo junior гэх нэр хайрлажээ. Бяцхан Рональду зургадугаар сарын 17-нд 4,4 кг жинтэй, Америкт төрсөн талаар түүний гэр бүлийнхэн мэдэгдсэн юм. Гэхдээ Рональду өнгөрсөн жилийн зургадугаар сард Америкт амарсан учир бяцхан хүү энэ оны гуравдугаар сард төрсөн байх учиртай. Гэрэл зургаас харахад ч хүү гурав, дөрвөн сартай хүүхэд шиг харагдаж байгаа учир Рональдугийн гэр бүлийнхний өгсөн мэдээлэл “санамсаргүй алдаа” бололтой.
“Реал Мадрид”-ын од Рональду өдгөө Нью-Йоркт сүйт бүсгүй Ирина Шейкийн хамт амарч байгаа бөгөөд түүний бяцхан хүүг Роннигийн ээж Долорес болон хоёр эгч нь асарч байгаа ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж