Дэлхийн Монголчууд чуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Дэлхийн Монголчууд чуулж байна

Дэлхийн Монголчууд чуулж байна
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан –Үд хотноо дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 650 гаруй монгол туургатан чуулж байна.
Энэ өдрүүдэд Монгол угсаатнууд хэл, бичиг, соёлоо хадгалан хамгаалах талаар туршлага солилцон, төрөл бүрийн сэдвээр олон улсын уулзалт, симпозиум, урлагийн наадам, спортын тэмцээн уралдаан зохиож байгаа юм.

Чуулганы баярын хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн В.В.Наговицын нар оролцож, баяр хүргэж үг хэллээ.

Ерөнхийлөгч В.В.Наговицын хэлэхдээ, “Олон орны ард түмний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон энэ чуулганыг өөрийн орондоо өндөр дээд хэмжээнд зохион байгуулахыг хичээлээ.Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч ирж оролцож байгаа нь,Монгол Улсын төрөөс үндэсний хэл соёлоо хамгаалах үйлсэд чухалчлан анхаарч байгаагийн илрэл гэж бодож байна” гэсэн юм. Чуулганы баярын хуралд илгээсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн илгээлтэд “Энэ бол зөвхөн Буриад-Монголын төдийгүй, Орос-Монгол улсуудын харилцаа хамтын ажиллагаанд чухал үйл явдал болж байна. Энэ үеэр Монголоо гэсэн сэтгэлтэй олон эрдэмтэн судлаачдын дундаас монгол угсаатныг сурталчлах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулахуйц чухал санал санаачилгыг гаргана хэмээн найдаж байна” гэжээ.

Энэхүү чуулганы онцгой содон үйл явдал нь монголын ард түмний илгээлтийг “Дэлхийн Монголчуудын чуулган”-ы хүндэт Ерөнхийлөгчид гардуулсан явдал байлаа. Хамгийн бага нь 13 настай, хамгийн ахмад нь 55 настай монгол, буриад, тува 20 орчим морьт улаачаас бүрдсэн баг Улаанбаатараас Улаан-Үд хүртэл морин өртөөгөөр энэхүү илгээлтийг залж авчирчээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс, Буриадын ард түмэн, Засгийн газарт 8 ханатай Монгол гэр гардуулах ёслол боллоо. Чуулганы хүрээнд, эрийн гурван наадам, эрдэм шинжилгээний бага хурлууд, Монголын хэл соёлын төвийн нээлт, үзэсгэлэн худалдаа, урлагийн наадам зэрэг олон арга хэмжээ зохиогдож байна хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас дамжууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж