
Шинэ дизайныг урлагынхан, банкирууд болон албаны хүмүүсийн оролцсон комиссоос шалгаруулжээ. Энэ симбол нь доллар, паунд, евро шиг дэлхий даяар хялбархан танигдах болно гэж Энэтхэгийн засгийн газар найдаж байна. Ийнхүү мөнгөн тэмдэгтэндээ симбол шалгаруулсан нь Энэтхэг улс дэлхийн их гүрэн гэж тооцогдохыг хүсэж, санаархаж байгааг илэрхийлж байна гэж сурвалжлагч нар ярьж байна.
Мөнгөн тэмдэгтэнд симбол зохиох уралдааныг өнгөрсөн оны гуравдугаар сард Энэтхэг даяар зарласан бөгөөд дизайнеруудад энэ симбол нь энэтхэгийн соёл, утга агуулсан байх ёстой гэж сануулсан байна. Шалгарсан симбол тэмцээний сүүлийн шатанд үлдсэн таван тэмдэгтийн нэг байсан байна. Өнөөг хүртэл рупийг “R” үсэг, эсвэл “Indian rupee” гэдгийг товчилсон “INR” гэсэн үсгүүдээр товчилдог байсан. Эд нар бол товчлол болохоос симбол биш гэж Энэтхэгийн засгийн газар үздэг юм. Харин шинэ симбол “Энэтхэгийн мөнгөн тэмдэгтийн дүр төрхийг илтгэх болно. Энэ нь Энэтхэгийн рупийг бусад мөнгөн тэмдэгтээс ялгаруулж харагдуулна” гэж мэдээллийн яамны сайд Амбика Сони ярьж байна.
Энэ симболыг компьютерын товчлууруудад таниулж, Энэтхэгийн мөнгөн тэмдэгтэнд хэвлэхэд нэгээс хоёр жил болох болно гэж тооцоолж байна. Байр эзэлсэн симболыг Энэтхэгийн Технологийн Институтийн дизайны багш Д Удаяа Кумар зохиосон бөгөөд симбол зохиосны шагналд 5,350 ам.доллар авах болно. Шинэ симбол хэрэглээнд нэвтрүүлэхэд их хэмжээний зардал гарна гэж тооцоолж байгаа бөгөөд 1999 онд Европын компаниуд еврогийн тэмдэгт таньдаг компьютерын систем хэрэглэдэг болохын тулд 50 тэрбум орчим ам.доллар зарцуулсан гэж зарим судлаачид тооцдог.
Т.Бадрах