“Ардын эрх” сонин: -Долдугаар сарын 1-ний үйл явдлын учир шалтгааныг олох талаар Ерөнхийлөгч ажиллаж байна уу. УИХ энэ талаар хоёр ч ажлын хэсэг гаргаад, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяраас мэдээлэл аваад байна. Ерөнхийлөгчийн төвшинд юу хийж байгаа вэ?
-Долдугаар сарын 1-тэй холбоотой нэг л зүйл байгаа. Барилга байшин сүйдсэн үү, эд хогшил шатсан уу гэвэл тэгсэн. Түүнийг төрөөс ямар нэг хэмжээгээр
зохицуулж хохирлыг арилгасан уу гэвэл арилгасан. Иргэний хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд УИХ авдаг арга хэмжээгээ авсан. Цаана нь хүний амь нас хохирсон хэрэг нээлттэй байгаа. Өнөөдөр Ерөнхийлөгчийн барьж байгаа байр суурь ойлгомжтой. Үүнийг өнөөдөр албан тушаалын гэмт хэрэг юм уу, албан тушаалаа хэтрүүлсэн гэмт хэрэг гэсэн байдалтай шалгаж байгаа. Ерөнхийлөгч үүнийг буруушааж байна. Албан тушаалаа хэтрүүлнэ гэдгийн цаадах ял шийтгэл нэг янз. Хүний амь хохирсон, санаатай, санамсаргүйгээр хүний амь хохироосон гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгээд зүйлчлээд явах юм бол түүний цаадах хор уршиг, ялын хэмжээ өөр. Ямар ч гэсэн хүний амь нас хохирсон. Хүн алагдсан. Монголын төрөөс иргэдээ буудах зөвшөөрөл өгөөгүй гэж байгаа.
Төрөөс зөвшөөрөл өгөөгүй байтал буудаж алсан бол энэ хүн амины хэрэг. Хэрэв ингэсэн бол хүн амины хэрэг гэж үзэж, энэ хэмжээнд нь шалгаж, тогтоож, шийтгэх асуудал бол долдугаар сарын 1-тэй холбоотой Ерөнхийлөгчийн маш хатуу байр суурь.
“Ардын эрх” сонин: -С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэг гараад 12 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Үүнийг Ерөнхийлөгч анхааралдаа байлгаж байгаа байх. Яг юу хийж байгаа вэ?
-Талийгаач С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт энэ олон жилийн хугацаанд Ерөнхийлөгч нар анхаарлаа хандуулсаар ирсэн. Тэгэхдээ “Юу болж байна” гэж хуулийн байгууллагын хүмүүстэй уулздаг, асуудаг. Ажлын явцыг сонирхдог. Ийм хэмжээнд л үнэнийг хэлэхэд анхаарал нь байгаа. Гэхдээ яг энэ хэргээр улс төрийн тоглоом, улс төрийн хожоо хайх алхмууд улс төрийн хүрээнд их явсан. Одоо ч ямар нэг хэмжээгээр тасраагүй байна. С.Зоригийн хэргийн ажлын хэсэг гэхээрээ хаана ч очоод юу ч хийж болдог, дураараа загнаж болдог, хууль тогтоол, хүний эрх зөрчиж явдаг. Ийм үзэгдэл одоог хүртэл тасраагүй байна. Тиймээс үүнийг эргэж харах цаг болсон гэж би хуульч хүний хувьд бодож байна. Аливаа хэрэг илрэх боломжгүй бол нэг бол хаадаг, зогсоодог. Нээлттэй байлгаад, түүнийг хэн нэгийгээ оролдох, эсвэл өөр зорилгод ашиглах ийм байдал сүүлийн 10 гаруй жил тасралтгүй үргэлжиллээ. Түүнийг жирийн иргэн, хүмүүс мэдрэхгүй байна.
ММ агентлаг: – Авлигатай тэмцэх газрын даргыг солихоор Ерөнхийлөгчийн Тамгын газар шахаж байгаа гэдэгт хариу өгнө үү?
-Энэ тухайд дотоод хэрэгт орлоо гэсэн юм ярьдаг. Дотоод хэрэгт орно гэдэг бол тодорхой хэрэг үйлдсэн этгээдийг мөрдөж байгаа процессийн үйл ажиллагаанд оролцохыг хэлдэг болохоос биш аливаа байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, санал хэлэх бол аль ч байгууллагад байдаг асуудал. Энэ бол өөрийнхөө юм уу байгууллагынхаа үйл ажиллагаанд хэнийг ч халдаахгүй гэсэн явцуу, хуулийг өөртөө тааруулж тайлбарлаж байгаа хэрэг болохоос биш АТГ-ын дарга бол бурхан гуай ч ярьж болдоггүй тийм хүн биш. Монгол Улсын Ерөнхийлөгч шаардлага гарвал хэнтэй ч ярих, мэдээлэл авах эрхтэй.
Ийгл телевиз: -Ерөнхийлөгч цаазаар авах ялаас татгалзахаа илэрхийлсэн. Ингэхийн тулд Эрүүгийн хууль, бусад хуулиудад өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан уу?
-Боловсруулж байна. Өнөөдөр Эрүүгийн хуулиар цаазын ял оноодог нэлээд олон хэрэг байна. Тийм хэрэг үйлдсэн цаазын ялтай хүмүүсийн ялыг халсан тохиолдолд ямар шийтгэл оноох вэ, яаж ялгамжтай авч үзэх вэ, эсвэл бүгдийг 30 жилээр яллаад байх уу, үйлдсэн хэргийн нөхцөл байдлаас шалтгаалаад ялын хэмжээ өөр өөр байх уу гээд ялын бодлогын асуудлыг ярьж байна. Саналаа цэгцлээд, Иргэний танхимаар оруулаад УИХ-д өргөн барина.
-Боловсрол дахь авлигын сэдвээр Иргэний танхимд хэлэлцүүлэг болж байна. Авлигыг цэгцлэх талаар юу хийх вэ?
-Боловсрол ч дангаараа биш юм. Авлига төрийн бүх шатанд хавтгайраад байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуулийн үед авлигатай тэмцэхээ тод томруун илэрхийлсэн. Энэ бол Ерөнхийлөгчийн хүчин чармайлт, дэмжлэгтэйгээр Монголын төр хийх ёстой ажил. Улс орны эрх ашгийн асуудал. Авлига гэдэг нь нэгд, хуулийг сахидаггүй, хоёрт, буруутай хүн хариуцлага хүлээдэггүй, гуравт, нийгмийн хөгжил дэвшил хамаагүй, хувийн сонирхол ханаж байвал боллоо гэсэн үзэл бодол яван явсаар улс орны хөгжлийг хойш татдаг, улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг. Үүний эсрэг нийгмээрээ, хувь хүн ч хөдлөх ёстой.
“Ардын эрх” сонин: -Өршөөлийн хуулийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд нийгэмд байдал ямар байна. Нийгэм ямар уур амьсгалаар хүлээж авсан талаар Ерөнхийлөгчид мэдэгдсэн зүйл байна уу?
-Өнгөрсөн хугацаанд шүүмжлэлтэй хандсан зүйл ч нэлээд гарсан. Аз болоход өршөөлөөр суллагдаж гарсан хүмүүсээс дахиж хэрэг үйлдсэн байдлыг судалж үзэхэд урьд урьдынхаас хувь хэмжээгээрээ багассан байна. Ямар ч гэсэн энэ удаа төрийн өршөөл хүртсэн хүмүүс дотор түүнийг умартаж дахиж хэрэг үйлдсэн хүн цөөн байна.
ММ агентлаг: -Үндэсний аюулгүй байдлын бодлогыг өөрчлөх талаар юу хийж байгаа вэ?
-Үүнийг бүхэлд нь өөрчлөнө гэж яриагүй. Энэ төвшинд авч үздэг асуудлууд гэж бий. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг өөрчлөх асуудал ярьж байгаа. Ажлын хэсэг гарсан. Хуучин үзэл баримтлал хэтэрхий өргөн хүрээтэй. Хамаагүй юм гэж байхгүй. Гэтэл аюултай нөхцөл байдал тулгарлаа гэхэд авах арга хэмжээний механизм сул. Бодит аюулгүй байдлын хэмжүүр шалгуурыг гаргах, авч хэрэгжүүлэх арга хэмжээг зөв тусгах хэрэгтэй.
“Өнөөдөр” сонин: -Улсын ерөнхий прокурорыг танай талаас дарамталсан гэх яриа байна?
-Энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ерөнхий прокурор ч бай, төрийн албан тушаалтан ч бай, тодорхой хугацаагаар томилогддог. Ерөнхий прокурор бол зургаан жилийн хугацаатай. Энэ хугацаанд юу ч хийж байсан халж сольж болохгүй гэсэн ойлголт биш. Ингэж туйлширч тайлбарлаж болохгүй. Нөгөө талаас Төрийн албаны хууль гэж бий. Энэ дотор ажлын шаардлага хангахгүй, зөрчил дутагдал гаргасан бол хугацаанаас нь өмнө өөрчилж болох үндэслэлүүд байгаа. Огт болдоггүй юмыг хэн нэгэн оролдож байгаа зүйл байхгүй. Дарамт шахалт огт байхгүй гэдгийг бас хэлье. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч иргэнээ юм уу, хэн нэгэн албан тушаалтныг дарамтлах замаар биш, аль болох ярилцаж, ойлголцож, нөхцөл байдалд харилцан дүгнэлт хийж ажлыг урагш явуулах зарчмаар ажиллаж байна. Урьд урьдын гашуун туршлага бий. Ерөнхийлөгч гарч ирээд гүйцэтгэх засаглалынхаа ажилд оролцох гэж эхэлдэг. Нөгөөх нь зөвшөөрдөггүй. Тэрнээсээ болоод төрийн өндөр албан тушаалтнууд, цаашаа ярих юм бол нам хоорондын том зөрчил үүсдэг. Мэндийн зөрөөгүй болтлоо муудалцаж байсан тохиолдол бий. Энэ сургамжийг Монголын төрд эцэс болгох ёстой гэж үздэг. Тиймээс УИХ, Засгийн газартай Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний институц төрийн бодлогын асуудлаар байнга зөвшиж, ойлголцож үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгэхдээ хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрх байхад “заавал ойлголцож явдаг юм” гэсэн үүднээс, болж бүтэхгүй зүйлд найр тавьж хандахгүй байх. Ерөнхийлөгч прокурор болоод хуулийн байгууллагынхантай цаг үе, ажил төрлийн байдлаар, өөрийнхөө явуулах гэж байгаа үйл ажиллагааны чиглэлээр уулзаж байгаа.
ММ агентлаг: -Шүүхийн шинэтгэлийн хөтөлбөр ямар шатанд яваа вэ?
Д.Д: -Шүүхийн эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд хууль хэрэглэдэг, хуулийг хэрэгжүүлдэг бүх байгууллага хамаарна. Энэ салбарт өргөн хэмжээний шинэчлэлт хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ салбарт шинэчлэлтээ хийсэн, хийх зүйл байхгүй гэдэг хүмүүс бий. Тэгвэл эргээд байдлаа харах хэрэгтэй. Бүх юм болж байгаа бол шинэчлэх гэж оролдоод байх шаардлагагүй. Хуулийн байгууллагад ард түмэн ямар үнэлэлт өгч байна вэ, үйл ажиллагаа нь амьдралд хэр нийцэж байгаа вэ гэдэгт төрийн удирдах дээд байгууллага, улстөрчид хариулт өгөх хэрэгтэй. Өнгөрсөн 20 жилд шинэчлэлт хийсэн нь үнэн, гэхдээ өнөөдрийн өндөрлөгөөс харахад өөрчлөх зүйл олон байна. Шүүх эрх мэдлийн хүрээний шинэчлэлтийн хүрээ, хязгаарыг тогтоосон, хийх ажлаа багцаалсан. Үүнийг ҮАБЗ-д танилцуулах бодолтой байна. Тэндээс гарсан зөвлөмжүүдийг үндэслээд УИХ-д хууль өргөн барих замаар шүүх эрх
мэдлийн шинэтгэлийн ажлыг явуулна. Маргаантай байгаа гэдэг үнэн. Энэ бол том ажил, том том ашиг сонирхолтой зөрчилдөж байгаа. Янз бүрийн ашиг сонирхол, улс төрийн бүлэглэлүүдийн ашиг сонирхолтой ч зөрчилдөж байгаа байх. Төрийн өндөр албан тушаалтнуудаас намаасаа татгалзсан цорын ганц субьект нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Цэвэр улс орны эрх ашгийн үүднээс л үүнд хандаж байгаа.
Д.ОЮУНЦЭЦЭГ
Холбоотой мэдээ