
Технологи Монгол улсын оюуны өмчийн газарт бүртгэгдэн патентаар хамгаалагдсан. Мөн Швейцарь дахь Олон Улсын Патентын байгууллагад бүртгүүлсэн байна. Түүнчлэн Европын патентын байгууллагын харьяа олон улсын хайлтын байгууллага тус технологийг дэлхийн хэмжээнд буй ижил төстэй технологиудтай харьцуулан судалж үзээд цоо шинэ технологи мөн байна, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой гэдгийг баталжээ.
-Монгол газрын хөрсөн доорх баялгаа ашиглаж эхэлж буй энэ үед нүүрсний тээврийн асуудлыг тулгамдсан асуудал болоод байна. Танай компани хямд өртгөөр, байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар нүүрс тээвэрлэх технологи нэвтрүүлсэн гэсэн. Шинэ технологийн талаар ярилцлагаа эхэлье?
-Манай компани химийн инженер, уулын инженер, бусад хамт олныхоо хүчээр энэ технологийг бүтээсэн. Уламжлалт технологиор бол нүүрсийг нунтаглаад устай холиод хоолойгоор дамжуулан тээвэрлэдэг байсан. Энэ нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй.
Бид өөрийн технологио боловсруулахдаа өмнө нь ашиглагдаж байсан ижил төстэй аргуудын дутагдалтай талуудыг арилгахын хамт эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилго агуулсан. Үүний тулд бид нүүрс тээвэрлэгч шингэнийг ус биш өөр хүнд шингэнээр сольсноор нүүрс нь голоор хөвж буй гуалин адил хоолой дотроо хөвж өөрийн урсгалаар тээвэрлэгдэх боломжтой болсон. Ингэснээр эрчим хүчний хэрэглээг эрс багасгах боломж бүрдсэн. Мөн өөрийн урсгалаар тээвэрлэгдэх боломжтой болсноор уруу газар зүгээр л нүүрсэн голыг урсгах замаар тээвэрлэлтийг хийж болно гэсэн үг юм. Мөн манай технологийн бас нэгэн давуу тал буюу технологийн шинэчлэл нь нүүрсийг том ширхэгтэйгээр нь тээвэрлэх боломж. Нүүрсийг нунтаглахгүй тээвэрлэснээр нүүрсний химийн шинж чанарыг хэвээр байлгаж, шатдаг хийнүүдийг алдагдуулахгүйгээр хэрэглэгчид хүргэнэ. Энэ нь хүлэмжийн хийг зэрэг хийнүүдийн алдагдлыг багасгана гэсэн үг. Бас хоолой дотор битүү тээвэрлэж байгаа учраас биет байдлаар ч гэсэн алдагдалгүй тээвэрлэнэ. Задгайгаар тээвэрлэх тохиолдолд нүүрс нь салхины нөлөөгөөр гурав хүртэл хувь нь алдагддаг гэсэн судалгаа байдаг.
-Манайд төмөр замаар нүүрс болон бусад олборлосон ашигт малтмалаа тээвэрлэх тухай ярьж байгаа. Ийм үед танай технологийг тэдний анхааралд хүргэх нь зүйтэй болов уу. Төмөр замын тээврээс юугаараа давуу вэ?
-Хоолойн тээвэр нь тухайн нэг төрлийн ачаанд зориулагддаг онцлогтой. Жишээ нь, нефть болон хийн тээвэр гэх мэт. Манай тохиолдолд ч гэсэн энэ нь мөн л адил зөвхөн нүүрс болон шатдаг ашигт малтмалыг тээвэрлэхэд зориулан боловсруулсан. Гэхдээ нүүрсийг маш их хэмжээгээр олборлож ашигладаг. Ийм тохиолдолд нүүрсийг автотээврээр тээвэрлэх тухай ярих боломжгүй. Харин төмөр зам илүү оновчтой. Төмөр зам бол улс ардын аж ахуйн хэмжээний далайцтай өргөн хүрээтэй, ачааг их хэмжээгээр тээвэрлэх боломжтой тээврийн хэрэгсэл юм. Түүнээс гадна тээвэрлэх ачааны нэр төрлийн хувьд ч төмөр зам маш өргөн хүрээг хамрах боломжтой бөгөөд хүн тээвэрлэхэд ч ашигладаг. Гэхдээ төмөр зам нь барьж байгуулахад өртөг өндөртэйгээс гадна хөрөнгө оруулалтаа нөхөөд ашигтай ажиллахын тулд ядаж л 50 жилээс доошгүйгээр жил бүр 5-10 сая тонн ачаа тээвэрлэх боломж нөхцөлтэй байх хэрэгтэй.
Оюу толгой төслийг авч үзье. Энэ бол маш том төсөл. Одоогийн төсөөллөөр бол жилд 50 сая тонн хүдэр олборлоно гэж байна. Газар дээр нь боловсруулаад баяжмал хэлбэрээр зөөвөл 0.5-1.0 сая тонн ачаа гэсэн үг. Үүнийгээ цэвэр зэс болгож боловсруулах юм бол бүр багасаад 0,2-0,3 сая тонн ачаа болох бөгөөд энэ нь төмөр зам барих хэмжээний ачааны хэмжээ биш. Тэгвэл Таван толгой байна. Гэхдээ зөвхөн Тавантолгойн нүүрсийг зөөх зорилгоор төмөр зам тавих гэж байгаа бол арай боломжийг эрэлхийлээсэй гэмээр байна.
Миний хувьд би өөрийн технологио харьцуулж үзэх боломжуудын нэг болгож төслийн судалгаанд оруулах хүсэлтэй байгаа л даа. Манай технологийн хувьд төмөр замтай харьцуулахад хөрөнгө оруулалт, ашиглалтийн зардал болон тээвэрлэлтийн өртөг багатай байна. Мөн барьж байгуулахад ч богино хугацаанд хийх боломжтой бөгөөд төслийн бүрэн хэмжээний хэрэгжилтийн хугацааг богино хугацаанд эхлүүлэх боломжтой.
Монгол улсын хувьд өнөөдөр хамгийн ойрхон далайд гарах хоёр гарц байна. Нэг нь Тяньжин боомт, нөгөө нь Хойд Солонгосын боомт. Хойд Солонгосоор бид шууд япон тэнгис рүү гарах боломжтой бөгөөд ингэснээр Өмнөд Солонгос, Япон гэсэн асар том хоёр хэрэглэгчид нүүрсээ хамгийн ойр хүргэж өгөх боломжтой. Ер нь бол би манай нүүрсийг хэрэглэгчид нь Япон, Солонгос, Тайвань, Хятад улсууд л байх болно гэж боддог.
-Хоолойн тээврээр нүүрс тээвэрлэх зардал хэд байх вэ. Нүүрснээс өөр уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх боломжтой юу?
-Бид энэ жил ТЭЦ-2-д түшиглэн технологийн туршилтын байгууламжтай болсон. Үүнийгээ энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулаад туршилт хийсэн, амжилттай болсон, хүсвэл Та бүхэн очиж танилцаж боломжтой. Судалгааны үндсэн дээр бид нэг тонн нүүрсийг 100 км-т дунджаар хоёр ам.доллартай тэнцэхүйц өртгөөр тээвэрлэх боломжтой гэдгийг тогтоолоо. Дээр хэлсэнчлэн энэ хоолойн тээвэр нь зөвхөн нүүрсний төрлийн ашигт малтмал тээвэрлэхэд зориулагдсан учраас бусад ашигт малтмалд хамаарахгүй.
-Нүүрс тээвэрлэх хоолойг яаж тавих вэ. Тэнд ажиллах боловсон хүчний тухайд?
Төмөр зам тавихад газрын гадаргын бартаа ихтэй хэсгүүдийг тойрч аль болохоор нэгэн жигд төвшинд баригддаг болохоор шулуун зайнаас 50 хувь орчим илүү урттайгаар нэг км тутамд 1.2 сая ам.доллараар баригддаг.
Хоолойн тээврийн хувьд хоолойг тавих барилгын ажлыг гүйцэтгэхэд газрын гадаргын байдал онцгой саад болохгүй. Ерөнхийдөө шулуун шугамын дагуу аль болохоор бага гажсан байдлаар барих боломжтой. Хамгийн богино замаар нүүрсийг тээвэрлэх боломж олгох бөгөөд ингэснээр барилгын ажилд шаардагдах хөрөнгө оруулалтыг багасгах нөхцөл бүрдэж байгаа юм. Газрын хөрсөн дээр болон далд байрлуулж болно. Нэгэнт өндөр хурдаар буюу өндөр даралтан дор тээвэрлэх зайлшгүй шаардлагагүй болсон учраас бид тээвэрлэлтийн хойлойг хуванцар хоолой ашиглан барина. Хуванцар хоолойг газар доор байрлуулахад 50-100 жил ашиглах боломжтой.
Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан газар доогуур хөндлөн өрөмдлөгийн аргаар суваг ухахгүйгээр ч газар доор байрлуулна. Гол мөрөн гатлахдаа гол мөрний доогуур нь хөндлөн гарах боломжтой.
Хөрөнгө оруулалтын хувьд тээвэрлэлтийн хоолойн нэвтрүүлэх хүчин чадлаас хамааран хоолойн өргөнийг тогтоох бөгөөд хоолойн өргөний хэмжээнээс хамааран хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлно. Гэхдээ жишээ болгоод хэлэхэд жилд 10 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай нэг км тээвэрлэлтийн хоолой барихад ойролцоогоор 500 мянга орчим ам.доллар зарцуулах байх.
Ажиллах хүчний тухай гэвэл хоолойн тээвэр нь харьцангүй автоматжсан систем бөгөөд цөөхөн хүн ажиллаж их хэмжээний ажил гүйцэтгэх боломжтой. УБТЗ-ын хойд талын Сүхбаатар өртөөнөөс урд талын Замын-Үүд өртөө хүртэл 1110 км төмөр замтай. Энэ төмөр замд өнөөдөр 13-14 мянган орчим хүн ажиллаж байна. Харин ийм зайнд хоолойн тээвэр байгуулж ажилуулахад ердөө 50-100 хүн ажиллахад хангалттай.
-Өвлийн улиралд яах вэ, хоолойн тээвэрт нөлөөлөх үү?
-Бид бас Монгол орныхоо байгаль цаг агаарын хатуу ширүүн нөхцөл байдалд тохирсон технологи бий болгохыг зорьсон. Тээвэрлэгч шингэн маань ердийн нөхцөлд -40 хэмийн хүйтэнд хөлдөхгүй бөгөөд хөдөлгөөнд байхдаа -50 – 60 хэмд ч хөлдөхгүй. Иймд бид хоолойгоо газрын гадарга дээгүүр ч байрлуулах боломжтой. Газар доор байрлуулах тохиолдолд заавал хөлдөлтийн бүсээс доор гүнд байрлуулах шаардлага байхгүй. Энэ нь тээвэрлэлтийн хоолойг барьж байгуулах үед барилгын ажилд зардал хэмнэх бас нэгэн давуу тал болох болно.
Аль ч улирал ямар ч нөлөө үзүүлэхгүй. Тээвэрлэлт маань өөрөө хүрээлэн байгаа орчин тойрондоо ямар нэгэн нөлөө байхгүй. Одоогийн байдлаар Тавантолгой Гашуун сухайтын хооронд нүүрсийг автомашинаар тээвэрлэх гэж юу болж байгаа билээ дээ. Үүнийг хоолойн тээврээр тээвэрлэсэн тохиолдолд энэ зайд нүүрс тээвэрлэгдэж байгаа ул мөр ч мэдэгдэхгүй болох болно. Нутгийн оршин суугчид нүүрс олборлож эхлэхээс өмнөх шигээ урдын адилаар амгалан тайван амьдрах болно. Хоолойн тээвэр нь өвөл ч, зун ч тасралтгүйгээр нүүрсээ тээвэрлэсээр байх болно.
-Тэгэхээр ямар хэмжээний нүүрсийг хэдийн хэрийн хугацаанд тээвэрлэх вэ гэдгийг урьдчилж тооцох хэрэгтэй байх нь ээ?
-Төмөр замын хувьд нэгэнт замаа барьсны дараа хүчин чадлыг хөдлөх бүрэлдхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх замаар ихэсгэх боломжтой. Нэг гол замтай төмөр замаар жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой. Илүү өндөр хүчин чадал шаардагдвал хоёр дахь замыг барьж байгуулна. Тээвэрлэлтийн хоолойн хувьд төслийн хэмжээнд тогтоосон нэвтрүүлэх хүчин чадлыг өөрчлөх боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл тээвэрлэлтийн хоолойн өргөний хэмжээгээр нэвтрүүлэх хүчин чадал тогтоогддог учраас үүнийг өөрчлөх боломжгүй. Гэвч хурдыг нэмэгдүүлэх замаар бага хэмжээгээр нэмэгдүүлж болно. Эдийн засгийн хувьд хоолой нь өргөн, хурд бага байх тусмаа үр ашигтай байх боломж нь нэмэгддэг.
Тээвэрлэлтийн хугацааны хувьд, хоолойн тээвэр нь тасралтгүй явагдах тээвэр учраас анхны нүүрс хүргэх газарт хүрснээс хойш цаг тутамд нүүрс тогтмол хүргэгдсээр байх болно. Системд тээвэрлэгдэх хурд үүнд нөлөөлөхгүй бөгөөд ашиглалтад оронгуут эхний нүүрсийг тээвэрлэх эхний хугацаа л үүнд хамаатай байна.
Бид одоогийн байдлаар технологийнхоо үзүүлэлтүүдийн хамгийн тохиромжтой хувилбаруудыг боловсруулж байгаа бөгөөд ирэх сард багтаан энэ ажлыг хийж дуусгах болно. Тэгэхэд бид бодит төсөл хэрэгжүүлэхэд эцэслэн бэлэн болно гэсэн үг юм.
-Хоолойгоор нүүрс тээвэрлэхэд боловсруулах ажил хийгдэх юм байна. Үүнийг тодруулахгүй юу?
-Бид нүүрсийг хөвүүлэн тээвэрлэх технологи боловсруулсан. Тийм болохоор манай системд тээвэрлэгч шингэнд хөвдөггүй нүүрснээс хүнд хаягдал чулуу шороо болон бусад шатдаггүй хольцууд орох ёсгүй. Энэ нь технологийн горим зөрчигдөнө гэсэн үг бөгөөд ийм тохиолдолд систем саатаж зогсоход хүрнэ. Энэ технологийн горимыг мөрдөхийн тулд бид шинээр олборлосон нүүрсийг урдчилан баяжуулах бөгөөд энэ нь хоолойн тээврийн салшгүй хэсэг болно. Нүүрсийг урдчилан баяжуулах нь хүндийн хүчний ялгаварын аргаар хийгдэх бөгөөд хөдөлгөөнт тоног төхөөрөмжөөр нүүрсийг олборлосон газар нь баяжуулах боломжтой, нүүрс угаах болон хөвүүлэн баяжуулах аргаас тоног төхөөрмжийн оврын хувьд бага үчраас харьцангуй давуу талтай. Усны хэрэглээг ч мөн л хязгаарлагдмал байлгах зорилготой.
Нүүрсийг нунтаглалгүй том ширхэгтэйгээр нь хоолойгоор тээвэрлэх шинэ арга нь нүүрсийг олборлосон газар нь хүнд шингэнд баяжуулан шорооноос нь салгаад, хоолойгоор тээвэрлэнэ.
Нүүрсийг хоолойгоор тээвэрлэн хүргэсний дараа мөн тээвэрлэгч шингэнийг буцаан ялган авч системийн эхэнд буцаах ажилбар хийгдэнэ. Энэ нь мөн усны хэрэглээг хязгаарлагдмал байлгаж байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг арилгах зорилготой аж.
Б.БЯМБАА