
-Таны бага нас бусадынхаас арай л өөр өнгөрсөн юм шиг санагддаг?
-Тэр үнэн. Миний бага нас чихрээр элбэг,инээдээр дутуу өнгөрч дээ. Баян айлын өргөмөл ганц охин байлаа. Ижийгээ бэтгэртлээ их санаж байсан. Миний дуугаа хурааж, дотогшоо ярьдаг занг маань бага насны минь сүүдэр дагаж явдаг юм болов уу гэж боддог. Эрт хэрсүүжсэн маань үүнтэй холбоотой байж болох юм. Энэ дэмий юм байна лээ. Тэр өдөр манай гэрийн зүүн урд нэг их тод солонго татчихсан байсан. Би солонго дагаж дандаа гүйдэг байсан мөртлөө тэр өдөр гүйгээгүй. Хэрвээ тэр солонгыг дагаад гүйсэн бол би ээждээ үлдэх байсан байх. Би ингэж боддог байсан. Ээж минь намайг шармаа нүцгэн огт танихгүй хүнд хүргэж өгсөн. Намайг тосч авсан тэр эмэгтэй миний урд өмнө нь хэзээ ч өмсч байгаагүй гоё хувцсаар хувцасласан байсан. Миний хүүхэд насны баяр баясгалан миний ээждээ үлдээсэн хуучин хувцаснуудтай ядуу гэрт л үлдсэн дээ.
-Анх шүлэг бичиж эхэлсэн үеэ сонирхуулаач?
-Миний эгэл бор амьдрал л намайг яруу найраг хэмээх бодрол ухаарлын их ертөнцөд авчирсан. Одоо ч гэсэн сэтгэл зүрхийг минь хөгөлсөөр л байдаг. Миний хамгийн анхны шүлэг шувууны тухай байсан. Би тэр үед гуравдугаар ангид байсан даа. Түүнээс хойш цаг хугацаа өнгөрчээ. Шүлэг ноороглохгүйгээр, үзэг барихгүйгээр өдрийг өнгөрөөж чаддаггүй.
-Шүлэг бичдэг хүмүүс онгод орно гэж ярьдаг. Та ч бас тэдний адил онгодоороо шүлэг бичдэг үү?
-Хүмүүс асгаж, бодож бичдэг гэж янз бүрээр ярьдаг юм билээ. Би нэг их баярлаж байхдаа шүлэг бичиж байснаа санахгүй байна. Их гуниг, харуусал, нулимсны дараа л шүлэг бичдэг. Энэ бүхэн сэтгэлийнх л байдаг. Тийм болохоор онгод гэдгийг хүний сэтгэлийн хязгаар, ухааны цар юм гэж ойлгодог.
-Хамгийн сүүлд ямар шүлэг бичив?
-Ээжийн тухай шүлэг бичсэн. Хүний нутагт ижийгээ санаад… Охиноо тэврээд уйлж байгаад бичсэн. Би ижийгээ санадаг ээж шүү дээ.
Ижилтэй адуу сарниж
Ээжээсээ төөрдөг орчлонд
Сүүдэрнээсээ хүйтэн хүн чулуу болчихоосоо өмнө
Сүүт бурхан ижийдээ л очъё
-Сайхан шүлэг байна. Таны энэ шүлгийг сонсоход их харамсал дундаас бичсэн юм болов уу гэсэн сэтгэгдэл төрлөө?
-Магадгүй ээ. Хүний газар хүн шиг явах хэцүү юм билээ. Яг одоо л ижийдээ охиноо хөтлөөд очъё гэсэн үе зөндөө л гардаг. Хүн жаргалтай үедээ биш, зовсон цагтаа л ижийгээ санадаг. Энэ ганцхан миний биш бусад хүмүүсийн хамгийн том алдаа байх аа. Энэ шүлгээ яг над шиг олон хүн ижийдээ очоосой гэж бодож бичсэн.
-Анхны номоо хэзээ гаргах вэ?
-Хойтон анхны бороо ороход хэн нэгний өмнө миний сүү үнэртсэн, сэтгэл ханхалсан, хайр амтагдсан ном дэлгээтэй байна гэдэгт итгэлтэй байна.
-Таныг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагчийн хатан эх Ш. Дулмаа гуайн гарын шавь гэх юм. Та хоёр чинь нэг нутгийнх юм байна шүү дээ?
-Тийм ээ. Би энэ эрхэм хүний шүлгийг анх дунд сургуулийн номноос олж уншиж байсан. “Хүн ард аа наана чинь хүүхэд тоглож байна”, “Газар шороондоо би хайртай” шүлгүүдийн мөр бадгуудыг одоо ч мартдаггүй. Би багшийгаа үсээ өндөр овоолсон нэг их эрхэмсэг хүнээр төсөөлж байсан. УЗНАДС хэмээх их өргөөний хаалгыг татахад Ш. Дулмаа багш маань анх угтсан. Тэр үед багш маань миний хүүхэд байхын төсөөллөөс нэг их хол зөрөөгүй. Энэ хүн миний багш. Гэхдээ дэргэд нь суухад ээжийнх шиг минь үнэр үнэртдэг нь их л дотно сайхан санагддаг.
-Яруу найрагчдыг сэтгэлийн хүмүүс гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Тийм ээ. Би жинхэнэ яруу найрагчдыг дэргэдээс нь хардаг. Тэднээс би сэтгэл л олж хардаг. Би яруу найрагч байж чадахгүй ч гэсэн сэтгэлийн хүн байя гэж боддог, чаддаг. Миний эргэн тойронд бүх юм өөрчлөгдөж байсан ч би хүн хэвээрээ л байдаг.
-Хамгийн их баярлаж байсан үе тань хэзээ вэ?
-Охиноо төрүүлэхдээ л хачин их баярласан. Миний охинтой хамт амьдралын жинхэнэ үнэ цэнэ, аз жаргал, надад ирсэн. Би тэр “муухай” амьтныг надад ирснээс хойш уйлмааргүй санагдаад байгаа. Хааяа би охиноо хараад энэ надаас гарсан бил үү дээ гэж гайхдаг. Чи хаанаас ирсэн юм бэ гэж асуумаар болдог.
-Тэгвэл хамгийн харуусаж байсан үе?
-Миний амьдралаас амьд хэрнээ нэг хүн яваад өгөхөд…Тэр хүнийг дэргэдээсээ алдсан минь л миний хувь тавилангийн хамгийн том гарз байлаа. Би хааяа хайрлаарай гэж хашгирмаар санагддаг.
-Та одоогоос найман жилийн өмнө улсын “Хүрэл тулга”-д “Буруу энгэртэй дээл” шүлгээр тус наадмын эзэн болж олныг шуугиулж байсан. Тэр шүлгийн тухайд?
-Цаг хугацаа их хурдан юм даа. Нэг л мэдэхэд 25 насан дээр нисээд буучихаж. Би тэр шүлгээр олон ээжийн хайрыг татсан юм шиг байна лээ. Би нэг хүний сэтгэлийг эмтэлж, өөр нэг хүний сэтгэлийг бүтэн болгох гэж тэр шүлгийг бичсэн. Ээж бид хоёрын бие биеэ санасан он цагийн нулимс харууслаар тэр шүлэг өөрөө бүтэн болсон. Амьд юм шүү дээ.
Зүүгээ сүвлээгүй ижий минь учиг зангирсан тавилан
Зүүдэл эсгээгүй дээлнийх нь энгэр зөрсөн заяа…
/Би уйлчих гээд байна/
-Хайрын тухай бодлоо хуваалцаач?
-Хүмүүс хайрыг хамгийн гэгээн аугаа зүйл гэж ярьдаг бас бичдэг юм байна лээ. Би бодохдоо хайр гэдэг бол хүнийг хүн чанарт нь, зүрх сэтгэлд нь ойрхон байлгаж чаддаг. Энэ орчлон дээрх цорын ганц зүйл юм л гэж ойлгодог. Хайр их эмзэг. Эмзгийн хэрээр их үнэтэй. Би энэ орчлонгоос нэг аугаа хайр олсон. Тэр хайрын төлөө үхэж чадах болохоор өнөөдөр амьдарч бас чадаж байна.
-Хүндэлж явдаг зохиолчдын тухайд?
-Би яруу найрагт их хайртай. Ном л олдвол уншдаг. Уншихаас өөр аргагүй. Уншихгүй өнгөрвөл харамсмаар. Уншсаны дараа би ямар гоё юм уншчих ваа гэж дуу алдмаар тийм зохиолууд зөндөө л байдаг шүү дээ. Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа, Л.Өлзийтөгс, Р.Эмүжин, Б.Галсансүх зэрэг олон зохиолчийг хүндэтгэдэг.
-“Болор цом” наадамд шүлгээ сойх уу, энэ наадмын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Энэ наадам босго өндөртэй. Энэ хэвээрээ байгаасай гэж хүсдэг. Яруу найрагчдыг уншигч олонтой уулзуулдаг ганц наадам. Цаашид энэ наадмын чанар чансаа, улам өсөн дэвжээсэй гэж боддог. Ард түмний хүсэн хүлээдэг наадмуудын нэг бол яах аргагүй “Болор цом”. “Болор цом”-ын тайзан дээрээс яая даа гэмээр сайхан мөр бадаг байтугай шүлэг сонсогдож л байдаг. Энэ утгаараа үгүйсгэж болохгүй ээ. Цаашид энэ наадамд шүлгээ сойх бодол бий.
-Сүүлийн хэдэн хормыг танд үлдээе?
-Алдарт яруу найрагч О.Дашбалбар гуайн “Хүмүүс ээ амьддаа бие биенээ хайрла” энэ сайхан үгээр бие биенээ хүндлэх, бие биенээ ойлгох, бие биенээ хайрлах сэтгэлийн гүүрийг урлаж амьдарцгаая гэж л хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Б.АНХЦЭЦЭГ