
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүч сорьсон ОУХМ О.Насанбурмаа мөнгөн медаль хүртсэн бол 51 кг-д зодоглосон Монгол улсын гавьяат тамирчин Ц.Энхжаргал хүрэл медадлийн эзэн болсон юм.
О.Насанбурмаагийн тухайд эхний тойрогт хийлж, улмаар Испани болон Америкийн бөхийг дараалан ялж, финалд шалгарсан боловч аваргын төлөөх барилдаанд Польшийн бөх Моника Эва Мичаликт 3:1 оноогоор ялагдаж, мөнгөн медаль хүртсэн байна. Харин Ц.Энхжаргал мөн эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт ОХУ-ын тамирчин Замира Рахмановад ялагдсан боловч дагах барилдаанд зодоглож, Молдавын Наталия Будуг 9:3 харьцаатай илт давуу ялалт байгуулж, хүрэл медалийн эзэн болжээ.

Алтан гран-при тэмцээнд зодоглосон манай бусад тамирчдын тухайд 67 кг-д өрсөлдсөн Б.Одончимэг эхний барилдаандаа ялагдсан бол 72 кг-ын жинд О.Бурмаа шагналт байрт шалгарсан байна.
Харин эрэгтэйчүүдээс ганцаараа Бакуг зорьсон гавьяат тамирчин Б.Наранбаатар харамсалтай нь медалийн тавцанд гарч чадсангүй. Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч сорьсон манай тамирчин эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойргийн барилдаандаа тэмцээнийг зохион байгуулагч орны бөх Азар Пашаевыг төвөггүй ялж, улмаар дараагийн барилдаандаа Бээжингийн олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгө, Европын аваргын мөнгө, хүрэл медальт Болгарын шилдэг бөх Радослав Великовт 4:1 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна.
С.Цэлмэг