
-Яг таньтай ярилцлага хийх хүсэлт тавиад уулзахад хурмаст тэнгэр хураа хайрласан нь билэгшээлтэй санагдлаа. Танд ч гэсэн ярих зүйл их байгаа байх он удаан жилд хэвлэлд ярилцлага өгсөнгүй?
-Бороо орох сайхан. Энэ жил нар хур тэгширсэн сайхан зун болж байна даа. Өвөлдөө зутруу орсон малчид маань нуруу нь тэнийж байгаа. Би их хөдөө сэтгэхүйтэй, хөгшин хүн шиг юм бодож явдаг. Суурин газрын бид яахав дээ. Дөрвөн цагийн эргэлтэнд тэнгэрийн араншинд захирагдаж зүтгэдэг хөдөөх түмэн маань зуд турхан, ган гачиггүй бол хичнээн сайхан. Угаасаа бид чинь тэнгэр, газартаа ойрхон ард түмэн.
-Анх утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуульд ороод таны “Дүүмэдхэн” шүлгээр амьсгалж, сэтгэлээ тэжээж ирсэн. Нууц биш бол тэр шүлгийн эзэн хэн бэ?
-Шүлэг найрагт дурласан олон олон төгсөгч миний оюутан ахуй цагийн гэгээн хайрын мөрүүдийг цээжээр уншихад үнэхээр баярладаг. “Дүүмэдхэнд”, “Эрхэмсэг залууд дуулгах шүлэг” хоёр бараг миний нэрийн хуудас болсон байсан. Энэ шүлгийн эзэн хэн бэ гэж их олон хүн асууж байсан. Би хэлдэггүй юм.Нууц үлдэг. Ер нь манай сургууль, манай ангийхан сайхан шүү.Газар газрын хурдан хүлгүүд гэдэг шиг нутаг нутгийн цул авьяасууд цугласан номын их өргөө байсан. Шүлэг найргаар өвчилсөн шуугиант он жилүүдээ дурсах гоё байдаг юм. Ангийхан маань одоо бүгд нийгэмд байр сууриа эзэлсэн нэртэй сэтгүүлчид, авьяаслаг найрагчид, алдартай зохиолчид болжээ.
-Сар таны гуниг зовлонг яаж хуваалцдаг вэ?
-Сар миний гунигийг, нар миний баярыг хуваалцдаг юм. Амьдралд гутарч гуних үе зөндөө л таарна._ Тийм үед сартай ханьсаад хамаг зовлонгоо түүнд тоочоод дотроо онгойлгочихдог. Ээжээсээ хойш эрхэс тэнгэртэй сэтгэлээ холбох нь бүр ч ихдсэн байх.
-Яагаад өөрийнхөө амьдралыг сархадтай зүйрлэсэн гэж. Гуниг баяр хоёрын аль нь илүү мэдрэмж дагуулдаг вэ?
-Ууж байгаатай адил хөөрдөг, уугаад шартсаны адил гунидаг тийм сэтгэлтэй хүний амьдрал унаатай, босоотой гэдэг утгаар л…. Баярлах мэдээж сайхан байлгүй яахав.Гэхдээ гуниг надад илүү мэдрэмж төрүүлдэг. Алдаагаа хүртэл дахиж давтахгүйн төлөө анзаарах тэнхээтэй болгодог юм.
-Зарим хүмүүс шүлгийг онгодоор бичлээ, гутарч бичлээ зарим нь бүр халгиж, цалгиж бичдэг гэдэг. Таны хувьд?
-Бичихээсээ илүү бодоод л явдаг. Онгод энэ тэр гэхээсээ илүү өөрийн дуртай нам гүм орчин бүрдэхэд л бичиж чаддаг. Би хүний хажууд ерөөсөө шүлэг бичиж чаддаггүй.
-С.Жавхлангийн “Хүлээлээ чамайг хүлээлээ би" гэж дуулдаг шиг таны номыг их удаан хүлээлээ. “Үр хөврөл” нь ямар шатандаа явж байна вэ?
-Миний номыг хүлээдэг хүн байна гэсэн чинь сайхан санагдлаа. Ном гаргах хэмжээнд ухаарч, бичиж чадаагүй учраас өөрийгөө голоод өдий хүрсэн. Харин энэ намар хэдэн шүлгээ баринтаглах том санаатай л явна. Бас шүлгийн цомог ч хэвлүүлэх зорилго тавьсан.
-Зарим хүмүүс хэн нэгэн хүнийг оролцсон тэмцээн, гавьяа шагналаар нь үнэлэх дургүй байдаг. Түүний эсрэг цол дагаж бяр гэдэг үг ч байдаг?
-Их том гавьяа шагналаас илүүтэй жижигхэн сэтгэлийн дэм ялангуяа уран бүтээлч хүнд их хамаатай санагддаг. Энэ эх болсон газар дэлхийнхээ хэвлийг ухаж эрдэнэс, баялагийг нь хайр найргүй зөөж байгаад гомдож бухимдаад “Дуудлага” гэж шүлэг бичсэн байсан юм. Тэгсэн өнгөрсөн зургадугаар сард Английн Лондон хотод сурч ажилладаг Монголчууд “Гадаадад байгаа Монголчуудын анхдугаар их хуралдай” хуралдуулах гэж байгааг дуулаад тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлээд нөгөө шүлгээ явуулсан чинь харин миний шүлгийг “Хуралдайнхаа уриа болгож болох уу?” гэсэн хариу ирсэн. Мэдээж би их баярласан. Тэр хуралдайнд нийт 10 гаруй орны 100 гаруй монголчууд биечлэн болон онлайнаар оролцож санаа бодлоо солилцож нэгдсэн. Миний хувьд Монголын эрдэмтэй, чадалтай, оюунлаг залуус нэгдэж сурсан мэдсэнээ эх орныхоо төлөө зориулж хэлж, хийж, нэгдэх цаг болсон гэж үздэг учраас их дэмжсэн.
-Та ч гэсэн багагүй хугацаанд Япон оронд байсан санагдана. Хүний нутгаас эх орноо санах арай илүү юм бодогдуулдаг байх?
-Тийм ээ. 2001 онд анх очиж байсан. Хоёр жил гаруй амьдарсан. Анх очиход бүх л зүйл нь гоё санагдаад л манай Монгол хэзээ ийм болох бол гэж боддог байлаа. Хол байхаар илүү нарийн юм олж хардаг, ухаан суудаг санагдсан. Биеэ аваад явчих наад захын соёлоос эхлээд хэл ус гээд сурч мэдсэн юм их бий. Мөн Сан-франциско, Бээжин, Хонг-Конг гээд бусад улс хотоор ч аялж явахад өрөөлийн сайхныг шүтэн бишрэхээс илүү өөрсдийн сайн сайхан зүйлээ олж харах, өвлөж авч явах л хамгийн чухал юм гэдгийг ойлгосон. Монгол ухаан, үүх түүх, бичиг соёл Монгол түмэн өөрсдөө өндөр хөгжил юм байна гэж боддог болсон.
-Таны төрсөн нутаг хутагтуудын өлгий гэдгээрээ алдартай. Бас анхны Ерөнхийлөгч төрөн гарсан гээд л. Ер нь Завхан нутаг яруу найргийн, номын мэргэдийн онгод хийморьтой газар орон шүү?
-Хангай нурууны ноён оргил мөнх цаст Отгонтэнгэрээрээ овоглож, ханьцашгүй дээд шид бүтээлийн эзэд хутагт хувилгаадынхаа адис жанлавтай нутагт төрсөнөө би өндөр их хувь заяа гэж сүсгэлдэг.
Халхын тамгатай 13 хутагтын ес нь манай нутгаас төрсөн байдаг. Богд Очирваань төр түмнийг нь ивээж явдаг гээд яриад дуусахгүй сайхан зүйл их бий. Түдэвтэйн маань Дилав, Жалханз хутагтууд маань шашин номын ариун үйлсээс гадна Монгол Улсын тусгаар тогтнолд үлэмж их гавьяатай түүхэн хүмүүс. Тийм учраас би
…..Үндэс бүхэн нь тарнийн шившлэгтэй өвс ногоо
Уруудахын учиргүйг тайлж өгсөж ургадаг
Үзүүр нь тэнгэрийн зарлигтай өндөр уулс
Буруудахын учиргүйг нууж завилж оршдог… гэж нутгийнхаа
тухай бичсэн. Сүслэхгүй байхын аргагүй нутагт төрсөн хүмүүс шүлэг бичихгүй байхын аргагүй санагддаг.
-Та ингэхэд нутаг усандаа их ойр байх нь ээ. Хэзээ хамгийн сүүлд нутагтаа очив?
-Газар хол ч сэтгэл ойр байх хамгийн чухал байх. Миний хувьд өглөө бүр Ойгон нуур, Цоргын гол, Сант толгойгоо бодож Нөмрөг Хөдрөгийн нурууд Гозгор, Барчигар уулсаа санаж цайны дээжээ өргөдөг. Харин зорьж очих нь тоотойхон доо. 2000 оны Отгонтэнгэрийн тахилгаар ээжтэйгээ хамаатнуудтайгаа нээх сайхан тойрч яваад ирсэнээс хойш өнгөрсөн жил л очоод ирсэн.
-Монгол хүн бүр сүсэг бишрэлийн дээд оргил юм гэж ойлгодог.Тэр ч утгаараа аливаа нэг хүнээс энерги олж мэдэрдэг. Та миний сэтгэлд их ойр хайрламаар тийм нэг мэдрэмж төрүүллээ?
-Баярлалаа. Хүнд сайхан сэтгэл үлдээх нь сайн хэрэг. Монгол түмэн минь угаасаа санаа сайн бол заяа сайн гэдэг шүү дээ.
-Таны нэг дуунд … Халгиа цалгиа сэтгэлийн хойморт
Жаргаж мандсан наран билээ чи… гэдэг сэтгэлийн хоймортоо хэнийг залсан бол?
-Энэ амьдралын минь жаргал зовлонг хуваалцаж, ижий аав бололцсон ханиадаа зориулж бичсэн юм.
Ярилцсанд баярлалаа.
Б.Анхцэцэг