Хүүхдийн мөнгийг шийдсэн

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгийг шийдсэн

Хүүхдийн мөнгийг шийдсэн
УИХ-ын хаврын чуулганыг өндөрлүүлсэнтэй холбогдуулж, Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын бүлгийн дарга хуралдааны эхэнд “Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 20 жилийн хугацаанд олонх, цөөнхийн бүлгийн дарга нар хамтдаа хурал зарлан, ажлаа тайлагнасан тохиолдол өнгөрсөн хугацаанд гараагүй бөгөөд өнөөдрийнх анхных болж байна” хэмээн тодотгосон юм. Мөн тэрбээр хаврын чуулганаар шийдвэрлэсэн асуудлууд нь цаг хугацаанд улам тодрох чухал шийдэл байсан гэлээ. Харин МАХН-ын бүлгийн дарга “УИХ-ын хаврын чуулган маш их ачаалалтай ажиллаж, 130 орчим асуудлыг шийдвэрлэсэн байна. Эдгээр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд хоёр намын бүлгийн санал нийлэхгүйгээс зарим үед амаргүй байсан. Бүлгүүд завсарлага авч байсан хэдий ч ажлын хэсэг байгуулан, улмаар нэгдсэн ойлголцолд хүрч, асуудлыг шийдвэрлэж ирсэн” гэлээ.

Үүний дараа бүлгийн дарга нар сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Хүүхдийн мөнгөний асуудлыг шийдвэрлэсэн цагт төсвийн тодотголыг хэлэлцэнэ гэж Ардчилсан намын бүлэг завсарлага авч байсан ч, асуудлаа шийдвэрлүүлж чадалгүй, УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулчихлаа. Цаашид яах вэ?  

Ч.Сайханбилэг:-Хүүхдийн мөнгөний асуудлыг бид шийдсэн үү, шийдсэн. Хүүхдээр дамжуулж айл бүрт ирэх наймдугаар сараас эхэлж 10 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Шинэ он гаруут сар тутамд 20 мянган төгрөг олгоё гэдэг шийдвэрийг гаргасан.  Тиймээс УИХ хүүхдийн мөнгөний асуудлыг шийдвэрлэлгүй завсарлачихлаа гэдэг дүгнэлтийг хүлээж авмааргүй байна. Хууль эрх зүйн хувьд энэ мөнгө айл өрхөд Хүний хөгжлийн сангаар дамжиж орж ирж байна уу, төсвийн нэгдсэн тогооноос орж ирсэн үү гэдэг сонин биш. Энэ мөнгө тухайн өрхийн орлогод нь нэмэр болох нь чухал. Харин цаашид Ардчилсан намын бүлэг Хүний хөгжил сангаас иргэн бүрт 1.5 сая төгрөг олгогдоод дуусахад хүүхдийн 20 мянган төгрөг үргэлжлээд олгогдох ёстой гэсэн шийдвэрээ УИХ дээр хэлбэржүүлэхийн төлөө үргэлжлүүлж ажиллана.

Д.Лүндээжанцан: Сайханбилэг дарга бид хоёр яг ижил саналтай байна.  Ер нь яваандаа хүүхэд, хөгшид хоёр нийгмийн халамжийн хэсэгт тунараад хоцорно. Тэр үед харин энэ мөнгийг хэрхэн өгөх вэ гэдэг дээр цаг хугацааны хүчин зүйл байгаа болохоос биш, зарчмын зөрүү байхгүй. Одоогийн хуулиар аав, ээж, хүүхэд бүгд энэ мөнгийг авна.  Таван ам бүлтэй айл байлаа гэж тооцоход сард 50 мянган төгрөг авна. Эдийн засгийн халалт, инфляци гээд олон хүчин зүйлийг тал талаас нь бодож, ярилцсаны эцэст сар тутамд олгоод явах нь зүйтэй гэж үзсэн.

-Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчааг албан тушаалаас нь түдгэлзүүлэлгүйгээр УИХ аваад гарлаа. Энэ өдрөөс эхлээд төрийн өндөр албан тушаалтан хэн ч байсан хариуцлага хүлээхгүй нь гэж ойлголоо. Цаашид ийм байдлаар та бүхэн ажиллах хэрэг үү. Хуульд заасан 14 хоногийн хугацаа өнгөрлөө?

– Д.Лүндээжанцан:-Хууль зүйн байнгын хороогоор энэ асуудлыг гурван удаа авч хэлэлцсэн. Аль нэг тийш нь шийдчихэд гишүүдийн итгэл үнэмшил нэгдэж хараахан чадаагүй. Эрүүгийн хэрэг үүсгэхэд зургаан үндэслэл байдаг. Тэр нь бүрэн дүүрэн гарч ирэхгүй байгаа юм. Гэхдээ асуудал нээлттэй, зарим зүйл нь тодроод гараад ирэхээр аль нэг тийш нь шийдээд явна. Хаалттай хуралдаан учраас Хууль зүйн байнгын хорооны дарга хариултаа өгнө.

Мэдээж УИХ шийдвэрлэх ёстой байгууллага мөн үү мөн. Гэхдээ шийдвэрийг баримт нотолгоо, үндэслэл сайтай гаргахгүй бол болохгүй. Аль нэг тийш нь шийдвэрлэчихэд амархан, эсвэл түдгэлзүүлнэ, эсвэл үлдээнэ ч гэх юм уу. МАХН-ын бүлгийн хувьд нэгийг нь хамгаалаад ч юм уу, эсвэл нөгөөг нь хэлмэгдүүлэх гээд ч байгаа юм уу, аль эсвэл бүр цээжээрээ хамгаалж, хаацайлах байр суурь гаргахгүй гэдэг байр суурьтай байгаа. Тийм учраас юм хуулиараа үнэн зөвөө олоод яваг, тодрог.

Хууль зүйн байнгын хороо ч процессоо эхэлчихсэн. Асуудал тодрог, үүний дараа шийдвэрлэнэ. Шийдвэрлэхгүй орхино гэж байхгүй.

-Ч.Сайханбилэг:-Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд хуульд заасан 14 хоногийн хугацаанд Улсын ерөнхий прокуророос тавьсан эл асуудлыг нэг тийш гаргаж шийдэх ёстой гэдгээ Хууль зүйн байнгын хороон дээр хатуу илэрхийлсэн. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хаалттай явсан учраас байнгын хорооны дарга энэ чиглэлээр нарийн мэдээлэл өгөх байх. Гэхдээ хаалттай хуралдаанд бүлгийн гишүүд ямар байр суурь баримтлаад байгааг дээр хэлснээс илүүтэйгээр давж ярих нь ёс зүйгүй. Хувь гишүүнийхээ хувьд би нэг зүйл дээр санаа маш их зовж байгаа. Авлигатай тэмцэх газрын дарга нарын асуудлыг шийдэхгүй байлаа гэж бодъё, гэтэл УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд 2012 он хүртэл аль нэг УИХ-ын гишүүний авлигатай холбоотой асуудал парламентад оруулж ирлээ гэхэд энэ дарга дээр итгэлцэл хэр явах вэ гэдэг асуудал үүснэ. Нөгөө талдаа энэ байгууллагын дарга прокуророос зөвшөөрөл авалгүйгээр өөрийнхөө дотор ажилтнуудаа тагнаж, чагначихаж… Хамт олон дээр итгэлцэл байхгүйгээр энэ байгууллагын ажил цаашаа яаж явах вэ гэдэг асуудал бас гарч ирж байгаа. Авлигатай тэмцэх газар бол зүгээр нэг агентлаг биш, хүчний байгууллага. Тэгэхэд тус байгууллагад ийм асуудал үүсчихсэн учраас цаашдаа яаж явах вэ гэдэг маш том асуудал. Тийм учраас энэ асуудлыг УИХ нэг тийш нь гаргаж шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай.

-Хаврын чуулганаар Сонгуулийн хуулийг баталж чадаагүй. Үүнийг юу гэж тайлбарлах вэ?

Д.Лүндээжанцан:-Ямар ч байсан сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, хөдөлгөөнд оруулъя гэж үзсэн.  Монгол Улс нэг тойрог, намууд 76 гишүүнээ нэр дэвшүүлээд нийтээрээ шууд сонгож байя гэж үзсэн. Гэхдээ бид пропорцианаль зарчмыг удирдлага болгосон төслийг өргөн барьсан. Дээр нь бас тодорхой тойрогтой, тойргийн тоог УИХ тогтоохоор төсөл өргөн мэдүүлсэн. Аль алиныг нь УИХ-аар хэлэлцэхээр болсон. Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулсан. Бүлгүүд дээр бас ажлын хэсэг байгуулсан. МАХН-ын бүлгийн хувьд 26:50, 50:26 ч гэсэн болно. 26-г нь том мажоратиорор. 50 нь пропорцианалиар байя гэж. Гэхдээ УИХ-ын гишүүнийг шууд сонгох зарчмаар үндэслэж сонгоё гэж…

Ардчилсан намын бүлгийн хувьд 26:50 гэдэг тоон дээрээ тохироод, зөрүү ойрхон үлдсэн. Энэ хаврын чуулганаар эцэслэн оруулж ирэхэд хараахан цаг хугацааны боломж болсонгүй. Цаашид бас яриа хэлцэл үргэлжлэх ёстой. Ер нь их дөхөж байгаа гэж ойлгож болно.

Ч.Сайханбилэг:-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн Сонгуулийн тухай хууль нь улс орныгоо нэг том тойрог болгоод пропорцианаль тогтолцооны элемент оруулаад сонгуулийн тогтолцоогоо өөрчилье гэсэн. Гэтэл нөгөө талд шүүмжлэл гарсан. Гишүүд тойргоо сонсдоггүй, тойрогтойгоо холбоо байхгүй, нэг том бодлого ярьсан олон гишүүн гарах гээд байна гэж… Тийм учраас орон нутгийн төлөөлөл хангасан төлөөлөл бий болгох нь зүйтэй гэж ажлын хэсгийн төвшинд үзэж, 76  гишүүний 26 нь тойрогтойгоо холбоотой байхаар бодолцсон. Нэг үгээр хэлбэл, тухайн аймаг, дүүрэг УИХ-д дор хаяж нэг төлөөлөл заавал байна гэдэг үндсэн дээр 50:26 гэсэн зүйлийг гаргаж ирсэн. Түүнээс пропорцианаль тогтолцоо руугаа шилжүүлье гэж байснаа холимог руу орчихсон юм биш. Харин үлдсэн 50 гишүүнээ яаж сонгох вэ гэдэг дээр ажлын хэсгийн төвшинд зөрөлдөөн бий. Нэг хэсэг нь хүнээ шууд дугуйлъя. Нөгөө хэсэг нь нэгэнт гишүүнээр дамжиж намын төлөөлөл орж ирэх нь буруу. Хүн нам хоёрыгоо хамт сонгох бололцоог нь олгоё гэдэг ажил хэргийн маргаанууд бий. УИХ бүрэн эрхийнхээ тал замыг туулчихлаа, тийм учраас намрын чуулганаар хэлэлцчихэд энэ асуудал хоцрох нь гайгүй болов уу. Ажлын гүйцэтгэл 30 хувь дутуу байгаагийн хамгийн гол асуудал нь Сонгуулийн хууль. Намрын чуулган эхлүүт Сонгуулийн хуулиа барьж аваад нэг тийш н гаргачихна байх. Харин ирэх найм, есдүгээр сард ажлын хэсгийнхний хувд Үндсэн хуулийн цэцтэйгээ ойлголцох,  Үндсэн хуульдаа Сонгуулийн хуулиа яаж зохицуулах вэ гээд маш олон асуудлыг шийдвэрлэх шаардлага байгаа учраас хоёр намын бүлэг үргэлжлүүлэн ажиллана.

Г.Дарь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж