
Гэхдээ энэ нь багтаа илүүтэй тус болох үүднээс гаргасан шийдвэр байлаа.
“Майами Хит” хэмээх аюултай баг ирэх улиралд шинээр мэндэлж буй энэ үед 21 сая ам.долларын нэг жилийн гэрээнээс татгалзаж дөрвөн жилийн 61 сая ам.долларын гэрээг хүлээн авснаар “Бостон Селтикс” багаа сайжруулахад боломжийн цалингийн зай үүсч байгаа юм.
Нэг ёсондоо ирэх улиралд 8-9 сая ам.долларын цалингийн боломжийг Пийрс багтаа гаргаж өглөө.
Би хэзээ ч “Селтикс”-ийг орхих талаар бодож байгаагүй, би зөвхөн багаа илүү сайжруулахыг л хүссэн. Мэдээж бид энэ бүрэлдэхүүнээр аварга авч чадаагүй, түүнээс гадна би “Селтик”-т байсаар зодог тайлахыг хүсдэг гэж Пийрс гэрээнийхээ талаар хийсэн танилцуулгын үеэр хэлжээ.
“Лос Анжелес Лейкерс”-т цуврал долоо дахь тоглолтод ялагдсаныхаа дараа Бостон мэргэн бууч 35 настай Рэй Аллентэй хоёр жилийн 20 сая ам.долларын гэрээг хийсэн бол чөлөөт агент Жермайн О’Нилийг хоёр жилийн гэрээгээр багтаа авчирсан юм.
Ингэснээр “Бостон Селтикс” одоо байгаа багууд дундаас хамгийн ахмадад зүй ёсоор тооцогдож байгаа ч плей-оффт тэдэнтэй таарахыг хэн ч хүсэхгүй.
Мэдээж “Майами Хит”тэй плей-оффт таарахад тэд илүү гарахыг хүсч байгаа Түүнчлэн “Нью Йорк Никс” Амаре Стадмайр дээр Кармело Антони, Крис Пол нарыг авчрах тал дээр тодорхой зүйл хийж байгаа учраас өрнөд биш дорнод бүст ирэх жил гол өрсөлдөөн явагдах нь тодорхой болж байгаа юм.
Тэгэхээр Бостон өөрсдийн багаа илүү сайжруулах ёстой. Тийм ч учраас 31 настай Жермайн О’Нилийг авчирч, хоёрдугаар сар хүртэл эмчийн чөлөөг авсан Перкинсийг орлуулахаар шийдсэн. Жермайн энэ багт хэр тоглох нь Рондогийн дамжуулалтуудаас ихээхэн шалтгаална.
Пийрс ийнхүү ирэх дөрвөн жилд Бостоны өмсгөлийг өмсөх болсноор алдарт Жон Хавличекийн 16 жил тус багт хүчин зүтгэсэн амжилттай зэрэгцэн очиж байна. Гэвч энэ нь Хавличекийн онооны дээд амжилтыг эвдэнэ гэсэн үг биш юм. Хавличек нийтдээ 26,395 оноог авсан бол Пийрс одоогоор 19,899 оноотой явж байна. Мөн түүний нэг улиралд авдаг оноо дунджаар 1658 байгаа ч ирэх жилүүдэд буурах нь ойлгомжтой биз ээ.