Бафана Бафана шинэ “эцэг”-тэй болжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Бафана Бафана шинэ “эцэг”-тэй болжээ

Эх орондоо зохион байгуулсан дэлхийн аваргад тун тааруу амжилт гаргаж хэсгээсээ ч шалгарч чадаагүй Өмнөд Африкийн шигшээ баг ерөнхий дасгалжуулагч  Карлос Альберто Паррейраг ажлаас нь чөлөөллөө. Харин түүний оронд туслах дасгалжуулагч Питсо Мосимейнийг томилсон байна. Уг нь Өмнөд Африкийн хөлбөмбөгийн холбоо Паррейратай дөрвөн жилийн хугацаатай гэрээ байгуулсан боловч дэлхийн аваргын түүхэнд байгаагүй муу амжилт гаргасан болохоор хамтран ажиллах гэрээгээ цуцалжээ.
Шинэ дасгалжуулагч Питсо Мосимейний тухайд өдгөө 45 настай, Өмнөд Африкийн уугуул иргэн ажээ. 1993-1994 онд шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан дөрвөн тоглолтод оролцож, нэг гоол оруулсан байдаг. Харин 2006 оноос эхлэн туслах дасгалжуулагчаар ажиллаж эхэлжээ. Ерөнхий дасгалжуулагчийн хүндтэй суудалд заларсан түүний ажлын гараа 2012 оны Африкийн цомын тэмцээний урьдчилсан тоглолтоор эхлэх юм.
Тэрбээр “Ерөнхий дасгалжуулагч болсноор надад эрх мэдэл, давуу тал мэдрэгдэж байна. Миний мөрөөдөл бол 2014 оны дэлхийн аваргад шигшээ багаа өндөр амжилттай оролцуулах. Мэдээж хэрэг зарим тохиолдолд би алдаа гаргахгүй гэхийн баталгаагүй. Гэсэн ч би хувьдаа итгэлтэй байна. Гаргасан алдаанаасаа суралцаж ихийг хийнэ. Бас Паррейрад талархаж явдгаа илэрхийлэх нь зүйтэй. Түүнээс би маш их зүйл суралцсан” хэмээн  Йоханнесбургт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж