Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Пол – Пауль – Паоло

ӨАБНУ-д болсон хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн шинэ аваргаас гадна вувузела бүрээ, Пауль нэртэй үзмэрч наймаалжийг “төрүүллээ”. Тэмцээн үргэлжилсэн нэг сарын дотор Германы Оберхаузен хотын далайн музейн толгой хөлт нялцгай биетэн сонин хэвлэлийн хамгийн алдартай баатруудын нэг болоод зогсохгүй хөлбөмбөг үл сонирхогчдыг хүртэл өөрийн амгалан, тогтуун төрхөөрөө байлдан дагуулав.
Пауль наймаалж Английн Дорсет хотын далайн амьтны хүрээлэнд 2008 онд төрсөн гэнэ. Шинээр мэндэлсэн нялцгай биетэд Немцийн зохиолч Бой Лорнсены “Der Tintenfisch Paul Oktopus” гэх шүлгийн баатрын нэрийг өгчээ. Паулийн “сурган хүмүүжүүлэгчийн” хэлснээр най­маалжхан амьдралынхаа эхний мөчөөс л уян ухаан, уран сэтгэмжээ харуулж эхэлсэн гэнэ. Үүнээс гадна тэр амьтан их нийтэч, анхаарлын төвд байхыг эрмэлздэг зантай аж. Үзэгчид ирэхэд тэрээр аквариумынхаа хананд өөрөө ирэн бусдад өөрийгөө харуулдаг байна.
Германд авчирсных нь дараа түүний үзмэрчийн карьер эхэлсэн гэдэг. Швейцари, Австрид 2008 оны Европын аваргын хөлбөмбөгийн тэмцээний үеэр зөвхөн Германы шигшээ багийн тоглолтыг түүнээр мэргэлүүлсэн аж. Хамгийн анхны таавар нь яг таарч Герман польшуудыг хожжээ.
Харин дараагийн таавар нь алдсан байлаа. Пауль Германы хайрцагнаас хоолоо сонгосон байв. Гэтэл Хорва­тын баг 2:1 харьцаатайгаар Германыг буулгаж авснаар Паулийн зөнчийн нэр хүндийг бууруулахад хүргэсэн байна. Гэхдээ л Паулиар мэргэлүүлэх нь зогсоогүй. Гэсэн ч түүнд саяхныг болтол дэлхийн хэмжээний алдар нэр ирээгүй л байв. Евро-2008 дууссаны дараа залуу наймаалж Оберхаузеныхаа аквариумд толгой хөлтнийхөө амьдралаар амьдарсаар л байв.
Хоёр жилийн дараа түүнийг өсөөд ирэх цагт Германы шигшээ багийн ирээдүйг мэргэлүүлэхээр болов. Энэ удаа Өмнөд Африкт хөлбөмбөгчид ирээдүйгээ мэргэлүүлэхээр шийдлээ.
Дэлхийн аваргын тэмцээний үеэр Паулийг ер бусын алдартай, жинхэнэ шоу болгож чадсан юм. Үзмэрчийн аква­риумыг хөлбөмбөгтэй, жинхэнэ тааварчийн байр бол­гон хувиргасан байлаа. Тэр танхимд түүнд хоёр тунгалаг савтай хоолыг нь оруулан өгч байв. Саванд нь Германы болон түүний өрсөлдөгчийн тугны зургийг наасан байжээ. Пауль ирээдүйн ялагчийн тугтай савнаас нэг ч удаа алдалгүйгээр хоолоо сонгож байв. Хамгийн анхны мэргээр тэр германчууд Австралийг хожно гэсэн нь таарлаа.
Германы шигшээ Австралиас толгой дээгүүр байсан болохоор эхний тааварт наймаалжийн “гавъяаг” олж харсан хүн бараг үгүй. Наймаалж хөлбөмбөг сонирхдоггүй учир түүний зөв тааврыг тохиолдол гэлээ. Дараа нь Паулийн таавраар Серб Германыг хожихоор болов. Түүнд бас л итгээгүй юм. Ингээд зургадугаар сарын 18-ны өдөр Герман тоглолтын 38 дахь минутад өөрийн хаалганд гоол алдаж, яаж ч үзэлцээд аргагүй л хожигдлоо.
Тэр тоглолтоор л Паулийн одын амьдрал эхэллээ. Паулийг шүтэн биширч, магтан хэвлэл мэдээллээр шуу­гиж эхлэв. Бас түүнийг ашиглаад төөрөгдүүлэх гэж үзсэн тохиолдол ч их. Немц, испаничуудын хагас шигшээ тог­лол­тын өмнө хуурамч Пауль Испанийн тугтай савнаас хоолоо авч байгаа зураг интернэтэд наймаалжийн мэргээс өрсөн тавигдсан байв. Дараа нь дахиад шигшээ тоглолтын өмнө Голландын “De Telegraaf” сонин Нидерландыг хожно гэсэн Паулийн тааврыг хуурамч гэрэл зурагтайгаар хэвлээд дараа нь уучлалт гуйсан байжээ.
Заримдаа тугны зурагтай хайрцаг дээрээ цаг гаруй сууж яарахыг мэдэхгүй байсан Пауль дэлхий даяар шуугианыг дэгдээн вувузелийн яршиг­тай дууг ардаа орхиж байлаа. Тэмцээний төгсгөл рүү Паулийн нэр хүнд улам бүр өсч, William Hill бооцооны газарт таавар нь үнэлэгдсэн цорын ганц амьтан болжээ. Наймаалжийн мэргээр ашиг олох гэсэн хүмүүсээс гадна түүнтэй өрсөлдүүлэх гэсэн олон амьтад дэлхийн энд тэнд гарч ирсэн байлаа. Гэсэн ч бусад үзмэрч амьтдын таавар нь “нэг удаагийн хэрэглээ” төдийхөн байснаас гадна тэдний зөнч чанарыг хэт төвийлгөсөн байсан юм.
Эхлээд Паулийн хоёр дахь эх оронд нь өрсөлдөгч нар гарч ирэв. Германы Хемниц хотын амьтны хүрээлэнгийн хярс Лисси маш “зоригтойгоор” Англи Германыг хожно гэж хэлээд таасангүй. Австраличуудыг ялна гэсэн үхэр зараа Леон, Гана хожно гэсэн Антон нэртэй бич, сербүүдийг Герман дийлнэ гэсэн усны үхэр Петти нар  бүгд буруу мэргэлээд германчуудын доог боллоо.
Эдгээр амьтад дээр, Испанийг Герман хожно гэсэн Оросын Москва орчмын Дмитровын районы Фофаново тосгоны Маська нэртэй бич, дандаа өөрийн багийг хожно гэж байсан Аргентины Кларито нохой, 70 настай Хорхе яст мэлхий, усан гахай Сайко, тоть Пепе нар нэмэгдээд үзмэрч болж чадсангүй мулгуугаа дуудуулав. Сэтгэлийн хөөрөлтэй аргентинчууд тэднийгээ Бедорроугийн жороор шараад идчихсэн ч юм билүү хэн мэдлээ.
Паулийн мэргэн цэцэнд нь Аргентинчууд их дургүй байлаа. Олон ч хүн наймаалжийг шарж идэх хүслээ нууж чадсангүй. Аргентины тогооч Николас Бедорроу гэгч Facebоok-ийн өөрийн хуудсандаа үзмэрчийг төмс, чинжүүтэйгээр шарах хоолны жорыг санал болгосон байлаа. Аргентины ахлах тогоочийг ч, алдартай Диего Марадонаг ч мэдэхгүй Пауль дахиад л зөв тааж, “Германы машин”  аргентинчуудыг дөрвөн удаа дайрч унагав.
Аз жаргалтай немцүүд хагас шигшээ тоглолтод шалгарахад Паулийн таавраас зөвхөн нааштайг нь германчууд хүсч байсан нь мэдээж. Наймаалж Испа­нийг  “дэмжихэд” сандарч үймэрсэн германчуудаа тайвш­­­руулахаар канцлер Ангела Меркель манайхан 2:1 харьцаатай хожиж, шигшээд шалгарна гэж тайвшруулж байлаа. Тоглолт хэрхэн дууссан нь тодорхой байгаа. Олон германчууд Бедорроугийн жороор мэргэ төлөгчийг бэлтгэх санал гаргаж байсан ч амьтны хүрээлэнгийнхэн нь Паулийг цээжээрээ хамгаалжээ.
Шигшээ тоглолтын өмнө хэн дэлхийн цом авах талаар Пауль “юу хэлэхийг” харах хүсэлтэнгүүд олон бай­лаа. Гэвч далайн музейн ажилтнууд Пауль эхлээд хүрэл медальтанг таана гэв. Долдугаар сарын 9-нд хоолоо зооглох цагаараа Пауль германчуудад ялал­таа өгөв. Үүний дараа л Испани, Голландын хэн ялахыг хэлээд өгөөч гэж Паулийг гуйх цаг ирсэн юм. Наймаалж Испанийг “итгэл­тэйгээр” ялна гэлээ. Тэрээр хоолоо маш хурдан сонгосныг “итгэлтэйгээр” ялна гэсэн үг хэмээн сэтгүүлчид тайлсан нь тэр. Пауль хоолоо хурдан сонгосноос гадна өмнө хийж байгаагүй зүйлийг харуулж, Испанийн хайр­цагт орчихсон байв. Тэр тоглолтын Паулийн таавар нь Герман оролцоогүй тог­лол­тыг таахаар хүчээ үзсэн анхны оролдлого болжээ.
Нэмж хэлэхэд Испанийг ялна гэсэн тааврыг нь Австралийн матар Гарри батлав. Гарри Испани, Голлан­дын тугаар бүтээсэн тахианы махнаас сонголтоо хийх ёстой байлаа. Тэгээд Гарри Испанийн туган дор илүү амттай тахиа байна гэж үзжээ. Гаррийг сонголтоо хийхийг ажиглаж байсан Сиднейн Crocosaurus Cove амьтны хүрээлэнгийн эзэн  Мик Бернс тоглолт  их өрсөлдөөнтэй явагдаж, Испани 1:0 харьцаатай хожно гэж Гарригийн тааврыг тайлбарласан юм.
Оросын мөрөг загас Испани ялахыг таасан гэж Алтай хязгаарын загасчид мэдээллээ. Хоёр орны тугаар чимсэн уургатай дэгээгээ тэд усанд тавиад хүлээжээ. Загас баригдаагүй эхний 45 минут өнгөрсний дараа уургануудын байрыг солиод орхисон байв. “Тоглолтын” 87 дахь минутад нь мөргө загас Испанийн дэгээнд оржээ.
Одоо Паульд “дайснуудаас” гадна найз нөхөд олон гарч ирээд байна. Пауль Twitter-т өөрийн блогтой болж, Pepsi-гийн рекламын гол баатар болсноос гадна Facebook сүлжээнд хуудастай болчихов. Тэнд Пауль 50 мянга гаруй “найз” нартай болжээ. Удалгүй Өмнөд Африкт далайн бүтээгдэхүүний зоогийн газрын сүлжээний рекламыг Пауль хийх боллоо. Нэг үгээр үзмэрч Пауль наймаалж дэлхийг байлдан дагууллаа. Испаничууд түүнийг худалдан авч, “улс төрийн орогнол” өгөхөөр хамгийн түрүүнд саналаа ирүүлээд байгаа ажээ. Гэсэн ч Пауль хаашаа ч явахгүй гэдгийг немцүүд эсрэгээр мэдэгдэв. Түүгээр ч барахгүй “Манай наймаалж дахин үзмэрчээр ажиллахгүй. Нэг ёсондоо тэтгэвэртээ гарч өөрийн дуртай ажлаа хийн сургагч нартайгаа аквариумдаа тоглон хүүхэд багачуудыг хөгжөөнө” гэсэн мэдэгдлийг багш нар нь хийгээд байна. Харин дахин үзмэрч хийхгүй гэдгээ Пауль наймаалж мэдэрч байгаа болов уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж