Ч.Сангарагчаагийн хэрэг хагаралд хөтлөх үү?

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаагийн хэрэг хагаралд хөтлөх үү?

Ч.Сангарагчаагийн хэрэг хагаралд хөтлөх үү?
Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурор, УИХ-ын хооронд  “Учиртай гурван толгой”-н дууль өрнөж байна. Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав маш нууцын зэрэглэлтэй албан бичиг үйлдэж , Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хэрэгтэй байгаа талаар УИХ-д албан бичиг илгээснээр одоо болоод буй үйл явдал эхэлсэн. Хэр барагтайд ам нээдэггүй Ч.Сангарагчаа дарга шинэ хуулийн төсөл санаачилсан Ц.Даваасүрэн гишүүний сэтгүүлчидтэй хийсэн уулзалтад очсон нь ийм юм болсон шүү гэдгийг хэлэх гэж нэг ёсондоо сэтгүүлчдийг “өдсөн” хэрэг байв. Зүгээр л Хүн амын албан татварын тухай хуулийг шинэчлэх асуудалд оролцоод сууж байх хүн уг нь тэр биш л дээ. Олон сэтгүүлч цугласан дээр болоод байгаа үйл явдалд тайлбар хийхээр боломжийн агшныг ашигласан нь тэр байлаа.
Тухайн үед УИХ-д албан бичиг дөнгөж очиж, сэтгүүлчид тэр талаар ажиг сэжиг аваагүй байсан юм. Гэхдээ л Ч.Сангарагчаа дарга хэзээд сонирхол татах субъект гэдгээрээ тэдний анхааралд байдгаа сайн мэднэ. Тиймээс ам хатуутай дарга гэнэтхэн л “Та нар минь, цугласан дээрээ ахаасаа асуух юмаа асуугаад ав” гэсэн юм байна. Тэгээд өөрийг нь Улсын шинэ Ерөнхий прокурор улс төрийн зорилгоор шантаажилж байгаа, төсвийн хөрөнгө буруу зарцуулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн, тэр нь зүгээр л Авлигатай тэмцэх газрын дарга, тэдний ажилтнуудын аюулгүй байдлын үүднээс олгох ёстой орон сууцны мөнгө байсан, өөрөө байр сууцтай ч аюулгүй байдлын үүднээс дахиад улсаас байрны мөнгө авах ёстой. Тэгээгүйгээс түрүүчийн дарга яалаа гээд л хэр барагтайд нээдэггүй үгээ хэлсэн. Бас дээрээс дарамталж, УИХ-ын гишүүн Л.Гүндалай, УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр нарын хэргийг түдгэлзүүлэх шийдвэр өгсөн, энэ мэт дарамт шахалт их бий гэсэн мэдээлэл өгч “Намайг шалга, дахин шалга” хэмээн хэлж байв.
Маргааш нь түүний учир олдож, Ч.Сангарагчаа даргын сэтгүүлчдэд мэдээлэл өгч байх яг тэр үед  УИХ-д бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр өргөн мэдүүлснээ Улсын ерөнхий прокурорын туслах Л.Болд мэдэгдсэн юм. Ч.Сангарагчаа дарга төсвийн хөрөнгө зүй бусаар зарцуулж, орон сууц, аялал зугаалгад хэрэглэх аяны майхан, усны хувцас, загасны дэгээ авснаас гадна хэлтсийн хоёр даргаа тагнаж чагнасан хэрэг мандав. Хэлтсийн дарга нараа мөрдөн мөшгиж байсныг Авлигатай тэмцэх газрын ажилтнууд УЕПГ-т мэдээлж, улмаар шалгаж үзэхэд тагнаж чагнах, мөрдөх ажил нь үйлдэл дээрээ баригдаж байжээ.
Ерөнхий прокурорын туслах Л.Болд “Эрүүгийн хэргийг шийдвэрлэх эрх прокурорын газарт л байдаг. Гэтэл Авлигатай тэмцэх газрын даргад тэр талаар үүрэг өгсөн байх ямар ч үндэслэлгүй. Ийм гүжирдлэг тараан прокурорын байгууллагын нэр хүндийг олны дунд унагасан, түүний удирдлагад холбогдуулан худал мэдээлэл тараан гүжирдсэн асуудал дээрээ давхар хариуцлага хүлээх ёстой” гэсэн юм. Тэр асуудлыг УИХ 14 хоног дотор хэлэлцэн нэг тийш болгох ёстой байв. УИХ-д албан бичгийг зургадугаар сарын 29-нд өгсөн гэхээр тэр хугацаа зургадугаар сарын 12-нд дууссан байх учиртай. Уг нь хууль номоороо бол Авлигатай тэмцэх газартай холбоотой асуудлыг шийдвэрлэх хугацаа хамгийн урт байдаг. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хоёрхон хоногт, албан тушаалтнуудынхыг долоо хоногт нэг тийш болгодог бол Авлигатай тэмцэгчдийнхийг 14 хоногт нягтлах учиртай. Гэвч УИХ-ын Хууль зүйн байнгын хороо түүнийг нэг тийш болголгүй байсаар хаврын чуулганаа өндөрлүүллээ. Мөнөөх хуулийн заалттай 14 хоногийн хугацаа хоёр сар хагасаар хойшлов. “Сүх далайтал үхэр амар” гэгчээр даруй 80 гаруй хоног Ч.Сангарагчаа даргын асуудал таг болох нь. Ингээд асуудлыг шийдвэрлэх хуулийн хугацаа үлгэр болж хоцорлоо. Дандаа хаалттай болсон хуралдаануудын дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Энэ хэрэгт дүгнэлт гаргах итгэл үнэмшил төрөхгүй байна” гэжээ. Байнгын хорооны гишүүдийн байр суурь ч зөрөлдөж, дийлэнх нь Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шийдэхэд яаран дааран хөдлөх шаардлагагүй, няхуур хянамгай хандах ёстой гэжээ. Даруй шийдье гэсэн хэсэг ч гарч иржээ. Ингэж талцсаар байгаад өөх ч биш булчирхай ч биш болгоод орхих нь тэр.
За яахав, төсвийн хөрөнгө мөнгийг буруу зөрүү зарцуулсныг хянаж шийдэж болдог гэхэд ажилтнуудаа тагнасан хэрэг хамгийн том тээг болж хоцорлоо. Ч.Сангарагчаа даргатай хамт дэд дарга Д.Сундуйсүрэнг яагаад албан тушаалаас нь түдгэлзүүлэхээр болов гэдэг сонин байсан юм. Гэтэл чухамхүү тэрбээр тагнуул туршуулын ажлыг нь гардаж хийсэн бололтой юм. Ясны чекист түүнийг тэр талын ажилдаа гаршсан хүн ч гэдэг. Харин сая ажлаа цэвэрхэн гүйцэтгэж чадалгүй баригдсан бололтой. Авлигатай тэмцэх газрын анхны дарга Б.Дангаасүрэнг гадаад оронд таалал төгсөхөд энэ хүнийг холбогдуулан сэжиглэж, ажлаас нь өөрчлөх талаар яргдаж байгаад намжсан. Түүнээс хойш чимээгүйхэн шиг байсан тэрбээр ийнхүү алба нэгтнүүдээ тагнасан хэргээр даргын хамт хэрэгт өртлөө.
Хууль зүйн байнгын хорооны хаалттай хуралдаанаас тагнаж туршсан ажлыг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор шалгуулахаар болсон. Эрхэм гишүүн Э.Мөнх-Очироор ахлуулсан энэ дэд хороо тагнуулын шугамаар гүйцэтгэсэн ажилд хяналт тавьдаг үүрэгтэй.
Хэрэв Э.Мөнх-Очир гишүүн тэргүүтэй дэд хорооныхон зун амардаггүй л юм бол Авлигатай тэмцэх газрын даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурор намар дахиад л тавихаас аргагүй боллоо. Хаврын чуулган өндөрлөхөд хэдхэн цаг дутуу байхад Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд дахин нэг албан тоот хүргүүлсэн юм.
“Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах зайлшгүй шаардлагатай байгаа тухай мөрдөн байцаагчид болон хэрэгт хяналт тавьж байгаа прокуроруудын дүгнэлтийг үндэслэн холбогдох шийдвэр гаргуулах тухай албан тоотыг танд хүргүүлснээс хойш УИХ шийдвэр гаргах хуулийн хугацаа хэтрээд байхад Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй нэр бүхий хүмүүс хуулийг зориуд буруу тайлбарлан Хууль зүйн байнгын хорооноос шийдвэр гаргуулахгүй байсаар УИХ-ын чуулган завсарлах гэж байна” гэж УИХ-ын даргад Ерөнхий прокурор анхааруулаад барсангүй. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд уг асуудлыг шилжүүлж шийдвэрлэх болсон тухай Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэний мэдээлэл УИХ-ын дотоод ажил болохыг, мөн  УИХ  хуулийн байгууллагын өмнөөс мөрдөн байцаах ажиллагаа явуулдаггүй болохыг Ерөнхий прокурор спикерт сануулаад ч тусыг эс олж дарга нар энэ зун албан үүргээ тайван гүйцэтгэж, басхүү мөрдөж мөшгих хүн байвал тагнасан шиг ээ суух бололтой.
Дээрхээс харвал УИХ-ын гишүүдээс Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарыг өмгөөлж хамгаалах лобби хэсэг байгаа гэдэг ортой ч байж мэдэх.
Гэхдээ Улсын ерөнхий прокурор зүгээр суухгүй байх. Тэрбээр өчигдөр Д.Дэмбэрэл даргад илгээсэн албан бичигтээ “Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг зогсонги байдалд оруулж байгаа байнгын хорооны удирдлагын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, УИХ завсарлахаас өмнө хуулийн дагуу зохих шийдвэр гаргуулж, төрийн хуулийн ажил алба алдаа гажиггүй хэрэгжих нөхцөлөөр ханган өгөхийг танаас дахин хүсэж албан тоот илгээв” хэмээн нэхэл хатуутай шаардсан байна лээ.
УИХ завсарладгаа ч завсарлачихлаа. Харин Ч.Сангарагчаагийн хэргээс болж УИХ, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын хооронд хагаралдаан гардаг болов уу, яадаг бол. “Хөрөнгө орлогоо нуусан хүн илрүүлж нээлттэй сонсголд оруул” гэхээр их усны захаас хэдэн жараахай шүүрдэж үзүүлдэг Авлигатай тэмцэх газрынхан өөрсдийнхөө хэргийг ухуулахгүй гэхдээ УИХ-ын гишүүд дунд лобби бүлэг үүсгэсэн гэсэн яриа ч байна. Ч.Сангарагчаа даргын “Намайг шалга, дахин шалга. Би хоёргүй сэтгэлээр төрдөө зүтгэж ирсэн” гэсэн үг зүгээр л рекламны пауз уу, эсвэл төрийн шударга ажилтны үнэн үг үү гэдгийг шалгах ажлыг УИХ намрын дунд сар хүртэл хойш тавьснаар хэд хоног үргэлжилсэн дуулиан тасрав аа.

Д.ОЮУНЦЭЦЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж