Хаврын чуулганыг өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганыг өндөрлүүллээ

Хаврын чуулганыг өндөрлүүллээ
Товлосон хугацаанаасаа зургаа, тогтсон уламжлалаасаа арав хоногоор хождож, УИХ-ын хаврын чуулганыг өндөрлүүллээ. Отгон хуралдаанд нийт 52 гишүүн оролцож, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай авч хэлэлцсэн бол Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг нээлттэй горимд шилжүүлэн хэлэлцэж, улмаар тус дүгнэлтийг баталсан юм.
Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтэд дурдсанаар УИХ-аас 2006 оны долдугаар сарын 8-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай  хуулийн 9 дүгээр зүйлд ашигт малтмалын асуудлаар Засгийн газрын  хэрэгжүүлэх бүрэн эрхийг тодорхойлохдоо мөн зүйлийн 9-ийн 1-ийн 3-т улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх гэж тодорхой  заасан атал Засгийн газрын талбайг нөөцөд авах тухай 2009 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 86 дугаар тогтоолын 2-ын А заалтаар улсын тусгай хамгаалалттай газар нутагтай бүхэлдээ болон хэсэгчилсэн байдлаар давхцаж байгаа зарим талбайг сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахаар тогтож, УИХ-ын бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн  зөрчлийн шинжийг агуулж байна гэж үзжээ.
Мөн нэр бүхий зарим талбай нь улсын тусгай хамгаалалттай газар нутагтай бүхэлдээ болон хэсэгчилсэн байдлаар давхцаж байгаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн 2010 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн албан бичиг, Эрдэс баялаг эрчим хүчний  сайд Д.Зоригтын 2010 оны тавдугаар сарын 26-ны өдрийн албан бичиг, Байгаль орчин аялал, жуулчлалын сайд Л.Гансүхийн 2010 оны зургадугаар сарын 8-ны өдрийн мэдээлэл, зураглал бүхий албан бичгийг Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд Д.Ариунсаны Үндсэн хуулийн цэцийн хуралдааны явцад хүлээн зөвшөөрснөөр нотлогдож байна гэсэн байна.
Түүнчлэн Засгийн газрын талбайг нөөцөд авах тухай 2009 оны тогтоолд заасан нэр бүхий газрын нэр нь Үндсэн хуулийн цэцийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, мөн зүйлийн 4 дэх хэсэгт УИХ-ын бусад бүрэн эрхэд зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хууиар тогтоон, 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хууль бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулан  хангах, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна гэснийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн. Энэ асуудлыг өмнө нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцсэн бөгөөд тус хуралдаанаас Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлттэй холбогдуулж гишүүд санал гаргаагүй тул эл асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцогчид мөн л хүлээн зөвшөөрч, батлав.
Үүний дараа УИХ-ын дарга чуулганыг өндөрлүүлж хэлсэн үгэндээ хаврын чуулганаар нийт 130 орчим хууль, тогтоолын төсөл хэлэлцэн, шийдвэрлэснийг дурдаад ажлын биелэлт 67 хувьтай болохыг онцлов. Түүн дотор Тавантолгойн орд, Төмөр замын бодлого, Шинэ бүтээн байгуулалт зэрэг далайцтай ажил өрнүүлэх томоохон төслийн шийдлийг гаргасан болохыг тэмдэглэсэн.  Ингэснээр хамтарсан Засгийн газар хоёр жилийн дотор багтаан 1100 км төмөр зам тавих, жил бүр 2-3 их наяд төгрөгөөр тооцогдох авто зам, орон сууц барих их ажлын гарааг эхлүүлэх их аянд мордож буйг ч санууллаа. Тэр дундаа Тавантолгой төсөл нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, үндэсний компаниудаа дэмжих, иргэн бүртээ Тавантолгойн ордоос 10 хувийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх эрх зүйн үндэс тавигдсаныг ч онцолсон юм. Харин парламентын хувьд цаашид монгол хүн бүрийг ажилтай, орлоготой байлгах нөхцлийг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллах шаардлага байгааг баримтаар дурдлаа. Үндэсний статистикийн хорооноос нэг иргэний амьжиргааны баталгаажих доод түвшинг сард 101.6 мянган төгрөг байхаар тооцож гаргажээ. Гэтэл  цалингийн доод хэмжээ сард 108 мянган төгрөг, дундаж тэтгэвэр 96  мянган төгрөг. Нийт тэтгэвэр авагчдын 50 хувийг эзэлдэг 140 мянган хүний бүрэн тэтгэврийн доод хэмжээ 81 мянган төгрөг, 42 мянган хүний амьдралын үндэс болсон халамжийн тэтгэвэр сардаа дөнгөж 41 мянган төгрөг байгаа нь олонх иргэдийн амьжиргаа амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орсон болохыг харуулж байна гэлээ. Тиймээс УИХ энэхүү нөхцөл байдлыг харгалзан 2011 онд хүн амын нийгмийн хамгааллын нэмэлт арга хэмжээг авах чиглэлээр ажиллах шаардлага тулгарлаа хэмээн ирэх жилд хийх ажлаа тодорхойллоо.

Г.Дарь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж