Бритиш Петролеум Британийн эмгэнэл болох вий

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Бритиш Петролеум Британийн эмгэнэл болох вий

Усны гүнээс олборлолт явуулах үед зайлшгүй хангах үүрэгтэй аюулгүй ажиллагааны хэв хэмжээг баримтлаагүй, ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг хийгээгүй байснаасаа болж өнөөдөр дэлхийн хамгийн том компаниудын нэгэн болох Бритиш Петролеум дампуурахдаа тулаад байна.
 “Хэзээ ч гэдэг үгийг хэзээ ч битгий хэл” гэсэн хэлц юутай үнэн болохыг дэлхийн супер компаниудын нэгэн болох “Бритиш Петролеум”-ын өнөөгийн эмгэнэлт явдал баталж байна. Жилдээ борлуулалт нь 264 тэрбум ам.доллар хүрч, зах зээлийн үнэлгээ нь 190 тэрбум ам.доллараар үнэлэгдэн, орлого нь 17 тэрбум ам.доллар хүрч байсан энэ компанийг “ямар ч эдийн засгийн хямрал хэзээ ч доройтуулж чадахгүй” хэмээн зарлаж байсан нь саяхан. Британийн үндэстэн дамнасан аварга том энэ компани ердөө арван хоёрхон долоо хоногийн өмнө дэлхийн хэмжээний дөрөв дэх том компани байж билээ. Билээ гэсний учир нь өнөөдөр тус компанийн зах зээл дээрхи үнэ цэнэ хэдийнээ тал үнээр хямдраад байгаа төдийгүй цаашдаа өөрийн активуудааа зарахдаа тулжээ.
Хариуцлагагүйн үнэ цэнэ – тооцоолшгүй
Ингэтлээ муугаа үзэх болсон шалтгаан нь Бритиш Петролеумийн Мексикийн булан дахь нефть олборлох байгууламж дэлбэрснээс болж их хэмжээний түүхий нефть далайд асгарч эхэлсэн гайтай осол гэдгийг хүн бүр таамаглах байх. Гэвч 11 хүний амь насыг бүрэлгэсэн энэ ослын улмаас өдөр бүр далайн усанд 60 мянга гаруй баррель нефть цутгаж байгааг, бас энэ бүх нефтийн “хаягдлыг” цэвэрлэхийн тулд 60 тэрбум гаран еврогийн зардал гарахаар болоод байгааг тэр бүр мэдэхгүй л болов уу. Литрээр бодоход л сая саяар асгарах түүхий нефтийн далайн мандалд тогтсон толбо Европын Бенилюксийн орнууд гэгдэх Бельги, Нидерланд, Люксембург гурван улсын нутаг дэвсгэртэй тэнцэхүйц хэмжээнд томорчихоод байна. Мексикийн булангийн хамгийн их хохирол хүлээж байгаа АНУ-д харьяалагдах эргийн орчимд үйл ажиллагаагаа явуулдаг загас агнуурын болон аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч компаниудын алдагдал олон тэрбум ам.доллараар яригдах болжээ. Эрэг орчмын байгалийн тэнцвэрт байдал хэдийнэ алдагдаж, амьд байгалийн тогтолцоо эргээд хэвэндээ орох эсэхэд мэргэжилтнүүд эргэлзэх болсон байна.
Энэ оны 4-р сарын 20-д болсон тэрхүү Бритиш Петролеумын нефтийн цооногийн дэлбэрэлтийг байс гээд л гардаг ээлжит осол хэмээн анхандаа бодож байсан нь талаар болов. Эмгэнэлт энэхүү осол  дэлхийн дөрөв дэх том компани гэдгээр нь Бритиш Петролеумд үзүүлж байсан санхүүгийн зах зээлийн итгэлд нэгмөсөн цэг тавихад хүргээд байгаа юм. Түүгээр ч зогсохгүй АНУ-ын түүхэн дэх экологийн хамгийн том сүйрлийн нэгнийх нь шалтгаан болсноор хоёр орны улстөрийн харилцаанд ч нэмэлт ачаа бий болгож байна. Энэ асуудлаар сайтар ярилцахын тулд ирэх долоо хоногт багтан Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон өөрийн эрчим хүчний сайдын хамт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн өргөөнд зочлохоор болоод байгаа ажээ. Энэ уулзалтын гол зорилго нь Бритиш Петролеумын хүлээх хариуцлагын дээд хэмжээг тогтоох явдал байх болно гэж зарласан юм.
Зөвхөн ВР ч биш, Британийн арал ч доргиод байна.
ВР буюу Бритиш Петролеумын сүйрэл Британийн арлын эдийн засагт ч аадрын үүл мэт сүүдэр нөмөргөсөн айдас дагуулж байгаа юм. Хэрэв нүүрлээд байгаа дампуурлын аюул биелвэл ВР-ийн 10 мянган ажилчин ажилгүйдлийн үзүүлэлтийг чамгүй өсгөж чадна гэсэн үг. Мөн Их Британийн төсөвт ВР-ийн жил бүр төлдөг 7 тэрбум еврогийн татварын орлого сох дутна гэдэг түүнээс ч илүүтэйгээр британичуудын санааг зовоох болно. Их Британийн эрчим хүчний зонхилох салбаруудыг барьж байгаа ВР-ийн дампуурал будант Альбионыг улам ч дүнсгэр болгож мэдэхээр болжээ.  
Бас нэг үндэстний хэмжээний эмгэнэл болж мэдэх асуудал бол британичуудын тэтгэврийн нэлээдгүй хэсэг нь ВР-ийн орлогоор баталгаажиж байдагтай холбоотой. Одоо ВР-ийн хувьцааны үнэ бараг л шалдаа буугаад байгаа бөгөөд ВР-ийн зах зээлийн үнэ огцом унаснаас болж тэтгэврийн сангууд маш их хохирол амсаад байна. Тэд байршуулсан тэтгэврийн сангийн хөрөнгөнийхөө ноогдол ашгийг ч авч чадахаа байсан байна. Ийнхүү ВР-ийн санхүүгийн байдал муудсан нь жинхэнэ “үндэстний гамшиг болоод байна шүү” гэж Лондон хотын захирагч ноён Борис Жонсон хэдийнээ анхааруулаад амжжээ.
Өрөмд, бас дахин өрөмд
АНУ-д явуулсан санал асуулгаар Саддам Хуссейнтай ижил хэмжээний” нэр хүндтэй” болчихоод байгаа ВР-ийн хувьд компанийнхаа төдийгүй Британийн нэр төрийг аврах ганцхан арга зам л үлдээд байгаа юм. Энэ бол усны гүнд сая сая литрээр асгараад байгаа түүхий нефтийн урсгалыг зогсоох арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэх оролдлого юм. Хэлэхэд амархан ч хийхэд хэцүү энэ ажлыг өмнө нь хоёр ч удаа оролдоод үзсэн боловч  бүтээгүй. Хамгийн сүүлд гаргаад байгаа санаачилга нь усан доорхи нефтийн цооногийн доогуур түүнтэй ижил өргөнтэй цооногийг шинээр өрөмдөн гаргах оролдого болж байна. Ингэснээр хажуу цоорхойгоороо нефтийн урсгалыг алдаад байгаа хуучин цооногт очих даралтыг багасган улмаар түүнийг нэгмөсөн бөглөх боломж олдох юм байна. Гэвч энэ ажлыг далайн төвшинөөс доош 4 км-ийн гүнд хийж гүйцэтгэхэд эрсдэл өндөртэй байгаа аж. Эхний өрөмдөлт амжилттай болох магадлал маш бага гэж үзэж байгаа бөгөөд дахин өрөмдөх шаардлага гарна хэмээн тооцоолж байгаа аж.
Хэрэв энэ ажлыг амжилттай хийгээд нефтийн алдагдлыг тогтоож чадвал ВР одоогоор тогтоогдоод байгаа нөхөн төлбөр болох 60 тэрбум ам.долларын төлбөрт өгөх мөнгөө эргээд олж авах боломж бий хэмээн шинжээчид үзэж байгаа гэнэ. Мөн тэдэнд Кувейт, Сингапур зэрэг орнуудын бие даасан сангуудын хөрөнгө оруулалтын дэмжлэги йг авч улмаар дахин хөл дээрээ босох боломж гарч ирэх гэнэ. Харин эсрэг тохиолдолд өдөр бүр түүхий нефтийн хаягдалтай хамтаар салхинд хийсгэж байгаа зуун сая ам.долларын алдагдлыг дааж гарахад хэцүү тул  Бритиш Петролеум хамгийн ашигтай нефтийн орд газруудаа зарахаас өгсүүлээд шатахуун түгээгүүрийн сүлжээгээ хямдруулан худалдах болно. Тэр ч байтугай өөрийн АНУ-дахь охин компаниудаа дампууруулах, эсвэл Их Британийн засгийн газарт ашигтайгаар төрийн өмчид шилжүүлж ч болзошгүй юм. Ямар ч болов барагтайд барьц алдаагүй ирсэн британичуудыг сандаргаж байгаа энэ том компанийн хувь заяа усан доор хийх ганцхан өрөмдлөгөөс хамаарах болж байна. Хүнд хэцүү нөхцөлд хийгдэх энэ ажиллагааны эхний оролдлого энэ сарын сүүлээс эхлэх билээ.
 
            М.Наст
                                                                                               Эх сурвалж ВВС, Шпигель 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж