УИХ-ын дарга Д.Дэмбэрэл БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, БНСУ-Монгол Улсын парламентын бүлгийн дарга, ноён Жон Жан Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчдийн тэргүүн ноён Жон Жан Сон УИХ-ын даргад ийм завгүй, ачаалал ихтэй үедээ цаг зав гарган хүлээж авсанд нь талархал илэрхийлэв.
УИХ-ын дарга уулзалтынхаа эхэнд өнөөдөр УИХ-ын хаврын ээлжит чуулганы хаалтын хуралдаан болсон талаар болон УИХ-аас батлан гаргасан бодлогын томоохон шийдвэрүүдийн талаар зочдод мэдээллээ. Тэрбээр Монгол Улс БНСУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа жинтэй хувь нэмрээ оруулж буйг онцлоод, өнгөрсөн хавар тус улсад айлчлахдаа БНСУ-д ажиллаж буй монгол иргэдийн асуудлыг хөндөн ярьж, онцгой анхаарал хандуулахыг хүсч байснаа санууллаа. Мөн Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд хийгдэж буй ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, манай улсаас БНСУ-д ажиллаж буй иргэдэд мэргэжлийн түвшнийг илтгэх сертификат олгох ажилд анхаарч, дэмжиж ажиллахыг хүсч буйгаа дахин илэрхийллээ.
УИХ-ын дарга манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өвөрмөц онцлогтой, тухайлбал танай оронд манай иргэд олноороо ажиллаж амьдардаг учир бидний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа улам өргөжих шаардлагатай байна гэж байлаа. Тэрбээр цааш нь бизнесийн хүрээнд хамтран ажиллах өргөн нөөц бололцоог Төмөр зам барих, Таван толгойн орд газрыг ашиглах зөвшөөрлийг Засгийн газарт өгсөн УИХ-ын шийдвэрүүд нээж өгч байгаа учир танай орны бизнесийн том төлөөлөгчидтэй монголчууд хамтран ажиллах боломж ирнэ гэдэг найдаж байна гэв.
Холбоотой мэдээ