Өмнөд Африк ашгаа хүртэх болоогүй

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Өмнөд Африк ашгаа хүртэх болоогүй

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг бүтэн сарын турш амжилттай зохион байгууллаа. Тэмцээний үеэр өмнөх дэлхийн аваргын финалд шалгарсан байсан Итали, Францын шигшээ баг хэсгээсээ ч гарч чадаагүй.
Гэтэл түүхэндээ анх удаа испаничууд аваргын титмийг хүртэж, түүхэндээ гурав дахь удаа голландчууд хаалгандаа нэг гоол алдан мөнгөн медаль хүртсэн гээд тоглолтын сонин арвин байлаа. Харин зохион байгуулагч орны хувьд юу болов. Өмнөд Африк дэлхийн аваргын тэмцээнд зориулж хэрээсээ хэтэрсэн зардал гарган, шинэ бүтээн байгуулалт, дэд бүтцийн олон асуудлыг шийдвэрлэхийг зорьсон. Хариуд нь улс орноо, тивээ сурталчлах сайхан боломжтой болж, эдийн засгаа өргөжүүлнэ гэж тооцсон. Үнэхээр тэгэж чадав уу.
Мэдээж сүүлийн нэг сарын турш Өмнөд Африкт ирсэн жуулчдын тоо оргилдоо  хүрсэн. Эдийн засагчдын тооцож буйгаар Өмнөд Африк цэнгэлдэх хүрээлэн байгуулах, зам харилцаагаа сайж­руулах болон агаарын тээврийн салбарт зарцуулсан нийт 5.3 тэрбум ам.долларынхаа гуравны нэгийг өнгөрсөн хугацаанд олж авчээ. Мөн 450 мянган жуулчин ирнэ гэж тооцож байсан ч тус улсын Гадаад хэргийн яамнаас гаргасан тооцоогоор дээрх тоон дээр нэмэгдээд 200 мянга гаруй жуулчин ирсэн байна. Цаашид ч энэ тоо хурдацтай өссөн хэвээр байна хэмээн холбогдох албаны хүмүүс үзэж байгаа юм. Хөлбөмбөгийн ДАШТ болж   өнгөрсөн тус улсыг сонирхохоор 2015 он гэхэд дор хаяж 1.5 сая жуулчин нэмж ирэх магадлалтай аж. Тэмцээний үеэр ирсэн жуулчдын 500 мянга орчим нь агаарын тээврээр үйлчлүүлсэн бол, давхардсан тоогоор 200 мянга нь хуурай газраар аялжээ. Өмнөд Африкийн Дотоод хэргийн яамнаас гаргасан тооцоогоор өнгөрсөн зургадугаар сарын 1-29-ний хооронд 944.5 мянган гадны жуулчин иржээ. Энэ нь ойролцоогоор 1.7 тэрбум ам.долларын ашиг эдийн засагт оруулсан аж. Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жакоб Зума “ӨАБНУ хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулахын тулд хэтэрхий зардал гаргаж байна хэмээн олон хүн шүүмжилж байсан. Гэхдээ жинхэнэ үр дүн нь удахгүй гарана” хэмээн ярьжээ.
Мөн “Энэ бол зөвхөн эхлэл” хэмээн Йоханнесбург хотод төвтэй “Грант Тронтон” төвийн тэргүүн Ли-энн Бак ярьсан байна. Ойрын хугацаанд Өмнөд Африкт олон улсын чанартай олон тэмцээн зохиогдох аж. Өнгөрсөн долоо хоногт Йоханнесбург хотод “Олон улсын спортын аялал жуулчлал их хурал” зохиогдсон. Энэ сарын эцсээр олон улсын чанартай тэмцээн КуаЗулу Натал мужид болох юм.
Зөвхөн аялал жуулчлал төдийгүй бүтээн байгуулалтын ажил нь өөрөө эерэг үр дүн дагуулж байгаа аж. Шинэ зам байгуулж, тээвэрлэлтийн системийг сайжруулснаар тус улсын иргэд худалдаа наймаагаа чө­лөөтэй, хялбар хийх боломжтой болсон гэх давуу талтай. Цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг хийхийн тулд 6000 шинэ ажлын байр бий болсон. Түүнчлэн хамгаалалтын албаныхан нэмж 40 мянган цэрэг, цагдаагаар хүч нэмсэн аж. Цаашилбал, зочид буудал, автомашины захиалга ихэсч, вувузела бүрээ тэргүүтэй Өмнөд Африкийн соёлыг илтэх зүйлсийн худалдаа эрс нэмэгдсэн байна. Өмнөд Африкийн Сангийн яамнаас өнгөрсөн сард дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 0.4 хувиар өснө гэсэн таамаг гаргасан. Харин зарим судлаач 0.5 хувийн өсөлт ажиглагдана гэж үзэж байгаа юм. Гэхдээ хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн чухам ямар үр өгөөж өгснийг хэдэн сарын дараа тодрох тоо баримтаас л харах боломжтой. Одоо бол зөвхөн таамаг төдий байгаа билээ.
Бүх юм сайхан болж байна гэхийн хажуугаар Өмнөд Африкт ажилгүйдэл ихэсч байгаа тухай олон улсын хэвлэлүүд шуугиж байна. Бүтээн байгуулалтын үеэр түр ажлын байр л бий болсон. Гэтэл одоо тэмцээн дуусчихлаа. Тэдгээр түр ажиллагсад юу хийх вэ. Үүнээс ялангуяа барилгын салбарынхан ажилгүйдэлд хамгийн их өртөж байна. Гэхдээ тухайн үед ажиллаж байсан барилгын компаниудад дэлхийн аваргын тэмцээн маш их туршлага хуримтлуулсан юм. Өөрөөр хэлбэл, ирээдүйн бүтээн байгуулалтыг хийх мэргэжлийн боловсон хүчин олонтой болжээ. Ямартай ч Өмнөд Африкийн эдийн засгийн бодлогын гол зорилго нь ажилгүйдлийг бууруулах. Өнгөрсөн зургадугаар сарын байдлаар ажил эрхлэлтийн  түвшин 0.26 хувиар буурсан. Гэхдээ өмнөх сард нь 6.2 хувиар буурч байв.
Ойролцоогоор 49 сая хүн амтай Өмнөд Африкт зөвхөн таван сая хүн татвар төлдөг. Гэхдээ 13 сая хүн нийгмийн халамж хүртдэг байна.
Хүн амынх ихэнх хэсэг нь харанхуй бүдүүлэг, гэрэл цахилгаангүй газар амьдардаг тус улсын хувьд хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн хүмүүсийнх нь нүдийг нээж өгсөн хэмээн шинжээчид үзэж байна. Өөрөөр хэлбэл, өмнөд африкчууд шууд байдлаар зарлагадсан хөрөнгөө нөхөж чадаагүй ч, ард иргэдийнхээ боловсрол, ажлын туршлагад хөрөнгө оруулалт хийсэн гэж хэлж болох юм.
Харин мөнгө, санхүүгийн бод­лого нь хэрхэн өрнөж байгаа бол. Өмнөд Африкийн мөнгөн тэм­дэгт рэндийн ам.доллартай харьцах ханш уржигдрын байдлаар тогтвортой байлаа. Одоогоор нэг рэнд 7.63 ам.доллартай тэнцэж байгаа аж. Хувьцааны үзүүлэлт нь бага зэрэг буурчээ. Топ-40 индекс 0.55 нэгжээр буурсан байна. Засгийн газрын бондын ханш бага зэрэг хэлбэлзжээ. 2015 бондын арилжаа 2.5 нэгжээр дээшилж, 7.72 хувьд хүрсэн байна. Өмнөд Африкийн төв банкны Мөнгөний бодлогын хорооны хуралдаан ирэх долоо хоногт болох юм. Энэ үеэр бодлогоо өөрчилнө хэмээн эдийн засагчид үзэж байна. Тус улсын төв банк 2008 оны арванхоёрдугаар сараас бодлогын хүүгээ тогтвортой барьсаар ирсэн билээ.

Т.Элиса Сэтгүүлч
Улс төрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж