Хөгжлийн банкны хүлээлт хойшлов

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны хүлээлт хойшлов

Инфляцитай “зодолдох”-оос өөрийг  хийхээ  байсан Мон­голбанкны алдааг Хөгжлийн банк байгуулж нөхөх тухай Засгийн газрын санаачилгыг УИХ энэ удаадаа хойшлуулав. Энэхүү санаачилгыг хэрэгжүүлэх өртөг нь 100 тэрбум төгрөг. Амьдрал дээр ашгаа өгвөл Монгол Улсын дэд бүтцийн салбарыг хөл дээр нь зогсоож, үр дүнгүй зарлагаддаг төсвийн урсгалыг нэг чигт төвлөрүүлэх ач тустай. Мөн 2009 онд “Монгол Улсын хөгжлийн загварыг тодруулж, хөгжлийг бүтээх аргачлалыг зааварлана” гэх үүрэг оноож үүд нь нээсэн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны өнөөгийн бүтэц бүрэлдэхүүнд ч талархал дэвшүүлэх хэрэгтэй болох юм.

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хийгээд тус хорооны дарга Ч.Хашчулуун тэргүүтэн  өнгөрсөн хугацаанд “Монголд бензин үйлдвэрлэдэг болно”, “Өмнийн бүсийн  дэд   бүтцийг  ин­гэж  байгуулна”, “Зөгийн үүр хөтөл­бөрийн хүрээнд  гадаа­дад ажиллаж, амьдарч буй монголчуудаа эх оронд нь дуудах замаар улсаа хөгжүүлнэ” гэх мэт уриа тунхгийг бичгийн цааснаа хэвлэж, хэвлэлээр мэдээлсэн шигээ цаг хугацааг үдсэн.

Харин УИХ-аас төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр уг хорооны санаачилгыг Монголд хэрэгтэй хэмээн үзэж “100 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хөгжлийн банк байгуул” хэмээж буйг мөнгөн дээрээ гацаад байгаа аж.

Энэ төрлийн банк нь дэлхийн хөгжиж буй улс орны эдийн засгийн гол хөдөлгүүр байж ирсний дээр Хөгжлийн банкийг улс төрийн эрх ашгаас ангид байлгахыг юун түрүүнд чухалчилдаг. Тэдгээрийн сонгодог жишээнд Японы Хөгжлийн банкийг дурьдах хэрэгтэй. Тус улсын эрчим хүчний салбарын бүтээн босголтыг үндсэнд нь санхүүжүүлж, нүүрсний үйлдвэрлэл, ган боловсруулалт, хөлөг онгоцны үйлдвэрлэл дэх шинэчлэлийг 1950-аад онд Хөгжлийн банкны дэмжлэгээр хийсэн нь бий. Тэдний дунд Кавасакигийн гангийн корпораци, Камишийвагийн усан цахилгаан станц, Тоёото моторс корпорацийг нэрлэж болно. Мөн Хятад улс гэхэд л нэлээд хожим буюу 1994 онд Хөгжлийн банк байгуулж, өнгөрсөн хугацаанд дэд бүтэц, аж үйлдвэр, харилцаа холбооны салбарт нийтдээ 1.6 их наяд юанийн 4000 гаруй төсөл хэрэгжүүлсэн нь тус улсын хүчирхэг эдийн засгийн тулах цэг нь болж буй гэдэг.

Тэгвэл манайд байгуулах Хөгжлийн банк ямар үүрэгтэй байх вэ. Инфляци өсвөл бид буруудна гэсэн бодлоор мөнгөний нийлүүлэлтийг нэмэх, хасах хоёрт гол бодлогоо чиглүүлдэг Монголбанкны хувьд зах зээл тэлэх тухай огт бодохоо больсон. Үүнээс нь улбаалаад угийн санхүүгийн чадавхи дутуу манай арилжааны банкууд зээлийн “өглөг”-т гар татах нь болоод байгаа. Дөрөв, таван арилжааны томоохон банкийг эс тооцвол бусад нь дундаж зээлдэгч буюу хэрэглээний төлөөх зээлийг л олгодог. Энэ нь хэрэглээг урамшуулах төдийхнөөр үр дүнгээ өгч, улмаар инфляцийг хөөрөгддөг нь хэвийн үзэгдэл болсон гэхэд болно. Харин тэрхүү хэрэглээг хэн хангаж байна вэ гэдэгт “Монголд үйлдвэрлэв” гэх шошготой бараа бүтээгдэхүүн тун дулимаг. Иймд зөвхөн дэд бүтцээ сайжруулаад зогсохгүй монголчуудыг архи, пивоноос өөр бүтээгдэхүүн бас үйлдвэрлэж чаддаг юм гэдгийг нотлох нь Хөгжлийн банкны эн тэргүүний зорилго байх ёстой.
Дээр нь Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос арилжааны банкуудын зээлийн чадавхид судалгаа хийгээд 500 сая төгрөгийн зээл олголт бүх зээлийн ердөө нэг хувьд нь хүрч байна гэдэг дүгнэлтийг өнгөрсөн онд танилцуулсан. Энэ нь дор хаяж 10-15 жилийн хугацаатай олгох хөгжлийн зээлийг санхүүжүүлэх боломж манай арилжааны банкуудад байхгүй гэдгийг нотолж буй. Улмаар зээлийн хүүг бууруулах гарц өнөөдөртөө үгүй. Учир нь Монголбанкнаас барьж байгаа инфляци, бас дахин инфляци гэсэн мөнгөний бодлоготой өөрсдийн бодлогыг уяж ажиллахаас өөр арга зам тэдэнд байхгүй нь ойлгомжтой.

Энэ бол Хөгжлийн банк байгуулахаас өөр аргагүй болсныг нотлох үндэслэлийн нэг. Түүнчлэн Хятадын Засгийн газраас амлаад байгаа 500 сая ам.долларын зээлийг хаана байршуулж, хэнд ашиглуулах вэ гэхэд манайд ойлгомжтой хэлбэл “сав, суулга” байхгүй нь асуудал болоод буй. Мөн ОХУ-аас газар тариаланг дэмжих зорилгоор олгохоор тохирсон 300 сая ам.долларын зээлийг нь багтаах “сав, суулга”-гүйн улмаас өнөөдрийг хүртэл бүрэн дүүрэн авч чадаагүй байгаа. Засгийн газар гэхээс илүүтэй тухайн банк нь баталгаа гаргах учраас ОХУ-ын зээлийн “өглөг” нь манай арилжааны банкуудын ирээдүйд хөгжил бус харин дарамт болох байсан учраас тэр.

Харин Хөгжлийн банк байгуулсан тохиолдолд Засгийн газар өөрөө баталгаа болж, хямд өртөгтэй зээлээр дэд бүтцээ байгуулж, макро эдийн засгаа хөхиүлэн дэмжих боломжтой болох юм. Нэг ёсны төр өөрөө эрсдлээ хүлээж, хямд өртгөөр өнөөдрийн хэрэглээг гэхээс илүүтэй ирээдүйн хөгжингүй Монгол Улсыг байгуулна гэсэн үг. Одоогийн байдлаар Хөгжлийн банкийг байгуулснаар хүлээгдэж буй төслөөс онцлоход “Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” гэгчийг УИХ-аас баталсан байгаа. Энэ бодлогын хүрээнд стратегийн ач холбогдол бүхий орд газрыг дагаж байгуулах дэд бүтэц болоод боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийг Хөгжлийн банк олон улсын банк санхүүгийн байгууллагаас татах шаардлагатай болно. Мөн тавдугаар цахилгаан станцыг босгох санхүүжилтийг ч тус банк гаргах хэрэгтэй.

Үүний зэрэгцээ Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд олгож буй 30 тэрбум төгрөгийн зээлийг төр Хөгжлийн банкинд төвлөрүүлэх тухай яриа ч бий. Хэдийгээр энэ нь урт удаан хугацааны, улсын эдийн засгийн түшиж болох дэд бүтцийн салбар биш ч гэлээ иргэдийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор нэг цэгт төвлөрүүлэх шаардлагатай гэдэг саналыг УИХ-ын зарим гишүүн гаргаад буй.

Гагцхүү улс орны хөгжлийн хамгийн том дэм болж ирсэн Хөгжлийн банкны хөгжил Монгол Улсад жинхэнэ утгаараа хөгжиж чадах эсэх нь эдийн засагчдын гол эргэлзээг төрүүлэх болсныг нуух хэрэггүй биз. Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийг саалийн үнээ хэмээн үздэгтэйгээ адил улс төрийн намууд Хөгжлийн банкийг улс төрийн эрх ашгийн үүднээс сонирхож, улмаар ашиг хүртэх гол объект болговол ийм банк байгуулж тоглосноос, байгуулахгүй дуусах нь монголчуудад тустай болно. Дээр нь зээлийг хэнд олгох вэ гэдгийг банкны удирдлага зарим нэгэн арилжааны банкны эмгэнэлт хувь заяатай нэгтгэж орхивол Монголд дэд бүтэц ч байхгүй, Хөгжлийн банк ч эдийн засгийг хөмрөх гол үндэс нь болох юм. Иймд одоогоор Хөгжлийн банк байгуулах 100 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргалаа гэхэд эргээд үндсэн зорилгыг нь нураах зүрх зориг улстөрчдөд байхгүй гэж найдъя. Тиймээс ард олны тэр итгэлийг улстөрчид эерэг үр дүнгээр нотлох нь чухал юм. Эцэст нь Дэлхийн банкнаас “Монголд Хөгжлийн банк байгуулах саналыг бид дэмжихгүй” хэмээн ил тодоор мэдээлж байсныг онцлоход буруудахгүй биз. Учир нь, өнгөрсөн хугацаанд болсон арилжааны банкны дампуурал тэр чигтээ улс төрийн хэлхээ холбоо болоод томоохон зээлдэгчдийн гэм буруугаас улбаатай болохоор тэр биз. Ямартай ч энэ бүхний эцэст Монголбанк инфляцитай зууралддагаараа зууралдаж, Хөгжлийн банк хөгжилтэй зууралдах бололтой. Мэдээж мөнгөтэй бол шүү дээ.

Г.Отгонжаргал Тоймч
Улс төрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж