Тавантолгой ба Торгоны шинэ зам

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Тавантолгой ба Торгоны шинэ зам

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” БА ОРОС АЙДАС

“Эрдэнэс Тавантолгой”. Дэлхийн мэдээллийн агентлагууд энэ хоёр үгийг ихэд онцолж байна. Монголын өмнөд говь дахь эрдэнэсийн сангийн түлхүүрийг шинэ тутам байгуулагдаж буй тус компанийнхан атгах учраас тэр. “Эрдэнэс МГЛ”-ын охин компани болох “Эрдэнэс Тавантолгой”-д эзэн суух эрхмийн нэр хараахан тодроогүй ч хамтран ажиллах их гүрнүүдийн нэр харин тов тодорхой. Орос, Хятад, Америк, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг… “Эрдэнэс Тавантолгой”-нхон эдгээр улсын Засгийн газраас санал болгосон консорциум бүртэй хамтарсан компани байгуулан ажиллана. Тиймээс дэлхийн гигантуудад ширээн дээрх дэлхийн бөмбөрцгөө нухацтайхан эргүүлж харах шаардлага дахин тулгарав.
ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Мед­ведев өнгөрсөн жил Монголд айлчилснаа санагалзан дурссан уу яасан, Ц.Элбэгдоржтой сая утсаа халтал “буу халлаа”. Тавантолгойн асуудал “тасхийсэн”-ий дараа энэ хоёр эрхэм ийн ярилцсан нь учиртай. Кремлийн ноёнтон “Их өр”-ийн хоёр хувийг эцэслэн барагдуулах асуудал юу болсныг лавласан нь тодорхой.

Тавантолгой, бас төмөр замын талаар тодруулах зүйл ихтэй байсан нь ч мадаггүй үнэн билээ. Ийнхүү удтал шалгаасны эцэст Д.Медведев Монгол Улсын Төрийн тэргүүнийг Москвад айлчлахыг дахин урьсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мессеж хүлээн авав. А.В.Гордеевоос ирсэн аж. Воронёж мужийн амбан захирагч энэ эрхэм өнгөрсөн өвөл Ц.Элбэгдоржийн гарт Кремлийн “захидал”-ыг атгуулчихаад буцсан. В.В.Путины шадар ноён А.В.Гордеев улсын наадмаар монголчуудад цэцэн оюуны тухай “айлтгал” бичиж ирүүлсэн нь тэр юмсанж. Тодорхойхон дурьдваас “Монгол, Оросын стратегийн түншлэлийн шинэ үе шатыг нэгдэл нягтрал, цэцэн оюун тодорхойлж буй нь гүн утга агуулгатай” хэмээн Ерөнхийлөгчид илгээсэн мессеждээ өгүүлжээ.

“Пибоди энержи”, “Шинхуа энержи”, “Xtrata”, Вале… En+Group холдинг. Оросын томоохон вэбсайтууд “Эрдэнэс Таван­толгой”-г байгуулах сургаар сурталчилгаагаа далайцтай явуулж эхэллээ. Тэгэхээр “Оросууд Таван­толгойг биш, Монголын ураныг сонирхож байгаа” хэмээх үгэнд эргэлзэх сэтгэгдэл төрөв. Тэд бизнесийн хаадынхаа байгуулсан консорциумаас гадна Олег Дерипаска Монголоос яагаад дайжсаныг давхар сануулж байна. Хөнгөнцагааны магнат Олег МАХН-ынхантай нягт холбоотой нэгэн. Монголчуудтай дотносох болсон гол шалтгаан нь өмнийн говь дахь нүүрсний орд газрын хайгуулын 20 лицензийг эзэмшигч GCE компанид байгаа юм. En+Group холдинг 2006 онд тус компанийн 31 хувийг худалдан авсан ч хувьцаагаа саяхан худалдсан талаар тэрбумтан эрийн ойр дотныхон “Коммерсантъ”-ынханд мэдэгджээ. “Базовый элемент” болон түүний бүрэлдэхүүнд багтдаг En+Group-ийнхнээс хувьцаа худалдан авсан Origio resource partners, China commodities absolute return, Origo Sino-India компанийнхан дээрх 31 хувийн 21 хувиар нь хөрөнгө оруулалтын сан байгуулсан аж. Олег Дерипаска ба түүний нөхөд Монголын говийг орхин Тува тийш анхаарлаа хандуулсан ч “Ренова” группийнхэн Тавантолгойг хүсэмжилсэн хэвээр байна. Гэвч “Тавантолгойд Австрали, Хятадын консорциум голлон тоглогч байна. Тэд тэр хэмжээгээрээ хөрөнгө оруулалт хийнэ. Харин оросуудад боломж олдох нь юу л бол” хэмээн хойд хөршийн аналитикчид анхааруулсаар байгаа. Тэд өмнийн говь дахь улс гүрнүүдийн эрх ашгийн огтлолцол дундаас Монгол, Хятадын харилцан тоглолт илүү хүчтэй байна гэдгийг ч урьдчилан харжээ.                 

ЦАГААН ОРДНЫХНЫ “ЦААСАН БАР”

“Цагаан баавгай ичиж, луу нойрссон 20 жилд бид боломжоо тун бага ашиглалаа” хэмээн монголчуудыг харамсах зуур, бас оросуудыг Тавантолгой дахь тоглоомоос хасагдахаас айх мөчид Цагаан ордонд “Цаасан бар” амилав. Дорнын их Торгоны шинэ зам. Зүүн хойд Азиас Төв Ази, Кавказын өргөн уудам нутгийг бүхэлд нь “хаанчлах” стратеги бүхий төслийг Америкийн эрдэмтэд Төрийн департаментдаа танилцуулжээ. Энэхүү төсөл Цагаан ордныхноос “ОК” үнэлгээ авсан нь ч мэдээж. Монгол орон үүцээ задлахтай зэрэгцэн америкчууд монголчуудын “Торгоны зам” тактикт түшиглэн Төв Азид геополитикийн эзэрхийллээ тогтоохоор зэхэж суугаа нь энэ. Тэд улс төр, эдийн засаг, цэргийн хяналтаа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд болон Төв Азид тавих бодлогоо улам хүчирхэгжүүлж байгаа юм. Тэр дундаа Азербайжаны өмнөд хэсэг, Хятадын Гилянь, Шинжаан, Манжуур, Их Монгол хэмээх үгсийг газрын зурагтаа тодоос тод тэмдэглэжээ. Америкчууд Их Монгол гэдэг нэр томъёондоо Монгол, Өвөрмонгол, Тува, Буриадыг багтаасан аж. Тус улсын нүүрсний үйлдвэрлэлийн гигант “Пибоди энержи” концерныхон ч Тавантолгойд эзэн суусныхаа дараа дээрх маршрутаар бизнесээ өргөжүүлэх нь ойлгомжтой. Тэдний хувьд, АНУ, Хятадын дунд өрнөж буй юанийн тухай маргаан нэг их сонин биш. Харин геополитикийн тоглоомын дүрмээр тив дамжин эзэрхийлэх л үүрдийн ашиг сонирхол нь юм.
Хятад, Энэтхэг… Дэлхийд хүн амынхаа тоогоор тэргүүлэгч эдгээр орныг товчхондоо “Хүчтэй өрсөлдөгчид” гэнэ. Хүний олноор хаанчлах бодлого баримталдаг Хятад, Энэтхэгийн аль, аль нь Америктай түнжин хагарахыг хүсэхгүй байгаа. Тиймээс л Тавантолгойд хөрөнгө оруулах хүсэлтээ ирүүлсэн “Шинхуа энержи”-ийнхэн АНУ-ын “Пибоди энержи”-тэй хамтран ажиллах тухай саналд “YES” гээд хариулчихсан хэрэг. Энэтхэгийн “Жиндал стийл пауэр”-ийнхэн ч ийм санал хүлээн авсан бол татгалзахгүй бай­сан. Гэвч энэт­хэгчүүд мон­голчуудад, тэр дундаа Азийнханд бие даасан хүчир­хэг байдлаа харуулахыг хи­чээж байна. Хятадын төрийн өмчит “Шинхуа энер­жи” групп аме­рик­чуудад “хаал­га”-аа нээж өгсөн ч “Пи­боди энержи” концерныхон сонголтоо өөрчилжээ. Тэд Мон­голын Засгийн газар ирэх намар хөрөнгө оруу­лагчдыг албан ёсоор сонгохоос урь­таж, “Winsway coking coal” холдингтой хам­тарсан аж ахуйн нэгж байгуулсан тухайгаа олон улсад мэдээлэв. “Шинхуа энержи”, “Winsway coking coal” хоёул Хятадын компани ч америкчууд хамтрагчаа ийнхүү сольсон нь сонирхолтой л хэрэг. Австралийн уул уурхайн гигантууд Засгийн газартайгаа татварын асуудлаар зөвшилцөж чадсан энэ цагт “Пибоди энержи” концерныхны жилийн орлого өмнөх оныхоос 21 хувиар буурсныг ажиглагчид “шаталт” гэхээсээ илүү нөөцлөлт хэмээн харж байна. Учир нь тэд “Winsway coking coal” холдингтой хамтран ажиллах гэрээнд үзэглэхдээ “Бидэнд Монголд хөрөнгө оруулах сонирхол асар их бий. Тэгээд ч хятадуудтай түншлэх болсон нь газар зүйн байршил, зах зээлийн давуу талтай холбоотой” хэмээсэн юм.
“Энэ бол алдаа”. Торгоны шинэ замыг төлөвлөгсдийн зарим нь “Пибоди энержи”-г ийн буруутгаж байна. Учир нь “Шинхуа энержи” бол Монгол, тэр тусмаа Тавантолгойтой тун ойрхон газар үйлдвэрлэлээ явуулдаг. Тус группийн эзэмшлийн ихэнх орд Өвөрмонголын нутагт бий. Тэгээд ч тус компанийнхан Тавантолгойн орд газраас жилд 10 сая тонн коксжих нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаагаа хэдхэн жилийн өмнө мэдэгдсэн. Цагаан ордныхны ширээн дээр “Цаасан бар”-аа тавьсан тэд эсэргүүцэх үндэслэлээ ингэж тайлбарлав. Тэдний хэлсэн нь ортой ч байж мэдэх юм. Яагаад гэвэл, Хятад улс эрчим хүч үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордог.  

Тоймч С.Баттулга
Улс төрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж