Х.Наранхүү: Оросыг бид дутуу үнэлсэн байж мэднэ

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Х.Наранхүү: Оросыг бид дутуу үнэлсэн байж мэднэ

УИХ-ын гишүүн Х.Наранхүүг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.

-Энэ удаагийн хаврын чуулганы хамгийн том ажил нь Тавантолгойн ор­дыг ашиглаж эхлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх яв­дал байлаа. Наадмын наадмын өмнө ч чуулганыг завсарлуулалгүй уясан асуудал энэ байв. Хаалттай хуралдааны явцаас тан­дахад Тавантолгойн асуудлыг урагшлуулах,  хойшлуулах байр суурийн аль нь давамгайлж байна вэ?

-Тавантолгойн тухайд асуудлыг удаан хэлэлцсэн боловч ямар ч байсан нэг шийд гаргалаа. Энэ бол том алхам юм. “Эрдэнэс Монгол” гэдэг том компанийн дэргэд “Эрдэнэс Тавантолгой” гэдэг охин компани байгуулагдлаа. Тавантолгойн ордыг эзэмших эрх, тусгай зөвшөөрөл ч энэ компанид шилжлээ. Цаашид энэ компани бүх бэлтгэл ажлаа бие даан гүйцэтгэх том үүрэг хүлээж таарна. Нөгөөтэйгүүр Засгийн газар нэлээд олон асуудлаар нэмж судалгаа, тандалт хийж байж намрын чуулганаар УИХ-д танилцуулах ёстой.

-Тухайлбал, ямар асууд­лаар эргэж танилцуулахаар болов?

-Жишээ нь үнэхээр гадаад зах зээл, хөрөнгө оруулагчдын талаас энэ олон сонирхогчид ойролцоо байр суурьтай байна уу. Эсвэл өөр өөр байр сууринаас хандаж байна уу. Бүгдээрээ нэг зохион байгуулалтад орж чадах уу гэдгийг судалж үзэх хэрэгтэй.

Зөвхөн монголчууд өөрсдөө хийнэ гээд гадны хөрөнгө оруулагчдын сонирхлыг үгүйсгээд хийвэл чадах уу, үгүй юү. Хөрөнгө мөнгө олдох уу гэхчлэн олон асуудал бий. Нүүрсийг бид ямар өөрсдөө хэрэглэх биш. Зуун хувь гадаадад гаргах учраас бид зах зээлээсээ бүрэн хамааралтай. Гэтэл тэд манай нүүрсийг л тэгж их хүлээж ядан байна уу, үгүй юү гэдэг ч эргэлзээтэй. Эрчим хүчний салбар цаагуураа улс төртэй заавал холбогддог. Тиймээс эрчим хүчний зах зээл дээр бид том биш ч гэсэн шинэ тоглогч болж гарч ирнэ. Энэ тоглогчийг яаж хүлээж авах нь бид асуудлаа яаж тавихаас ихээхэн хамаарна. Өөрөөр хэлбэл бидний өнөөдөр хэлэлцэж гаргах шийдвэрийг гадаад талдаа хэрхэн хүлээж авах нь нэлээд асуудал дагуулна.

-Тавантолгойн асуудлыг ярихдаа нүүрс зарж мөнгө олох нь гэж хараад байгаа болохоос геополитик, геостратеги талаас нь дутуу анхаарч байна гэдгийг олон хүн шүүмжилж байгаа. Та энэ шүүмжлэлтэй санал нийлэх үү?

-Би ч гэсэн энэ шүүмжлэлтэй санал нийлж байна. Надад бол өнөө маргааш олонх их мөнгөнөөс илүү наана нь тулгарах олон ярвигтай асуудлууд харагдаад байгаа. Ийм том ордыг амжилттай, үр ашигтай, технологийн өндөр түвшинд ашиглаж байсан улс дэлхийд тийм ч олон биш. Гол зах зээл гэж яриад байгаа Хятад улс маань өөрөө нүүрсний нөөц ихтэй. Гаднаас авдаг өөрсдийн нарийн бодлоготой. Хамгийн гол нь ерөнхий нөхцөл байдлыг харахад дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал үргэлжлээд хоёр жил болж байна. Энэ хямрал хэзээ төгсөхийг бүү мэд. Олон улсын эдийн засаг хямралтай байна гэдэг нь түүхий эдийн эрэлт хэрэгцээ төдийлөн сайн биш байна гэсэн үг. Хангалттай нөөцтэй болсны дараа үнэ унах магадлал ч бас бий.

-Гадаад зах зээлийн тухайд Хятадыг нэрлэж буй. Харин хойд хөршийн  хувьд хөрөнгө оруулагч, эсвэл хамтрагчаар тодорхой нэрлэж чадахгүй байгаагийн шалтгаан юунд байна. Үүнтэй холбоотойгоор Оросын талаас “Монголыг сонирхохгүй байна” гэсэн утгатай байр суурийг янз бүрийн байдлаар илэрхийлэх боллоо?

-Оросын хувьд нүүрс импортолдоггүй. Бүх төрлийн нүүрсээр хэрэгцээгээ бүрэн хангадаг улс. Гэхдээ зарим үед сайн чанарын нүүрс импортлох тохиолдол гардаг. Саяхан буюу одоогоос хоёр сарын өмнө Кузбассын  коксждог нүүрсний ордод томоохон осол гарсан. Оросын  коксждог нүүрсний нийт хэрэглээний дөрөвний нэг хувийг гаргадаг уурхай дээр осол гарснаас болж уурхай зогслоо. Ингэснээр ирэх намраас коксждог нүүрс импортоор авна гэж ярьж байгаа. Тэгэхээр зарим үед Оросын тал хэрэглэгч болох магадлалтай байна. Гэхдээ Оросын талын олон компани сүүлийн жилүүдэд Тавантолгойн талаарх сонирхлоо илэрхийлсэн боловч хоорондоо зохион байгуулалтад орж чадаагүй. Оросын Засгийн газраас эдгээр компанийг зохион байгуулах талаас нь хангалттай ажиллаж чадаагүй юм болов уу  гэж би хувьдаа харж байна.

-“Оросын төмөр зам” компани  Тавантолгойн төмөр замын ажилд оролцож байгаа шүү дээ?

-Төмөр замын ажилд оролцсон л гээд яваад байдаг. Гэхдээ төмөр зам бол уул уурхай биш, дэд бүтцийн байгууллага. Магадгүй манай талын шийдвэрийг хүлээгээд байсан байж болно. Бид бас хөрөнгө мөнгө, дадлага туршлага аль ч талаасаа бодсон Оросын талын потенциалийг бид дутуу үнэлсэн байж мэднэ. Ялангуяа зарим гуравдагч оронд гарах нүүрс, Манжуур хавийн хэрэглэгчдэд хүргэх нүүрсийг хойшоо гаргахаас өөр аргагүй. Тэгэхээр Оросын төмөр замыг ашиглана гэдэг асуудлыг дутуу үнэлээд, дутуу хараад байх шиг санагддаг. Тиймээс намар болтол судлаад эргэж ярихаар хугацаа авч байгаа нь ч бас үүнтэй холбоотой юм.

-Оросын сонирхол гэдгийг ер нь ямар хэм хэмжээнд хэрхэн ойлгож болох вэ?

-Сонирхол гэдгийг өнгөц ойлгож болохгүй. Төрийн хэмжээний сонирхол бол голдуу том ордууд дээр л байдаг. Уран ч юм уу. Ураны түүхий эдийн зарим онцгой төрөл бий л дээ. Бусад түүхий эдийн хувьд төрлийн хувьд биш ч гэсэн онцгой том бол стратегийн орд болчихдог. Манай Оюутолгой, Тавантолгой бол тийм л стратегийн ордууд. Нөгөөтэйгүүр төрийн сонирхлоос гадна том компаниудын сонирхол гэж бий. Ялангуяа хөрөнгө мөнгө сайтай, чадвартай Оросын компаниудын хувьд хөрөнгө оруулах сонирхол байхыг үгүйсгэх аргагүй. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн компани сонирхлоо илэрхийлсэн. Гагцхүү манай талаас яаж хийх гээд байгаа зохион байгуулалт нь ойлгомжгүй,  байр суурь, бодлого нь тодорхой бус байсан учраас идэвхжил буурсан.

-Ажиллах хүчний хувьд бас тэдэнд сонирхол бий. Жишээ нь Эрдэнэтэд ажиллаж байсан орос мэргэжилтнүүдийн зүгээс ч нэгдэж саналаа тавих гэж байгаа тухай сонслоо. “Эрдэнэт” үйлдвэрийн монгол инженерүүд ч ийм санал гаргаж байсан. Ийм боломж бий юү?

-Энэ бол яах аргагүй ашиглах ёстой боломж. Би “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсны хувьд сайн мэдэж байна. Энэ үйлдвэрийг анхнаас нь боловсон хүчнээр маш сайн хангаж өгсөн. Бараг гэрээнд гарын үсэг зурангуут, газраа ч хөндөж эхлээгүй байхдаа боловсон хүчнийг нь сургаад эхэлсэн. Дэргэдээ сургалтын төвтэй. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрээс нэг хэсэг мэргэжилтэн Тавантолгойд очиж ажилласан ч цаана нь ажиллах хүч хангалттай бий.  Тавантолгой төдийгүй Оюутолгойн ордод ажиллах боловсон хүчин бэлтгэнэ. Үүний тулд 2-3 сургууль барих хэрэгтэй гэж байгаа. Үүний нэг нь яах аргагүй Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн байх тухай ярилцаж тохирсон. Тавантолгойн ордод ч одооноос  хэрэгцээтэй боловсон хүчний жагсаалт гарган захиалга өгч бэлтгэх хэрэгтэй.

-Хамгийн олзуурхууштай нь Канад, Австрали зэрэг орны мэргэжилтнүүдээс хэд дахин хямд үнээр ажиллах боломжтой гэж тэд хэлж байгаа?

 -Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын дундаж цалин улсын дунджаас бараг хоёр дахин их байна. Тиймээс Монгол талаасаа яривал нэг их хямд ч биш л дээ.  Гэхдээ Австрали, Канадын мэргэжилтнүүдийн цалингаас хамаагүй доогуур өгдөг болохоор бидэнд хэрэгтэй л санал гэж хэлмээр байна.

-“Эрдэнэс Тавантолгой” охин компанийн үүрэг, эрх мэдэл ямар байх вэ. Та энэ компанид хэр итгэж байна вэ?

-Өнөөдрийг хүртэл манайх ийм том орд газрыг дангаараа эзэмшиж үзээгүй. “Багануур”, “Шарын гол”, “Эрдэнэт”-ийн орд, “Монголросцветмет”-ийн жоншны уурхай гээд бүгд л тэг цэгээсээ хамтын ажиллагаагаар эхэлсэн. Хөрөнгө мөнгө нь ч гаднаас ирдэг. Бид урьдчилаад авчихдаг. Дараа нь төлнө, төлөхгүй гэж ярьдаг. Манай зарим компани сүүлийн үед тодорхой туршлага хуримтлуулан гайгүй ажиллаж эхэллээ. Ялангуяа “МАК” компанийн хувьд уул уурхайгаар дагнан бараг 20-иод жил ажиллачихлаа. Тэд мэдэж байгаа. Заавал бүх зүйлийг гаднаас худалдаж авах шаардлагатай болдог гэж. Зураг төсөл, технологи, техник, менежмэнтээ хийхэд хүртэл тодорхой хэмжээгээр гадныхныг ажиллуулах болдог. Хөндлөнгийн хяналт тавихдаа хүртэл олон улсын стандарт шаардлагад нийцэх эсэхээ тодорхойлуулахаар гадны компани хөлсөлж байна. Ингэж зөв хийж чадвал итгэж болох юм. Миний бодлоор олон компани оролцох тусмаа удирдлага нь ярвигтай болно. Тэр олон компанийн ашиг сонирхлыг зангидаж нэг бодлогод оруулах нь маш хэцүү ажил. Улсын компани ч ялгаагүй олон бэрхшээлтэй тулгарна. Тиймээс би “Эрдэнэс Тавантолгой” чадахгүй гэж урьдчилж хэлмээргүй байна. Гэхдээ маш сайн зохион байгуулалттай, нэгдсэн бодлоготой, их хичээж ажиллаж байж л амжилтад хүрнэ. Хөрөнгө мөнгийг гаднаас босгохоос өөр аргагүй. Тэд зүгээр “май” гээд өгөхгүй. Өгөхдөө  ямар шаардлага тавих вэ гэдэг нь бас л өөр асуудал.

-Тавантолгойн ордыг ашиг­лахад эхний ээлжинд манай улсын 4-6 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгө шаардлагатай гэж тооцоолж байгаа. Энэ мөнгийг монголчууд өөрсдөө босгох ямар ч боломжгүй гэж үү?

-Янз бүрээр л тооцож байгаа. Яаж ч бодсон тэрбумаар тоологдох доллар яригдаж байна. Үүнийг монгол тоон дээр буулгахад улсын төсвийг дөрөв, түүнээс  олон дахин өсгөсөнтэй тэнцэх тоон үзүүлэлт харагдаж байгаа. Ийм хэмжээний мөнгийг хэн өгөх вэ.

-Бид өөрсдөө IPO хийгээд хөрөнгө босгож болох гаргалгааг янз бүрийн эх сурвалж өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж байгаа?

-IPO хийнэ гэдэг очоод баялгаа магтчихаар мөнгө бэлэглэнэ гэсэн үг биш. Энэ чинь зээл шүү дээ. Ирээдүйд баахан үүрэг амлалт авч байгаад мөнгө өгнө. Өгөхдөө бизнесийн нөхцөл нь тун хатуу. Цалин хэдийг өгөх вэ, ямар техник хэдээр авч байна вэ гээд алхам тутамдаа хянуулна, шалгуулна, тайлагнана. Манайхан нэлээд бүдүүн барагаар ойлгоод байх шиг байна. Уг нь алсын бодлоготой компаниуд болж өгвөл IPO хийдэггүй. Жишээ нь “МАК” IPO хийдэггүй ч олсон орлогоороо дэвжээд л явж байгаа. Нөгөө талаар IPO хийнэ гэдэг нь заавал тухайн улсын өөрийн потенциаль, зээл авах, төлөх чадвартай холбоотой. Манайхыг олон улсын зэрэглэлээр авч үзэхэд өнөөдөр дөнгөж B  зэрэглэлтэй байна. Гэтэл дэлхийн хамгийн сайн зэрэглэлтэй, найдвартай компани AAA зэрэглэлтэй байгаа. Тиймээс нэгдүгээр зэрэглэлийн банк л лав манайд зээл өгөхгүй.  Өгсөн ч маш үнэтэй зээл өгнө.

-Тавантолгойн ордыг ашиг­лах техник, эдийн засгийн үндэс­лэлийг дутуу дулимаг болсон, ялангуяа усны асуудлыг нарийвчлан тооцоогүй гэх эр­дэмтдийн шүүмжлэл бий. Энэ нь Оюутолгойн гэрээний алдааг давтаж, ТЭЗҮ-гүй гэрээ байгуулахад хүргэх вий гэсэн болгоомжлол дагуулж байна?

-Энэ том ордын өнөөгийн батлагдсан усны нөөцийг харахад жилд 15 сая тонн нүүрс гаргах уурхайг бүрэн хангахаар байгаа. Энэ нь хөрс хуулалттайгаа нийлээд Эрдэнэтийн тэнцэхүйц нөөцтэй гэсэн үг. Заавал энэ хэмжээгээр бүх тооцоог нь хийгээд, хайгуулаа дуусгаад тэгж байж  ажлаа эхэлнэ гэвэл ойрын арван жилд бүтэхгүй. Тиймээс асуудлыг шат шатанд нь шийдээд ажлаа эхлэх нь зүйтэй. Эрдэнэтийг эхлээд 1978 онд дөрвөн сая тонн, дараа нь дөрөв дөрвөн саяар нь тооцоолсоор 1984 онд 16 сая тоннын нөөцөд хүрсэн. Түүнээс хойш хүчин чадлыг нэмэгдүүлсэн 25 сая тоннд хүргэсэн. Яг үүнтэй адил ажил эхлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Энэ бол зарчмын асуудал бөгөөд мөнгөний эргэлттэй холбоотой. Сүүлийн 4-5 жилийн дотор миний тооцоолсноор гадаад зах зээл дээрх бүх үнэ, ханш гурав дахин өслөө. Өөрөөр хэлбэл бид ордуудаа ашиглах ажлыг арай эрт эхэлсэн бол гурав дахин хямд өртгөөр босгож болох байсан.  Жишээ нь бид Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэрийг байгуулах анхны ТЭЗҮ-ийг харахад 100 сая доллараар босгож болохоор байсан. Өнөөдөр 300-400 саяар босгох тухай ярьж байна. Цаг алдах нь ийм л халтай.  Дээр нь энэ хугацаанд төсөвт хэчнээн төгрөг орж болохоор байв. Энэ алдагдлыг хэн төлөх вэ. Бид усны нөөц болон  бусад шалтгийг тоочсоноор олон сая төгрөгийн төсөв алдаж байгаа.

-Эрдэнэтийн хувьчлалын талаар та ямар шинэ мэдээлэлтэй байна вэ?

-Хүмүүс   одоо хүртэл хувьч­лалын талаар ярьсаар байна. Би өмч хувьчлалаас ашигтай, үр дүнтэй зүйлийг бараг олж хардаггүй. Тэр үед хувьчилсан объектууд бүгд хаалгаа хааж, байсан жаахан өмчийг нь үрэн таран хийгээд дууссан. Хөнгөн үйлдвэрүүдийн салбарууд нь өнөөдөр цоо шинээр босч байгаа. Авсан хүмүүс нь ч хариуцлага хүлээсэнгүй. Төр ч дутуу ажилласан. Гэтэл одоо хувьчилбал бүх зүйл сайхан болно гэсэн ойлголт хэвээрээ байх юм. Тэгвэл хэрэв “Эрдэнэт”-ийг 1991 онд хувьчилсан бол Монгол Улс энэ хооронд яаж амьдрах байсан юм бэ? Лав л өнөөдрийнх шиг татвар өгч чадахгүй. Эзэд нь хувааж аваад аль болох бага татвар төлөхийг хичээх нь ойлгомжтой.

-Оросын тал энэ асуудалд ямар байр сууринаас ханддаг бол?

-Оросын тал нэгэн үе хувьчилж, хувийн компанид өгсөн. Дараа нь төрийн мэдэлд буцааж авсан. Энэ бол Оросын талын байр суурь. Манайх бол өөрийнхөөрөө, улсын мэдэлд байлгана гэсэн байр суурин дээрээ өнөөг хүртэл зогсч байгаа.

-Хэрэв Монголын тал “Эрдэнэт”-ийг хувьчлах шийдэлд хүрвэл Оросын талын байр суурийг заавал сонсох ёстой юу?

-Тухайн үед Оросын тал нарийн яривал манайхтай зөвшилцөхгүйгээр хувьчлах алхам хийсэн. Өөрөөр хэлбэл зарчим алдагдсан гэж хэлж болно. Ер нь эрх зүйн талаасаа сүүлд Эрдэнэтийн гэрээг шинэчилснээр хоёр тал эхлээд бие биедээ санал тавих ёстой. Одоогоор албан ёсоор ийм санал тавьсан асуудал байхгүй. -Хө­рөнгийн бирж дээрх арил­жааг харахад “МАК”, “Таван­тол­гой” зэрэг компанийн хувьцааны ханш, борлуулалт өсч байгаа нь хувьчилсны дараах сэргэлт мэт санагддаг байж болох юм. Мөн тэдгээрийг хувьчлаагүй бол бай­дал ямар байх байсан бол гэсэн эргэлзээ төрүүлдэг

-Хөрөнгийн бирж дээрх хувьцаа­ны ханшийн өөрчлөлт сайн ажиллаж байгаагийн шинж тэмдэг огт биш. Багануур л гэхэд хэдийгээр зарим хэсэг нь хувийн компанид очсон ч гэсэн их хэмжээний алдагдалтай байна. Арван жил алдагдалтай ажил­лаад хоёр жил жаахан ашиг олсон нь өмнөх алдагдлаа нөхсөн гэсэн үг биш л дээ. Үнэн хэрэгтээ төрийн өмчид буцаая ч гэсэн үлдсэн юм байхгүй. Тэр тусмаа хөнгөн үйлд­вэрүүдийн хувьд. Уул уурхайн компаниуд эрхбиш 20 жилийг туу­лаад амьдрах нь амьдраад, устах нь устаад товчхондоо байгалийн шал­гуурыг давж явна.

-УИХ “Могойн гол”-ын дулаа­ны цахилгаан станцын гэрээг хэлэлцээд буцаах нь зүйтэй гэж үзсэн. Энэ талаар мэргэжлийн хүний хувьд та ямар байр суурь­тай байсан бэ?

-Аливаа юмыг зөв хийвэл хэ­рэгтэй л байдаг. Дутуу тооцоотой, эсвэл тооцоо нь зөв байлаа ч хэрэг­жүүлэх арга замыг буруу тооцоолсон бол асуудалтай шүү дээ. Туршлага, ололт амжилтын талаасаа ч гэсэн хэрэгжүүлэх компаниа буруу сон­говол том зорилгоосоо хэтэрсэн хо­хи­ролтой байж ч мэднэ.  Бид хэтэрхий хялбараар сэтгэх болж. Өнөө­дөр ямар ч ажлыг хийхэд эерэг, сөрөг аль аль талдаа 100 ху­вийн эрсдэлтэй учирч байна. Хамгийн гол нь дулааны цахилгаан станц барихад асуудал үүсээд бай­гаагийн гол шалтгаан нь бид усны түвшин, дулаарлын цогц байд­лыг нарийн тооцож чаддаггүй. Дөр­гөний цахилгаан станц өнөөдрийг хүртэл яагаад ажиллаж чадахгүй бай­на вэ гэхээр усны түвшин нь байх ёстой стандартаас хоёр мет­рийн дор байдагтай холбоотой. Ууршилт, цөлжилт, дулааралтай холбоотойгоор усны түвшин багасч байна. Бид удаан хугацааны цаг агаарын явцыг мэдэхгүйгээр за­хиалга өгдөг. Тэгэхээр цахилгаан станц барих төсөл, ТЭЗҮ боловс­руулагчид үүнд анхаарахгүй байна. Үнэндээ тэд цахилгаан станц барих төсөл л хийх ёстой болохоос усаар хангах үүрэг аваагүй шүү дээ. Энэ хариуцлагаа ялгаж салгах ёстой. Эхнээсээ захиалга өгөхдөө ТЭЗҮ-ийг гаргахдаа усан хангамжийг сайн тооцоолоорой гэвэл тэдгээр ком­пани маш нарийн тооцоо гаргаж чадна. Ус нь эргэлзээтэй байна гээд цахилгаан станц барих ажлаа больж ч магадгүй.

-Саяхан Онгийн гол сэргэж урс­сан таатай мэдээ дуулдлаа. Го­виос сонгогдсон гишүүний хувьд та ч гэсэн баяртай байгаа байх?

-Гэхдээ энэ бол түр зуурын асуу­дал. Нэг жилийн ч настай байж мэднэ. Сайнаар мөрөөдөхөд, бид хуурай цаг агаартай 20 жил өнгөрлөө. Одоо эрхбиш чийгтэй 20 жил эхэлж байгаа юм болов уу гэж найдаж байна. Яагаад гэвэл өнгөрсөн жил зундаа хуртай, өвөлдөө цастай, дараагийн хавар нь чийгтэй байсан. Энэ бол сайны шинж тэмдэг.

-Өмнөговьд эдийн засгийн таа­тай боломж бүрдэж, биеэ даасан вант улс ч болж болохоор сайхан ирээдүй харагдаж байна. Тэгвэл хил залган оршдог Дундговийн хувьд ямар боломж харагддаг вэ?

-Улсын нэгдсэн төсөвт урьд нь Эрдэнэт, Улаанбаатар хоёр л гол мөнгийг төвлөрүүлдэг байсан. Ха­рин саяхан төсвийн тодотгол хий­хэд Улаанбаатар, Өмнөговь, Эр­дэнэт гэсэн дарааллаар хөрөнгө төвлөрүүлэхээр дүр зураг гарлаа. Өмнөговьд эдийн засгийн идэвхжил эхэллээ. Энэ бол сайны шинж тэмдэг. Гэхдээ мэдээж үүнийг дагаад саар юм бий. Тоосжилт, газрын хөрсний эвдрэл гэхчлэн асуудал олон байна. Энэ бүхнийг дор дор нь шийдээд явахаас өөр аргагүй. Дундговийн хувьд ашигт малтмал бий. Хэдийгээр би геологич биш ч  гэсэн байгалийн бүтцийг нь харахад баялаг нь хөрсний гүндээ байх шиг байдаг. Өмнөговьд бол хөрс нь салхи, нар, усанд идэгдээд баялаг нь дээшилж ил гарч байгаа. Тиймээс дараагийн зууны бас нэгэн үүц Дундговьд байгаа гэдэгт би итгэдэг. Монголын нийт хүрэн нүүрсний 60 хувь нь зөвхөн Дундговьд байдаг. Газрын тос, байгалийн хий, алт тэргүүтэн дууссан үед хүн төрөлхтний эрчим хүчний гол түүхий эд нүүрс л үлдэнэ. Тиймээс ирээдүйтэй. Одоогоор нүүрс олборлож эхэлсэн хэд хэдэн компани бий. Төмрийн хүдрийн хоёр орд газрыг ашиглахаар үйл ажиллагаа нь эхлээд байна. Энэ бол Дундговь аймгийн хувьд уул уурхайн ажлын эхлэл тавигдаж байгаа хэрэг. Эхнээсээ бага ч гэсэн  ажлын сайн, муу үр дүнг амсч, туршлага хуримтлуулаад авбал том орд дээр алдахгүй гэж би боддог юм. Өмнөговийн хувьд бүхнийг цоо шинээр шууд эхэлсэн. Одоогоор байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийн талаасаа нэлээд хүнд харагдаж байна.

-Ураны асуудлаар ОХУ-ын том сонирхол нуугдаж буй. Тэд одоо эзэмшиж буй 21 хувиа нэмэгдүүлэхээр эрмэлзэж байна. Манайд ч гэсэн “Хан ресурс”-д давуу эрх олгосон нь зөв эсэх дээр эргэлзээтэй хандлага нэг бус удаа гарч байсан. Энэ талаар таны байр суурийг сонирхмоор байна?

-Ураны гол хэрэглээ нь атомын цахилгаан станц. Сүүлийн үед эрчим хүчний асуудал хурцдаж, нүүрс шатаасан цахилгаан станцууд агаарт нүүрстөрөгч ялгаруулах хэмжээ нь ихэссэн. Үүнийг нь Киотогийн олон улсын гэрээгээр хязгаарлаад байгаа учраас атомын цахилгаан станцыг сонирхож, ураны үнэ ч өссөн. Энэ талаасаа бодохоор яах аргагүй Оросын сонирхлыг татаж байгаа юм.  Яагаад заавал 21 хувь бус, түүнээс дээш хувь сонирхож байгаагийн хувьд ч ойлгомжтой.

-Яагаад?

-Уран бол нарийн ажиллагаатай, технологитой, менежменттэй орд. Үүнийг өөрийн бүрэн эрх мэдэлгүй, хүний хэлснээр эзэмшинэ гэдэг эрсдэлтэй. Нүүрсэн дээр ч эрсдэл байдаг шүү дээ. Олборлож байгаад хүний амь эрсэдвэл яах вэ гэхчлэн. Хятад, Орост метан дэлбэрч осол гараад байна. Үүнтэй адил том осол болбол яах вэ. Шарын голын нэгэн адил буруу ашиглаад нөөц нь байсаар байтал ашиглаж чадахгүйд хүрвэл яах вэ. Хөрөнгө оруулагчид энэ бүх эрсдэлээс аль болохоор зайлсхийхийг хичээдэг. Тийм учраас менежментээ өөрөө авахыг боддог. Менежментээ гартаа авахын тулд 50-иас дээш хувийг хүсч байна. Өөрөөр хэлбэл, эрсдэлээ, хариуцлагаа хүлээхийн тулд эрх мэдлээ авах гэж байгаа болохоос зөвхөн ашгийн давуу эрхийн төлөө шунаад байгаа юм биш. Үүнд өрөөсгөл хандаж болохгүй. Манайхан ийм том зүйлд хутгалдаж, бие даан ажиллуулж хариуцлага, эрсдэл хүлээж үзээгүй  учраас л ингэж хандаад байгаа юм. Хэдэн жилийн дараа сайн мэддэг болохоороо  “Больё, чаддаг мэддэг хүмүүс нь аваад яваасай” гэж хүсдэг болж ч мэднэ. Аажим тайвуу хандаж, бага багаар сураад явбал бид чадна. Гэтэл юу ч мэдэхгүй, үзээгүй байж гэнэт яаралтай хийхээр зоримог хөдлөөд  байгаа учраас үүнд эрсдэл байгаа юм.  Уран бол ихээхэн асуудалтай баялаг. Хэрэв манайх урантай болчихвол “Цөмийн зэвсэг хийчихвэл яах вэ” гээд хэрэгтэй хэрэггүй талаас нь сонирхоно. Бас тусалдаг улс орнууд маань болгоомжлоод эхэлбэл бидэнд л төвөгтэй болно.

-Баялгийн тэгш хуваарилалтын талаар бид олон жил ярилаа. Өнөөгийн төр, засгийн гаргаж байгаа хувилбар тэгш хуваарилалтын зарчимд хэр нийцэж байна вэ?

-Бид баялгийн хуваарилалтын тухай ярихдаа байгалийн хуваарилалт шиг тэгш хуваарилалт байдаг юм шиг ойлгоод байна. Энэ бол хийсвэр асуудал. Баялгийн хуваарилалтын тухай ярихад хэн нь ямар хэмжээний хөрөнгө гаргах, техник технологио хаанаас яаж олж ирэх, ажлыг хэн зохион байгуулах, боловсон хүчнээ яаж бэлтгэх, зах зээл хаана байна, баталгааг хэн гаргах вэ гээд олон асуудал бий. Энэ хэмжээгээр ашгаа ч, хариуцлагаа ч хуваарилдаг. Монголчууд өнөөдөр “Би мөнгө гаргая, техник олъё” гэж хэзээ ч ярьдаггүй. Зөвхөн “Би хэдэн хувийг нь авах вэ” л гэдэг. Энэ бол туйлын өрөөсгөл. Үнэхээр дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ цэнэ, ач холбогдол өсч байгаа нь үнэн. Тэглээ гээд түүхий эдтэй улс орон л бүхнийг шийддэг, бусдад асуудлаа тулгадаг юм биш. Цаана нь олон улсын харилцаа, худалдаа, улс төр гэж бий. Бид өөрсдийгөө том ач холбогдолтой, олон  улсын анхаарлыг татаж байгаагаар мэдэрч байна. Энэ мэдрэмж зөв. Гэхдээ энэ бол арай эртэдсэн мэдрэмж юм. Хөрөнгө босгоод, ядаж Хятадын арван үйлдвэр манайхаас хамааралтай болчихсон үед биднийг гадныхан тоож эхэлнэ. Ажил хаялт зохион байгуулсан, газар хөдөлсөн тохиолдолд бид түүхий эдгүй болж үйлдвэр зогсоно гэж айна шүү дээ. Энэ бол бид олон улсад тоогдож, ач холбогдол ихэсч байгаагийн илрэл. Харилцан хамааралтай болох, бусдыг өөрсдөөсөө хамааралтай болгохын эхний шат нь энэ. Урт удаан үргэлжлэх энэ үйл явцад яарч болдоггүй.

-Ярилцсанд баярлалаа.  Танд амжилт хүсье.

Тоймч У.Оргилмаа
Улс төрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж