
Аман хүзүүнд хурдалсан хар шүдлэнгийн эзэн “Эрдэнэс MGL” компанийн орлогч захирал Г.Тэмүүлэнтэй ярилцлаа. Түүнийг хүмүүс “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийн хүү гэдгээр таних билээ.
-Шүдлэн аман хүзүүдүүлсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа. Хар үрээ маань АХ-ын 88 жилийн ой Үндэсний их баяр наадамд айргийн тавд хурдалж, “Дорнод – 2009” зүүн бүсийн уралдаанд түрүүлж байсан хурдан буян. Энэ жил төрийнхөө их баяр наадамд аман хүзүүнд хурдаллаа. Үнэхээр их баяртай байна.
-Хар үрээ Манлай уяач Ганхуягийн алдарт Ногоон үрээтэй нэг эцэгтэй гэдэг бил үү?
-Тийм.
-Ганзоригийн Тэмүүлэн гэдэг нэр сүүлийн хоёр жил нэлээд дуулдах болсон. Хотын унаган хүү морь сонирхох болсон нь ямар түүхтэй вэ?
-Яахав сүүлийн хоёр жил томоохон наадмуудад морь орж байгаа болохоос биш хурдан морь сонирхох болсон маань нэлээд эртнийх л дээ. Та бүхэн мэдэх байх. Миний аав сүүлийн арав гаруй жилийн турш хурдан морь сонирхон уяж байгаа. Тэр утгаараа нэлээд эртнээс хурдан морьтой холбогдох болсон. 2005 оны улсын баяр наадмаар миний шарга азарга хязааланд 11-р давхиж байсан. Тэгээд ч монгол хүн бүрийн цусанд хурдан морь гэдэг юм байж байдаг. Манай нагац ах Булганд амьдардаг. Тэднийд очоод морь мал гэнэ. Ер нь бол өөрийн чинь асуусанчлан мориноос тийм ч хол байгаагүй ээ.
-Сүүлийн үед моринд орж байгаа бизнесмен залуучуудын ихэнх нь эрлийз адуугаар наадаж, шинэ монгол адуу гаргаж авахад анхаарлаа хандуулж байгаа. Таны хувьд?
-Шинэ монгол адуу гэж ярьдагтай би санал нийлдэггүй. Яагаад гэхээр энэ селекцийн ажил чинь бүр 50-иад оны үеэс эхэлсэн. Нарийн яривал түүнээс өмнө ч байсан. Харин сүүлийн үеийн залуус маань үүнийг сайхан үргэлжлүүлээд явж байна. Магадгүй одоо оргил үе нь байж болох юм. Манай бизнесменүүд өөрсдийн хөрөнгөөр гадны хурдтай адуунуудын үр төлийг авчирч үржил хийж байгаа нь сайшаалтай. Миний хувьд ч гэсэн өөрийн хэмжээнд энэ үржил селекцийн ажлыг хийж байгаа. Манай адууны 10 орчим хувийг гадаад угшилтай буюу эрлийз адуунууд эзэлж байна.
-Танайх хичнээн толгой адуутай вэ?
-Манай аав бас адуу их сонирхож цуглуулдаг. Бид хоёр нийлээд 8-9 азарга адуутай.
-Унаган адуунууд хурдалж байна уу?
-Унаган адуунууд түрүүчээсээ сайхан давхиж байгаа. Сая “Дүнжингаравын хурд”-д гуравт давхисан хээр үрээ маань манай унаган адуу. Өнгөрсөн жилийн Эрдэнэтийн наадамд миний нэг даага бас сайхан давхисан.
-Та түрүү айраг түрүү, амжилт гэхээсээ илүүтэй адууныхаа цусыг сэлбэхэд анхаарна гэсэн?
-Миний бодол, зорилго ерөөсөө л ийм. Би моринд бол үнэхээр хорхойтой гэхдээ өөрийгөө уяач гэж хэлэхэд бас чамлалттай. Манай гайгүй сайн морьдыг МУ-ын Манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуяг ах маань уядаг. Хар үрээг маань хоёр жил дараалан уяа сойлгыг нь тааруулж хурдлууллаа. Мөн нутгийн ах Тод манлай уяач Ц.Дуламсүрэн зааж зөвлөн, зарим адууг маань уяж хурдлуулж байгаа. Миний хувьд адууныхаа цусыг сайжруулах тал дээр илүүтэй анхаарал хандуулдаг. Тэр тусмаа нутаг орныхоо адууг сайжруулах үүднээс ТV-ийн спортын албаны дарга Гандөштэй хамтраад “Арын хангайн хурд” уралдааныг хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулахаар болсон. Энэ жилийн уралдаан 8-р сарын 7-нд Архангай аймгийн Ихтамир суманд болно. Уралдаанд Архангай аймгийн бүх сумдын наадамд эхний 9-т хурдалсан хурдан хүлгүүдийг урилгаар авч ирж уралдуулна. Дээд гурван нас уралдах Арын хангайн хурдын нэг насанд 120 гаруй хурдан хүлэг уралдах бөгөөд хамгийн олон айраг түрүү авсан сумыг шалгаруулж, шилжин явах цом хадгалуулу, эрлийз удмын адуугаар байлна.
-Нутаг орноо гэсэн таны үйлс өөдрөг бүтэмжтэй байх болтугай.
А.Тэлмэн.