
Ерөнхийлөгч Барак Обама Италийн IL Corriere della Sera өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагандаа Европийн Холбоо энэхүү үе мөчид Турк улсыг Европийн холбоонд элсүүлэх асуудлаар шийдэмгий шийдвэр гаргах цаг болсон гэж мэдэгджээ.
Обама “Ийм зүйл ярьж байгааг европийнхон эмзэглэн хүлээн авах байх. Гэхдээ Турк улсыг Европийн холбоонд гишүүнээр элсүүлэн авах асуудал дэндүү удаашралтай явагдаж байна. Энэ нь саяхнаас Турк улсын зүгээс гаргаж буй үйл ажиллагааг тайлбарлах эх сурвалж болох юм гэж хүлээн зөвшөөрч байна” гэж мэдэгдсэн аж. Тэрээр “Үнэндээ туркчууд Европ тив туркчдуудад хэрхэн хандаж буйг мэдэрч байгаа бөгөөд Европийн холбоонд элсэх асуудлын явц удааширч байгаа болохоор Турк өөр холбоотон эрэлхийлэхэд хүрч байна” гэсэн байна.
Турк улс 2005 оноос эхлэн европийн холбоонд элсэх хүсэлтээ гаргасан ба Кипр арлын турк-кипрчуудыг дэмжсэнээс болоод гишүүнчлэлийн асуудал нь шийдэгдэхгүй өнөө хүрчээ.
Туркийн урьд өмнөх эрх баригчид хил зэрэглээ орших мусульман шашинтай орнуудтай харилцаагаа хөгжүүлэхээс нэлээд болгоомжтой хандаж, хүйтэн дайны он жилүүдэд барууны орнуудын найдвартай холбоотон байсан боловч одоогийн ерөнхий сайд Recef Tayyip Erdogan-ны засгийн газар Иран, Сири улс болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан ислам шашинтай орнуудтай харилцаагаа идэвхжүүлж эхэлсэн байна.
Нөгөө талаар өнгөрөгч 5 дугаар сарын 31-нд Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэхээр явж байсан туркийн усан онгоцыг израилийн цэрэг армийнхан дайрч турк иргэд амь насаа алдсаны улмаас Израильтай харилцаа нь эрс хурцадсан билээ.
Ерөнхийлөгч Обама өрнөд, дорнодын хооронд оршдог стратегийн чухал холбоотон болох Турк улстай сайн харилцаатай байхын ач холбогдлыг дурдаад “Турк улс НАТО-гийн гишүүн орон бөгөөд эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа орон юм. Мусульман шашинтай орны хувьд бусад лалын шашинтай орнуудын хувьд ардчилал хөгжсөн үлгэр жишээ орон болж байгаасай гэж хүсч байна” гэж цохон тэмдэглэжээ. Тэрээр Турк улс Ираны цөмийн энергийн асуудалд зуучлал хийх санаачлага гаргасанд шүүмжлэлтэй ханджээ.
Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг