Агаар тохируулагч технологи-АС

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Агаар тохируулагч технологи-АС

Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол бичдэг Роберт Хайнлайн нэгэн удаа уур амьсгал, цаг уур хоёр ямар ялгаатай вэ гэдгийг “Уур амьсгал гэдэг бол ямар байж болох вэ гэдэг зүйл. Харин цаг уур гэдэг нь яг одоо ямар байна вэ гэдгийг илэрхийлдэг” гэж бичсэн байдаг. Харин агаар тохируулагч буюу “air conditioning” нь хүмүүс ямар байхыг хүсээд байгааг илэрхийлдэг.

Агаар тохируулагч төхөөрөмжүүд 20 дугаар зууны эхээр үүсч эхлэхээс өмнө хүмүүс цаг агаарыг өөрсдөдөө таатай болгоход чиглэсэн олон аргуудыг хэрэглэдэг байсан. Гуравдугаар зууны үед Ромын эзэн хаан Элагабалус өөрийнхөө цэцэрлэгт зориулж цас авчруулахын тулд нэг мянган боолоо уулын оргилууд руу илгээж байв. Түүнчлэн цахилгаан сэнсний оронд алгандаа бариад эргүүлдэг, сэвдэг сэнс, сэвүүрүүдийг ашигладаг байв. Харин агаар тохируулагч АС л анх удаа хүн төрөлхтний түүхэнд агаарын хүйтэн дулааныг, чийгийг тохируулах боломж олгосон.

Энэ системийг 1902 онд зохион бүтээгч Уиллис Карриер (Willis Carrier) өөрийн хэвлэлийн компанийн цаас үнэртсэн агаарыг өөрчлөхийн тулд зохиожээ. Тэрээр агаарыг хөргөж, чийгшүүлэхийн тулд мөнгөн цаас ашигласан нь амжилттай болсон бөгөөд улмаар агаар сэрүүцүүлэгч, тохируулагч төхөөрөмжийн аж үйлдвэрийн салбарыг тавьсан. Эхэн үеийн компьютерүүдтай бараг хэмжээ дамжаагаараа дүйцэхүйц анхны гэрийн агаар тохируулагчуудыг 1914 он гэхэд айл өрх, орон байрууд тавьж эхэлсэн. Тэдгээр нь хэмжээ том, дуу чимээ ихтэй, химийн бодис их ашигладаг байв.

Технологи хөгжсөнөөр 1930-аад онд илүү тохилог цонхонд байрлуулж болох агаар тохируулагчууд бий болсон ч олон хүн худалдаж авч чадаагүй л байв. Тансаг машинуудгүй, зарим тансаг зочид буудалд ордоггүй олон нийт анх 1930-аад оноос агаар тохируулагч өргөнөөр хэрэглэх болсон кино театруудад агаар сэрүүцүүлэгчидтэй анх учирсан. Тэр үед Карриерын кино театруудад зориулж үйлдвэрлэж байсан агаар тохируулагчид 10,000-50,000 ам.доллараар үнэлэгдэж байв.

Бүхий л шинэ зүйлсийн нэгэн адил агаар тохируулагчийг тансаг хэрэглээ хэмээн үзэж байсан юм. Харин 1940-50-иад оноос агаар тохируулагч бүтээгдэхүүны салбар өөр хандлагатай болсон. Ажилчдаа сэрүүцүүлж, сэрүүн байлгах нь ажилчдын бүтээмжинд сайнаар нөлөөлж байгааг илрүүлсэн бөгөөд Гайл Күүперийн хийсэн “Агаараа тохируулсан Америк” судалгаанд агаар тохируулагч ашигласан үйлдвэрийн газруудын ажилчдын хөдөлмөрийн бүтээмж 24 хувиар нэмэгдэж байна гэж мэдэгдсэн. 1957 онд хийсэн өөр нэг судалгаагаар Күүпер агаар тохируулагч хэрэглэсэн үйлдвэрийн газруудын бараг 90 хувь нь ажлын байрны бүтээмж эрс сайжирсан гэж ярьж байгааг дурдсан.

Тэр үед Америк агаар тохируулагчийн үйлдвэрлэл, хэрэглээгээр дэлхийд тэргүүлж байв. 1947 онд Их Британийн эрдэмтэн С.Ф.Маркхам “Энэ зууны эрдэмтдийн хүн төрөлхтний соёл иргэншилд авчирсан хамгийн том хувь нэмэр агаар тохируулагч байж магадгүй” гэж бичиж байв. 1980-аад он гарах үед дэлхийн хүн амын ердөө таван хувийг эзэлдэг АНУ-ын өрхүүд бусад бүх улс орны иргэдийн хэрэглэж байгааг нийлүүлснээс ч илүү олон тооны агаар тохируулагч хэрэглэж байв. Хүмүүс агаар тохируулагчинд донтож байна гэж зарим хүмүүс ярьж, шүүмжилж байв.

Агаар тохируулагч халуунд мэдрэмтгий компьютерийн сүлжээ болон халуун зун ажлын байраа хаахад хүрдэг намаг ихтэй Вашингтон хотын ажлын бүтээмжийг өндөрсгөж, элсэн цөл дунд Лас Вегасыг сүндэрлүүлэх боломжийг олгосон. Олон сайн талтай хэдий ч агаар тохируулагч их хэрэглэх нь байгальд сайн нөлөөтэй биш байж магадгүй гэж зарим байгаль хамгаалагчид шүүмжилдэг.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж