Улаан-Үд хот 2010.07.15
Эрхэм хүндэт нөхөд өө,
Элгэн Монгол ах дүү нар аа,
Ноёд, хатагтай нар аа,
Эзэн богд Чингис хааны эмхлэн байгуулсан Их улсын элрэшгүй голомт,
Эрх чөлөөт, ардчилсан Монгол Улсын төрийн тэргүүн миний бие Монгол түмний найрсан дэвжихийн хүсэл зоригийг чагтагалан илэрхийлж, Дэлхийн энх амгалан, улс түмний эв эеийг эрхэмлэн дээдлэх чин санааг чандлан болгоож,
Найрсаг их хөрш ОХУ-ын Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо хуран цугларсан “Дэлхийн Монголчуудын Чуулган”-ы дөрөвдүгээр Ерөнхий хуралдааны эрхэм хүндэт зочид төлөөлөгч та бүхэнд болон та бүхнээр уламжлан олон газар оронд оршин суугаа монгол үндэстэн ястан, монгол угсаа гарвалтан, Монголын анд нөхдөд элгэн халуун мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхны ерөөл өргөж байгааг хүлээн авна уу.
Олон улсын цараатай энэхүү том чуулга уулзалтыг өөрийн оронд зохион байгуулахад бүх талын туслалцаа үзүүлсэн ОХУ-ын удирдлага, юуны өмнө Ерөнхийлөгч Дмитрий Анатольевич Медведев, Ерөнхий сайд Владимир Владимирович Путин нарт болон бусад сайн санаат хүн бүрт гүн талархал илэрхийлж, Оросын ард түмэнд хөгжил дэвшлийг хүсэн ерөөе.
Энэхүү чуулга уулзалтанд оролцож буй завшааныг ялдар болгон удаах хэдэн санааг дэвшүүлэн толилуулахыг болгоон соёрхох ажааму.
Нэгэн зүйл: Олон улсын харилцаа даяаршин сүлэлдэж, хүчирхэг эдийн засгуудын давамгайлал дор үндэсний онцлог, үнэт зүйлсийн хүчин зүйл бүдгэрэн, хөгжил дэвшлийн онол сэтгэлгээний ил далд зөрчилдөөн даамжирч байна. Эдүгээ цагийн энэ нөхцөл дор Монгол Улсын төр, засгийн бодлого нь монгол хэлтэн, монгол туургатны удам угсаа оршин суугаа улс орнуудтай эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа аль болох үр бүтээлтэй хөгжүүлэн бэхжүүлэхэд чиглэдэг. Энэ талаархи олон нийтийн санал санаачилгыг цаашид ч аль болохоор өөгшүүлэн дэмжиж ажиллана гэдгийг нотлон хэлэхэд таатай байна.
Нэгэн зүйл: Монгол удам гарвалтан хүмүүсийн амин зүрхний алтан аргамжаа, мөнхийн хэлхээс бол монгол хэл, бичиг, ном, судар, эрдэм мэдлэг, урлаг соёл, уламжлал зан үйлийн давтагдашгүй өвөрмөц нандин өв юм. Энэхүү хүмүүн төрөлхтний бүтээн цогцлуулсан оюуны их баялгийн арвин сан хөмрөгийн яндашгүй нэгэн ундрагыг хадгалах, хамгаалах ,судлах, дэлгэрүүлэх үйлсэд санаа тавьж, хүч чармайлтаа нэгтгэх явдал нь Монгол хүн бүрийн ариун журамт үүрэг гэж миний бие үзэж байна.
Нэгэн зүйл: Монгол ардын дуу, хөгжим, аман зохиол, бичмэл өвийн гарамгай дурсгал, үндэсний спорт, бүжиг наадам, гар урлал, дүрслэх урлагийн уламжлалт төрөл зүйлсийг нандигнан үзэж, өсвөр залуу үедээ өвлүүлэн дэлгэрүүлэх, дэлхийн соёлын өвд бүртгүүлэн хамгаалах талаар Монгол хэлт хүн зон амьдардаг улс орон бүр эв санаа нэгдэн хамтран ажиллахыг би энэхүү хүндэт чуулганы индрээс уриалж байна.
Нэгэн зүйл: Хүн төрөлхтний соёл иргэншил, төрт ёсны төлөвшил, эдийн засаг худалдаа, хүмүүнлэгийн хэлхээ холбоо, олон улсын харилцаа солилцоонд монгол түмэн түүхэн гарамгай үүрэг гүйцэтгэсэн. Эдгээрийг шинжлэх ухаанчаар судлан мөнхжүүлж дэлхийн түмний хүртээл болгоход олон газрын авъяас билэгтнүүд, эрдэмтэн мэргэд, түүхч, зохиолч, сэтгүүлч нийтлэлч, судлаачид, сонирхогч иргэд идэвхтэй хамтран ажиллахыг би хүсэж байна. Энэ ариун үйлсэд “Дэлхийн Монголчуудын Чуулган” оройлон оролцоно гэдэгт би эргэлзэхгүй байна.
Нэгэн зүйл: Монголчууд бол их түүхийг бүтээж, их түүхийг үлдээж, их түүхийг амилуулж яваа аугаа үндэстэн билээ. Монголчуудын энэ түүхийг судалдаг Монгол эрдэмтэд, залуус оюутнуудыг Монгол Улсын төр засаг дэмжиж ирсэн. Цаашид ч дэмжих болно. Монгол монголоо, монголчуудын анд найз нараа дэмжиж ажиллахыг энд хуран цугласан та бүхнээс болон та бүгдээр дамжуулан нийт монголчуудаас хүсэж байна.
Дэлхийн монголчуудын энэ удаагийн чуулга уулзалтыг гардан зохион байгуулж байгаа Буриад улсын засгийн газар, Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Вячеслав Владимирович Наговицын Танд халуун талархал илэрхийлж, чуулганы ажилд амжилт хүсье.
Улс түмний найрсаг харилцаа, хамтын ажиллага улам бүр өрнөн дэлгэрч, бэхжин хөгжих болтугай.
Хөх толбот, тэнгэрийн таалалт, зориг хийморлог Монгол түмний суу алдар үеийн үед мөнхжин бадрах болтугай.
Сайн үйлс улам дэлгэрэх болтугай.
Арван долдугаар жарны Төмөр Барс жилийн зуны сүүл сарын шинийн дөрөвний хүчин төгс бүрдэх өлзийт сайн өдөр
Холбоотой мэдээ