Н.Бадамжав: Би хүйтний хүн байх аа

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Н.Бадамжав: Би хүйтний хүн байх аа

МЗЭ-ийн “Алтан өд”-ийн
эзэн, “Шинэ алхам” олон улсын кино
зохиолын уралдааны
дэд шагналт, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Н.Бадамжавтай ярилцлаа.

-Дэлхий
дэлэгнэсэн зун цагт уран бүтээ­лийн  хэр олзтой явна даа?

-“Модон
сахалт” гээд нэг роман дээр сууж байна. Хоёр, гурван жил нухаж байна.
“Амуль” номны маань үргэлжлэл болох учиртай юм. Зуны халуунд юм хийж
чаддаггүй юм аа. Толгойдоо эсгээд л явж байна даа. Саяхан нэг кино
зохиол дуусгалаа. Найруулагч нь удахгүй авах байх. Нэгэнт л гараас
гарчихсан бол кино жүжгийн зохиол чинь миний биш хүний хүүхэд болдог юм
шүү дээ.
 
-“Модон сахалт”… Сонин нэртэй юм аа. Ер нь
таны номууд их сонин нэртэй. “Дайсику”, “Амуль” гээд л…?

-“Модон
сахалт” гэдэг чинь ажлын нэр юм аа. Харандаа шиг бүдүүн, бүдүүн
сахалтай дарангуйлагч алс бөглүү Цагаан хотыг хэрхэн захирч байгаа тухай
өгүүлэхийг хичээгээд байгаа юм. Тэгээд эцэстээ хувь тавилангийн
золиосонд хот нь ч, өөрөө ч юу ч биш зүүд зэрэглээ болж замхарч байгаа
тухай гарна. Дуусахаар нь л уншвал илүү амттай байх. Өмнөх номуудын
нэрийн тухай гэвэл “Дайсику” гэдэг далай, их уст хөндий, “Амуль” амин
охин гэсэн утгатай эртний түрэг үг. Би чинь Хөвсгөлийн хамгийн хойд сум
Цагааннуураар овоглодог юм шүү дээ. Миний эмэг эхийн нутаг л даа.
Цаатан, дархад, хотгойд, ойрадууд холилдож амьдардаг тэр чигтээ аглаг
буйд ой тайга шүү дээ. Зохиолдоо тэднийхээ тухай л бичдэг. Амьдралынх нь
хэв маяг, шүтлэг, үлгэр домог, ой тайга, уул ус, нуур, далай гээд л.
Үгээр илэрхийлж яаж барах вэ дээ, тэр бүхний тухай.   

-Хөвсгөл
гэснээс ёстой л Монголын хой­мор нутгийн их буян таны уран бүтээлийг
ивээж явдаг байх. Хөвсгөл далайг анх хараад их догдолсон шүү?

-Ёстой
газрын диваажин гэвэл Далай ээж, Дархадын хотгор, Баруун зүүн тайга,
Хорь­дол сарьдаг л байх. Манай Дархадын хотгорт л гэхэд зуу гаруй нуур
бий шүү. Усан дээр ургадаг Бадамлянхуа цэцгийн бас нэг өөр төрөл ганцхан
тэнд л ургана. Бас тэгээд Вансэмбэрүү, Алтанхусандай, Жамьянмядаг
ингээд л тоочоод байвал ямар сайхан цэцгүүд ургана гээч. Цаатангуудын
төрөлх газар нутаг нь ой тайга. Тал хээрийн нүүдэлчдээс ангид өөр
нүүдэлчдийн ахуй амьдрал, ёс заншил тэнд бий. Үнэхээр өвөрмөц. Олон
ястан угсаатны нутаг хэрнээ өвөр зуураа их эв найртай амьдардаг юм.
Далай ижийгээ цөм шүтнэ. Хөвсгөл далайн хог хаягдлыг цэвэрлэж байдаг
мөнх настай нэг эмгэний тухай “Илүү сартай зун” кинон дээр гардаг шүү
дээ. Тэр хүн чинь үнэхээр домог болсон. Аль дээр үеэс яригдсаар ирсэн юм
гэнэ лээ. Хүүхэд байхдаа тэр далай ижийтэй уулзах гэж өдөржин далайнхаа
эрэгт өвдгөө тэвэрч суугаад сахидагсан. Тэр л далай ижийнхээ онгод
сахиусанд багтаж явдаг байх аа гэж дотроо сүслэдэг шүү. Нээрээ чамд нэг
сонин юм ярихад манайхан тайгад худал хэлэхийг үзэхгүй шүү дээ. Бүр
бичигдээгүй хуультай гэж байгаа. Бас анчдын урцнаас хоол хүнс, лаа
шүдэнз авсан бол заавал орыг нь хоосолчихгүй үлдээгээд, хэрэглэснийгээ
сэлбээд явдаг номтой. Хаа очих гэж байгаагаа тайгад хамаагүй хэлдэггүй
гээд халхуудад хачин жигтэй санагдах “дүрэм журам” барина шүү дээ. Тэр
бүгд л миний зохиолд тусаасай гэж боддог юм. 
 
-Тийм үү. Тэгээд
хэр тусгасан бэ. Их сонир­холтой санагдаж байна. Би нээрээ Хөвсгөл далай
дээр очоод мөнх настай эмээг зөндөө хайсан. Гэхдээ хайгаад олоогүй. Энэ
талаар нутгийнх нь зохиолч хүүгээс тодруулмаар байх юм?
-За байз,
номноос маань уншвал илүү дээр байх аа даа. Тэнд тодорхой бий. Тэр тухай
хэлэх гэж ээрч муураад, хольж солиод ярьж байснаас уншигчид өөрснөө
тэндээс уншчихвал өөр өөрийнхөөрөө бүр илүү ойлгож мэдрэх байх. Үнэнийг
хэлэхэд тийм эмээг би ч хараагүй. Гэхдээ байдаг гэдэгт нь итгэлтэй
байдаг шүү. Миний төсөөллийн мөнх настай эмгэн Амуль номын “Цэнхэр цас”
бэсрэг роман дээр Амильсу ээжийн дүрээр байдаг юм. Би тэгж л төсөөлж,
дээдлэж хүндэлж явдаг даа.       
 
-Хүн, байгаль хоёр
хүйн холбоотой гэдэг. Зун цагт би эрх болдог юм. Эх орондоо эрхэлмээр.
Харин та?

-Би ч хүйтний хүн юм шиг байгаа юм. Хүйт­­ний
эрч чангарах тусам дурсамжууд маань сэргээд юм хиймээр л санагддаг. Хүн
ер нь байгалийн амьтан шүү дээ. Догдлуулах гэж хавар, тайвшруулж баясгах
гэж зун, юм бодуулах гэж намар, юм бүхнийг ухаар гэж өвөл цагийг бий
болгосон ч юм уу. Газар ээж, тэнгэр эцэгтээ мөргөж сүслэж явбал бүх юм
аяндаа цэгцрээд явчихна. Зуны өглөө хар нүд хуу татуутаа л нойрмог
чигээрээ шүд хага ташмаар булгийн хүйтэн усаар толгойгоо угааж
сэргэчихээд шувуудын жиргээнд оюунаа уусган, бодол санаагаа хаа байсан
алс тэртээд зүгээр л сул тавьчихаад исгэрч явахад хэчнээн сайхан. Хүний
нас гэдэг солонго шиг хойно шувуудын нисэх хязгаараас бодол санаа, зөн
билгээрээ замбуулингийн учир начрыг таниж мэдэх гэж улайрахгүй зүгээр л
анзаарч явах л эрхэм юм уу даа.

-Нээрэн тийм шүү.
Нутгийнхаа тоглож өссөн бууцаа санаж байна уу?

-Өө
саналгүй яахав. Гэхдээ далайгаа илүү санадаг. Яагаад ч юм. Хүндхэн үед
илүү их зүүдлэгддэг юм. Хадан хүй арал дээрх цахлай шаагиад л, зоос шиг
загаснууд усны гүнд сүлжилдээд, өөрөө гартаа барих сэлүүргүй нүцгэн
завьтай хэрнээ огт айхгүй салхины аясаар хөвөөд л байх юм гээд зүүдэлж
өгнө шүү дээ. Зохиолдоо улайрахаар хамгийн их зүүдлэгдэнэ. Би чинь
зүүдээрээ далай ижийтэйгээ холбоотой юм байхгүй юу. За нөгөө зөн
билэгчид шиг юм болох нь ээ. Гэхдээ л Б.Галсансүхийн хэлсэнчлэн сэтгэл
гэдэг эрхтэн шүү. Анх ургасан газраасаа заавал шим шүүсээ хүртэж байх
учиртай. Тэгэхгүй бол хатангиршиж, өвчилж, үхэх болно. Сэтгэлээрээ
үхсэн, үхэж яваа олон хүн байдаг шүү дээ. Тийм л болно. Ажил албаны зав
зай болохгүй юм гэж өөрийгөө хуурах л юм. Гэхдээ энэ хамгийн буруу юм
шиг байгаа юм. Чамайг ингээд асуухаар л цэнхэр хязгаар маань дуниартаад л
нүдэнд харагдчихлаа.  

-Ороо бусгаа энэ цаг нийгэмд
хөлөө олж амьдрахад бэрх. Гэхдээ л тэвчээртэй хүнийг тэнгэр тэтгэдэг
гэсэн. Та хэр тэвчээртэй вэ?

-Тэвчээртэй ч гэхэд арай
биш юм шиг байгаа юм. Гэхдээ л бусдыг шүүмжлэх дургүй, аль болох муу
санахгүй, элдэв буруу зүйл хийсэн бол уучлал гуйж , санааг нь сэвтээхгүй
юмсан гэж боддог. Хүн асаад байхад дагаад дүрэлзээд байхгүй. Аслаа
гэхэд дотроо л голдуу асна. Зөөлхөн тал руугаа хандахаар хүнд тал засч
байх юм гэж найзууд хэлдэг юм. Яах вэ тэгж л явна. Нуувчны тулаанд хэн ч
ялдаггүй шүү дээ. Нэг нь ч гэсэн цагаан туг өргөж явья л даа. Уур
хилэн, атаа хорсол хүнд хэзээ ч сайн юм авчрахгүй дээ. 
 
-Таны
найзууд дандаа л зохиолчид юм шиг санагддаг. Хамт нийлж гашуун дарс
хүртдэг ч тэдний гар доороос гайхамшигт бадаг төрөх л болно гэж Ардын
уран зохиолч Д.Цоодол гуайн шүлэг санаанд ордог юм. Зохиолч хүнтэй ганц
шил юм хүртэх, энгийн хүнтэй хүртэх хоёрт их ялгаа бий биз?

-Найзуудтай
байх сайхан шүү. Аяга тагшхан юм эргүүлэлгүй яах вэ. Сайхан санаа, хийж
байгаа уран бүтээл, оноо алдаагаа ярилцаад суух шиг эрхэм зүйл уран
бүтээлчдэд байхгүй шүү. Миний муусайн найз нар зохиолч, яруу найрагч,
дуучин, зураач, хөгжимчин, урлаг судлаач бүүр балетчин хүртэл байгаа.
Бүжиглэдэггүй балетчин. Тэр нь бий л дээ /ха ха/. Намайг горз­гор
туранхай болохоор нь ийм нэр өгөөд байгаа юм. Өөр олон найз би. Нөхөрлөе
гэвэл хэн ч нөхөр, дайсагная гэвэл хэн ч дайсан шүү дээ. Хүнд бүр
яснаас дургүй нь хүрээд байдаг хүн гэж бараг байдаггүй байх шүү. 

-Өдөр
тутмын сонины халуун тогоонд чанагдана гэдэг амаргүй. Яагаад өдөр
тутмын сониноос радио руу урвачихав аа?

-1997 онд
сургуулиа төгсөөд анх өдөр тутмын Улаанбаатар сонингоос ажлын гараагаа
эхэлж байлаа. Дараа нь “Монголын мэдээ” сонин гээд л. Тэгээд л
“Улаанбаатар радио”-д ажилласан. Эцэст нь “Өнөөдрийн Монгол” сонинд
хэсэг байлаа. Ёстой арслан барын аманд гараа хийхээс буцахгүй тийм л
насанд сонины ачааллыг даах юм билээ. Одоо бол миний барахгүй даваа
болсон байна лээ. Тэгээд л буцаад радиодоо ирсэн. Радиодоо ч ээнэгшин
дасч. Ингээд л үлий сахьсан сар шувуу шиг хэдэн дүү нарынхаа гараас
гарах уран бүтээлийг нь сонждог, эфирт оруулах зөвшөөрлийг нь өгдөг
ажилтай сууж байна.

-За арай ч дэндэнээ. Та чинь залуу
хүн шүү дээ. Нас тогтсон хүн шиг ярьдаг байгаа. Би л хувьдаа тантай
санал нийлэхгүй байна?

-За даа тийм бол сайн л байна.
Голцуу өвгөцүүл, эмгэцүүл зохиолын баатрууд болоод байхаар нэг иймэрхүү л
янзтай байх юм байна шүү дээ. Одоо жаахан залуужуулахаас тэгвэл. 

-Ер
нь үндэсний их баяр наадмаар монгол омогшлыг л олж харахыг хүсдэг. Та
тэр омогшил бахархлыг олж харж чаддаг уу?

-Ээ, тэгэлгүй
яах вэ дээ. Бөх, сур, хурдан морь. Энэ чинь нүүдэлчдийн хэдэн мянган
жилд гол амин сүнс, шүтээн болсон гурван манлай. Өвөл зундаа агаарын
температур нь 100 градусаар хэлбэлздэг ийм нутаг оронд эртэй бяртай
хүчтэй нь амьд үлддэг хуультай. Тэр нь монгол хүн бүрийг бөх болгож
байгаа юм. Ончтой мэргэн байж хоол хүнс энэ хязгаар нутгаас ан аваа
авлаж өөрсдийгөө тэжээнэ. Хүн болгон сур харвадаг байх учиртай. Нүд
алдам өргөн уудам тал нутагт морьгүй хүн хэн билээ. Нохой явган гахай
нүцгэн гэдэг шүү дээ. Тэрэн шиг л юм болно. Ийм гурван эрдэнэ
шүтээнгүйгээр энэ нүүдэлчид хэзээ ч хүчирхэг улсыг байгуулж чадахгүй
байсан. Бас өөрснөө ч оршин тогтнож чадахгүй байсан. Цаашид ч оршин
тогтнохгүй. Монголыг Монгол болгосон ийм гайхамшгаараа бид аархаж
омогшихгүй юм бол би хэн билээ. Юу ч биш шүү дээ гэж бодохоос яах
юм.          

-Монголчууд маань харийн соёлын сайх­ныг
гайхах юм. Мэдээж гайхан шүтэхийг үгүйс­гэж болохгүй л дээ. Харин эх
орон маань ямар их агуу увидастайг тэр бүр мэдэрдэггүй юм шиг?

-Тэр
бол цаг зуурын юм байх аа. Тэртээ тэргүй энэ монголчуудын цусанд юм, юм
бий. Яах вэ улс гэр ядруу байхад нэг хэсэг нь гадагшаа энэ тэр гараа л
биз. Америкт байгаа найзууд маань хүртэл харихсан гэж бичицгээдэг.
Монгол ямар аугаа юм бэ гэж нулимс унагаж суугааг нь би эндээс гадарлаад
шимширч суух. Харийн соёл л гэнэ. Авахыг нь аваад, хаяхыг нь хаяж гээх
ухаан Монгол толгойноос арчигдсан гэхэд би л лав итгэхгүй. Ямар биднийг
сансраас тал нутагт хаячихсан биш. Харийнхан гэж ад шоо үзэхийн хэрэг юу
байгаа юм. Гол нь язгуураа бариад уламжлалаа баримтлаад зөв сайхан
явахад болохгүй нь юу байх вэ дээ. Юманд хэтэрхий туйлширдаг мануусын
зан их муухай зан шүү. Өвөг дээдэс маань шашин болгонд эрх тэгш ханддаг л
байсан. Ихийг их, багыг бага гэлтгүй л харьцдаг байсан. Энэ туйлширдаг
өвчин харин ч бидний яс цусанд наалдсан өвдөл цөвдөл хог шүү дээ. Хусаад
хаячихад гарлага болохгүй олз л болох байх.    

 -Эх
орныхоо ирээдүйг сэтгүүлч хүний хувьд, залуу хүний хувьд хэрхэн төсөөлж
байна?

-Бид сайн сайхан амьдарна аа. Ирээдүй ч сайн,
сайхан байна. Гагцхүү сэтгэлээ нэг л ариусгаж чадахгүй байна уу даа.
Ядаж дотор сэтгэлээ сонсч чадахаа больж байх шиг байна. Мөнгө төгрөг,
эрх мэдэл гэдэг юу билээ дээ. Нэг л хуй салхинаар хийсээд одчих зоргодос
эвлүүлсэн байшин шүү дээ. Харамсалтай нь шимтдэг юм энэ л болж. Нөгөө
талаараа сэтгүүлч бид нийгмээ соён гэгээрүүлэх сайн сайхан руу хөтлөх
ёстой үүргээ тэр бүр мэдрэхгүй байх шиг байна. Чи шатахгүй, би шатахгүй
бол энэ түнэр харанхуйг хэн гэрэлтүүлэх юм бэ гэсэн үгэнд би дуртай.
Миний үзэг нэгтнүүд ч энэ үгийг бодож яваасай гэж боддог юм. Шувуу
хүртэл буруу дэвээд байх юм гэж ярьдаг. Шувуу буруу дэвнэ ч  гэж юу байх
вэ дээ. Харж байгаа хашрын нүд нь сөөлжүү хараад байгаа хэрэг шүү дээ.
Монголчууд заяатай бол заяатай, тавилантай бол тавилантай ард түмэн.
Хөгжихдөө л хөгжинө. Одоо ч хөгжил доройдоо яачихаад байгаа юм. Цаана
чинь иргэншлийнхээ солиоролд автаад хүн гэгч амьтан сэтгэл зүрхээ гээж
байна. Амьдрах орон зай, сохор улаан зоосны төлөө билгийн мэлмийгээ
хаалгаад байна, энэ хүн төрөлхтөн чинь. Газрын хаанаас ч хэнбугай ч
ирсэн хаалгаа дэлгэж гэртээ оруулж дайлж цайлаад хонуулж өнжүүлээд
байдаг ард түмэн энэ бөмбөрцөг дээр байна уу. Манай найз Л.Ганзулын,
-Миний ард түмэн шиг нэг их гүрнээр хөлөө хучуулж нөгөөгөөр нь тэргүүнээ
дэрлэдэг гэж шүлэглэсэн байдаг юм. Үнэн үг шүү. Ийм зол заяат ард түмэн
бөмбөрцгийн энэтээд бий болов уу. Үгүй л байх даа. Тэгээд хэнээр ч амаа
хориулахгүй хэлдгээ хэлж, хийдгээ хийж хар гэртээ хаан, бор гэртээ богд
шиг залардаг нь бас л юу бол. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг
амьдарч болох Монгол шиг улс хөгждөг юм аа. Гол нь бидэнд сайн сайханд
тэмүүлэх итгэл, өв уламжлалаа нандигнах шүтлэг, хийж бүтээх эрч хүч л
хэрэгтэй байх шиг. Дээр нь сөөлжүү нүдээ зөв сэтгэлээр л эмчлэх хэрэгтэй
шүү.    

-Естой гоё хэллээ. Манай нэг найз Солонгосоос
над руу мессеж бичиж байна. Тэгсэн би эх нутагт минь бороо орж байна
гэсэн чинь “Миний муу ядарсан эх  оронд хур буухад мах үзсэн чоно шиг
баярлах байх даа” гэсэн мессеж ирэхэд хамрын самсаа шархирсан шүү?

-Тэдний
чинь цусан дахь Монголоо санах өвчний вирус нь идэвхжээд байгаа нь тэр.
Ээ дээ, манайхнаас өөр ингэж нутаг орноо санагалздаг нь хэр олон бол
доо гэж санадаг юм. Монголдоо байгаа хэрнээ аймгаа санана. Аймагтаа
байгаа хэрнээ сумаа санана. Сумандаа байгаа хэрнээ төрж өссөн гол усаа
санана. Санагалзахын ийм гэгээн зовлонгүй бол хүн гэгч амьтан хэнсэн
байх бол оо гэж бас бодогдох. Ийм “гэр амь”-тай иргэнтэй улс сайн сайхан
байхаас өөр яах ч билээ. Сайхан шүү миний эх орон.

-Утга
зохиол хэмээх эелдэг атлаа өндөр босготой их айлын тогооноос хоол
зооглох хувьтай төрсөн танд битүүхэн цагаан атаархал төрөөд байна?

-Утга
зохиол өөрөө ямар нэгэн тогоо биш юм шиг байгаа юм. Бүр өндөр уулын
орой байгаад бид мацаад байгаа юм биш. Гагцхүү хүн утга зохиолыг
бүтээдэг, туурвидаг, өөрөө өндийлгөсөн тэр утга зохиолоо тогоо ч гэх юм
уу, уул ус ч гээд юм уу нэрлээд байгаа юм шиг байгаа юм. Тэрнээс цаг
хугацаа хүнээр гоёж явна гэдэг утга зохиол гэдэг эзэн биегүй зүйл
хүмүүсийн туурвилаар өөрийнхөө мөн чанарыг тодорхойлоод байх шиг.
Үнэнийг хэлэхэд Монголын утга зохиол, дэлхийн утга зохиол гээд том том
юм ярих үнэхээр дургүй. Тийм хүмүүсийн өмнөөс яс хавтайх шиг болдог. Муу
байна ч гэх шиг. Ноён оргил боллоо ч гэх шиг. Дуртайдаа, өөрийгөө
илэрхийлэх боломжийг олгож байгаа болохоор л бүтээж туурвиж, байна миний
хувьд. Би өөрийнхөө ертөнцийг л босгож бүтээж байна. Энэ ертөнцгүйгээр
миний үзэл бодол, бусдыг таних гэсэн эрмэлзэл үгүй болохоор л бичиж
байгаа хэрэг. Тэрнээс тэр алдар нэр, гавьяа шагнал огтоос ч хамаагүй. 99
хувийн хөдөлмөр нэг хувийн авьяас гэдэг үгийг зүрхэн тарни шигээ санаж л
өөрийнхөө гараар чулуу нэмсээр уулаа бүтээж байгаа хэрэг. Уулсын бэлд
нар харахгүй сүүдэрт дарагдаж суухгүйсэн гэхдээ л нар өөд тэмүүлэн
ургахыг хичээж байгаа л нэг муу мод. Өөр юу ч биш. Хүмүүс жаахан магтаж
байвал тэдэнд таалагдаж. Харин өөртөө боломжийн юм шиг санагдвал түүнээс
ч илүү ахин дэвжих шат ахиж байна гэж улам эрч хүч олно. Ийм л үзэл
санаатай хүн дээ би гэдэг амьтан.

-Тэгвэл уулын оргилд
гарсан зохиолч­доос адис авмаар юм байна даа. Монгол хүн их сүсэгтэй шүү
дээ?

-Хүн болгон л бурхан шүү дээ. Хэн нэгнээс адис
авахаас илүү өөрөө өөртөө адистэдийг бий болгох нь илүү чухал байх. Илүү
ихийг мэдэх тусам илүү ихээр ертөнцийн зовлонд шанална. Эцэстээ энэ бол
үйлдэж байгаа болгоноос маань учир шалтгаантай юм байна гэж ойлгоод
ирэхээр хүн өөрөө өөртөө бурхан юм байна гэж Будда гэгээрсэн юм гэнэ
лээ. Сүүлийн гаргалгаа нь ямар ч байж болох ч хүн гэдэг дотроосоо л
бүхнийг олж авч болно гэж би боддог шүү. Гадны хүчинд найдах бол тийм ч
их үнэ цэнэгүй, утга агуулга барагтайхан, амт нь ч сул байх болов уу л
гэж бодох юм. Тийм сохор сүсэг салхитай шөнө лаа бариад явах шиг л
найдваргүй байх гэж гэнэт санаад л энийг хэлж байгаа юм шүү дээ.   
 
 
Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж