АТГ-ын дарга нарын асуудлыг хойшлуулав | News.MN

АТГ-ын дарга нарын асуудлыг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

АТГ-ын дарга нарын асуудлыг хойшлуулав

АТГ-ын дарга нарын асуудлыг хойшлуулав
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж, Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын асуудлыг авч хэлэлцсэн ч мөн л өмнөх шигээ тодорхой шийдвэр гаргаж чадсангүй. Харин гишүүдээс гаргасан горимын саналын дагуу уг асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор авч хэлэлцэн, дүгнэлтийг сонсох ёстой гэж үзсэн юм байна. Энэ асуудлаар Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнээс дараах тодруулгыг авлаа.

-Авлигатай тэмцэх газрын дарга нарын асуудлыг дөрөв дэх удаагаа авч хэлэлцлээ. Хурлаас ямар шийдвэр гаргав? 

-Хууль зүйн байнгын хороо долдугаар сарын 9-ний өдөр хийсэн хуралдаанаа өнөөдөр үргэлжлүүллээ. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий  прокурорын саналыг авч хэлэлцлээ. Байнгын хорооны гишүүд тал бүрээс нь ярилцаад зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэсэн. Улсын ерөнхий прокуророос санал болгосон албан тушаалаас нь түдгэлзүүлэх үндэслэлд хоёр зүйлийг дурдсан. Нэгд нь төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан, хоёрт гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчсөн гэж… Гүйцэтгэх ажлын тухай асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор авч хэлэлцэх ёстой байдаг. Энэ дагуу тус хорооны саналыг авъя гэсэн. Гишүүдээс ч бас ийм горимын санал гарсан. Дээр нь Авлигатай тэмцэх газрын дарга нартай холбоотой асуудлыг шалгахаар Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас хамтран ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Тус ажлын хэсгийн дүгнэлт эцэслэн гараагүй байна, тэндээс гарах дүгнэлтийг харж, асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна гэж гишүүд үзлээ.
-Тэгэхээр энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулж чадахгүй нь гэж ойлгож болох уу?
-Шаардлагатай бол ээлжит бус чуулганыг зарлаад асуудлыг шийдвэрлэж болно. Хамгийн гол нь манай байнгын хороогоор хэлэлцэх ёстой бас нэг асуудал нь Үндсэн хуулийн цэцийн 04 тоот дүгнэлтийг хэлэлцэх явдал юм.

-Авлигатай тэмцэх газрын дарга нарын захиалгаар УИХ-ын 20 гаруй гишүүнийг тагнаж чагнасан гэх дуулиан мандаад байгаа. Энэ талаар танд мэдээлэл бий юу?

-Ийм зүйл байхгүй гэдгийг аль аль нь хэлсэн.

-Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас байгуулагдсан хамтарсан ажлын хэсгийн дүгнэлт гарах дөхөж байгаа болов уу. Хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга нарын асуудлыг 14 хоногийн дотор багтааж шийдвэрлэх ёстой. Уг заалтыг хэрэгжүүлж чадах уу, УИХ? 

-Авлигатай тэмцэх газрын дарга нарын асуудлыг 14, бусад албан тушаалтныг долоо, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хоёр хоногийн дотор багтаан шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Бодит амьдрал дээр яг тэр заасан хугацаанд амжиж, хэлэлцэн шийдвэрлэж чаддаггүй л дээ. Тийм нөхцөл ч бас байдаггүй. Гэхдээ л бид хуульд заасан хугацаанд хэлэлцэн шийдвэрлэхийн төлөө байна. Тагнуулын байгууллага, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны хамтарсан ажлын хэсгийн дүгнэлт удахгүй гарах болов уу л гэж бодож байна даа.

Г.Дарь

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж