Зарим банкуудад хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Зарим банкуудад хариуцлага тооцно

УИХ-аас шинэчлэн баталсан Банкны тухай хууль энэ долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Энэ хуулийн дагуу арилжааны банкууд нөлөө бүхий хувь эзэмшигч /банкны таваас дээш хувийг эзэмшигч гэж хуулинд тодруулан заасан байгаа/, Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогчийн талаарх мэдээллийг олон нийтэд ил болгох ёстой. Гэвч хууль хэрэгжиж эхлээд хагас сарын хугацаа өнгөрч байгаа ч өмнө нь хувь эзэмшигчдээ албан ёсоор илээр зарласан байсан ХААН, Хас, Голомт банкийг эс тооцвол банкууд энэ мэдээллээ ил болгоогүй хэвээр байгаа юм. Өмнө нь “АЭ” энэ талаар дурдаж, хууль ийнхүү хэрэгжихгүй байгаад хэн хяналт тавьж, хариуцлага хүлээлгэхийг асууж байсан. Тэгвэл энэ талаар Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэн тайлбар өглөө. 

-Арилжааны банкууд хувь эзэмшигчдийнхээ талаар мэдээллээ ил болгохгүй байна. Үүнд ямар нэг хариуцлага тооцох ёстой юу? Танайх үүнийг хянаж байх ёстой юу ?

-Тийм ээ, манайх мэдээллийн үнэн зөв байдал зэрэгт хяналт тавих ёстой. Хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага ноогдуулдаг дүрэм журмын дагуу хариуцлага ноогдуулах ёстой.

-Та жишээлбэл, өнөөдрийн байдлаар банкуудын вэб сайтуудад мэдээллээ тавьсан эсэхийг шалгаж үзэв үү?

-Төв банкны хувьд арилжааны банкуудын талаарх бүх мэдээлэл бидэнд бий. Гэхдээ бид үүнийг гуравдагч этгээд буюу олон нийтэд мэдээлэх ёсгүй. Арилжааны банкууд өөрсдөө хуульд заасны дагуу мэдээлэх ёстой. Мэдээж хэрэг бидний зүгээс банкуудад зохих анхааруулгуудыг өгсөн.

-Гэвч өнөөдрийг хүртэл миний харснаар бол өмнө хувь эзэмшигчдээ зарласан банкуудаас бусад нь мэдээллээ ил болгоогүй л байна. Ийм тохиолдолд яах ёстой вэ?

-Банкуудын зүгээс тайлбар хэлж буй асуудал бий л дээ. Энэ нэгдүгээр сард хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар банкны Төлөөлөн удирдах зөвлөлд нэг хараат бус гишүүн сонгогдох ёстой. Уг хараат бус гишүүнийг сонгох журмыг гаргах ёстой. Манай зүгээс төслийг бэлэн болгосон, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдаж хэлэлцэх ёстой юм. Удахгүй батлагдана гэж хүлээгдэж байгаа. Тэгэхээр арилжааны банкууд энэ журмыг гарсны дараа хараат бус гишүүнээ сонгоод мэдээллээ нэгмөсөн зарлая гэсэн тайлбар хийж байгаа л даа.

-Журам гараад хараат бус гишүүнээ сонгосны дараа нийт мэдээллээ ил болгоно гэхээр бас л чамгүй хугацаа шаардагдах нь ээ?

-Үгүй бидний зүгээс хараат бус гишүүнээ сонгоогүй байгаа ч одоо байгаа мэдээллүүдээ ил болгоно уу гэсэн шаардлага тавьж байгаа. Тэгэхээр удахгүй арилжааны банкууд мэдээллээ тавьж эхлэх байх аа.

-Дашрамд банкны бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр хэмээн шуугиан тарьсан асуудал ямар шатандаа байгаа вэ? Монголбанкны ерөнхийлөгчийн хэлснээр төв банк хууль санаачлах субьект биш, өөрийн хөрөнгөөр дэмжлэг үзүүлэх, бонд гаргах асуудал учраас Сангийн яам УИХ-д өргөн барих байх гэж ярьсан. Сангийн яам уг төслийг УИХ-д өргөн барихаасаа бас цааргалаад байгаа бололтой байсан?
-УИХ-ын гишүүн Б.Цэнгэл, Я.Батсуурь нарын гишүүд УИХ-д өргөн барихаар болсон. УИХ-ын гишүүд болон Засгийн газар, Ерөнхийлөгч л УИХ-д хуулийн төсөл өргөн барих ёстой байдаг шүү дээ. Тийм болохоор энэ хөтөлбөрийн төсөл удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх байх аа.

-Гэхдээ хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй байсан байх аа?

-Тийм байх. Удахгүй хэлэлцэх байх гэж найдаж байна. 

-Бас нэг анхаарал татах асуудал, төрөөс банкны харилцах, хадгаламжид баталгаа гаргасан. Энэхүү арга хэмжээ хямралын үед үүргээ гүйцэтгэсэн, одоо үүнийг даатгалын систем болгож өргөжүүлэх хэрэгтэй гэгдэж хуулийн төсөл санаачилсан. Өмнө харилцах, хадгаламж гэж хэт хавтгайруулан баталгаа гаргасныг бага зэрэг хумихаар төсөлд тусгагдсан гэж та ярьж байсан?

-Тийм. Уг хуулийн төслийг УИХ өнгөрсөн баасан гаригт эхний хэлэлцүүлгээр дэмжсэн байгаа. Энэхүү хуулийг өөрчилснөөр өмнө нь

-банк хоорондын хадгаламж,

-өр зээлтэй этгээдүүдийн хадгаламж

-хувь нийлүүлэгчдийн хөрөнгө

-өндөр хүү амлан өрсөлдсөн буюу Монголбанкны бодлогын хүүгээс илүү хүүтэй хадгаламжуудыг төрөөс батлан даасныг болиулсан. Ингэснээр үндсэндээ 500 гаруй тэрбум төгрөгөөр батламжийг багасгаж байгаа гэсэн үг. Мөн иргэдийн хадгаламжийн 0,5 хувийг тодорхой дансанд хуримтлуулан хадгаламжийн даатгалын сан бий болгох гэж байгаа гэх мэт нэлээд хэдэн том өөрчлөлтүүд үндсэндээ эхний хэлэлцүүлгээр дэмжигдсэн байгаа.

-Иргэдийн хадгаламжаас сан байгуулна гэхээр иргэдэд хүндрэлтэй тусахгүй юу?

-Үгүй ээ, харин ч хадгаламжийн даатгалтай болсноор эрсдэлээс хамгаалагдаж байгаа гэсэн үг. Энэ нь иргэд гэхээсээ илүү тэдний итгэлийг татаж, хадгаламжийг нь төвлөрүүлж байгаа гэдэг утгаараа банкуудын хариуцах асуудал гэж ойлгож болно. 

А.ТУЯА
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж