Даалгавраа сайн хийснээ дуулгахаар яарчээ

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Даалгавраа сайн хийснээ дуулгахаар яарчээ

Даалгавраа сайн хийснээ дуулгахаар яарчээ
Улсын баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев нар  утсаар ярьсан тухай албан мэдээг Төрийн ордноос цацсан билээ. Баяр наадмын их амралтын өмнөх өдрийн үдээс хойш цацагдсан мэдээ төдий л олон хүний сонорт хүрч амжилгүй замхрах шиг боллоо. Олон хоног өнжин байж гарсан өдөр тутмын сонинууд баяр наадмын сонин хачны тухай бие биетэйгээ давхцуулан мэдээлсэнээс бус энэ ярианы тухай бараг дурдаагүй байна.
Албан мэдээний эхэнд Монгол-Оросын харилцааны зарим асуудлаар хоёр орны Ерөнхийлөгч нар санал солилцлоо гээд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев энэ сарын 15-18-ны өдрүүдэд ОХУ-ын Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо болох Дэлхийн монголчуудын дөрөвдүгээр чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байгаад баяртай байгаагаа илэрхийлэв гэжээ. Цааш нь Ерөнхийлөгч нар ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2009 оны наймдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярилцан тохирсон зарим зүйлийн хэрэгжилтийн талаар санал солилцож, энэ чиглэлээрх Засгийн газруудын ажлыг эрчимжүүлэх, тухайлбал, энэ оны есдүгээр сард ОХУ-ын Эрхүү хотод болох Байгалийн эдийн засгийн чуулганы үеэр Ерөнхий сайд нарыг уулзуулах, шаардлагатай тохиолдолд Монгол улсын Ерөнхий сайдыг ОХУ-д айлчлуулахаар ярилцав гэж дурджээ.
Одоогоос нэг жилийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Халх голын байлдааны ялалтын 60 жилийн ойн ёслолд оролцохоор Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалын үеэр хоёр орны Ерөнхийлөгч нар өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцээр хийж,  “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Тунхаглал”-д гарын үсэг зурсан юм. Энэ тунхаглал бол манай хоёр орон стратегийн хувьд түншлэлээ хөгжүүлье гэсэн агуулгатай болохоос бус стратегийн түнш шүү гэсэн санаа биш болов уу. Харин энэ дашрамд дурдахад Монгол Улс Япон улстой иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулсныг хэлэх хэрэгтэй. Энэ нь түншлэлийн хувьд манай улс Оросоос илүү Японтой сайн харьцаатай гэсэн үг юм.
Саяхан Улсын баяр наадамд маань хүндэт зочноор оролцсон АНУ-ын нэрт улстөр судлаач, доктор З.Бжезински Гадаад харилцааны яаманд “Евроази дахь АНУ-ын гадаад бодлого” гэсэн сэдвээр лекц уншихдаа “ОХУ-ын одоогийн засаг захиргааны бодлого нь Европын холбоотой бүх талаараа харилцаагаа өргөжүүлж, улам ойртох чиг баримжаатай боллоо. Хэрэв энэ чиг шугам цаашид тууштай бөгөөд илүү идэвхитэй хөгжсөөр байвал Монгол Улс Европтой хил залгах цаг ирэх болно” гэж хэлсэн нь судлаачдын анхаарлыг татаж байна. Цаашлаад манай улсын ажиглагч гишүүнээр ажиллаж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШАХБ/-ыг бүтцийн хувьд институтын хэлбэрээ боловсронгуй болгож, гишүүн орнуудынхаа харилцааг салбар тус бүрээр илүү баяжуулж өгвөл бүс нутгийн аюулгүй байдал, ялангуяа Монгол Улсын гадаад аюулгүй орчинг баталгаажуулахад том үүрэг гүйцэтгэх боломжтой гэж доктор  З.Бжезински хэлжээ. Хуучин системийн үед АНУ, ЗСБНХУ-ын хооронд стратегийн зэвсэглэлийг хязгаарлах гэрээ байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж байсан доктор З.Бжезинскийн үгийг өнөөдөр ч дэлхийн нэртэй улс төрийн зүтгэлтнүүд, геополитик судлаачид анхаарлынхаа төвд байлгадаг билээ.
Ноён З.Бжезинскиг Улаанбаатарт ийнхүү лекцээ уншиж байх үед Улсын баяр наадмыг тохиолдуулан дахиад л ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн баярын мэндчилгээ Москвагаас, Кремлээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр дээр ирлээ. Уг мэндчилгээндээ “Манай хоёр орныг найрамдалт харилцаа, олон талт хамтын ажиллагаа холбож, орос, монголын ард түмний түншлэлийг идэвхтэйгээр  урагшлуулан хөгжүүлэх, бүс нутаг, олон улсын тогтвортой байдал, аюулгүй байдлыг бататгах ашиг сонирхолд чиглэгддэг билээ. 2009 оны наймдугаар сард танай оронд төрийн айлчлал хийснээ дурсан санахад таатай байна. Тэр үед гарын үсэг зурсан баримт бичгүүд, ялангуяа Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Тунхаглал, бидний уулзалтын явцад хүрсэн тохиролцоонууд Орос, Монголын яриа хэлэлцээ, ажил хэргийн болон хүмүүнлэгийн харилцааг улам бүр өргөжүүлэхэд шинэ түлхэц үзүүлнэ гэдэгт итгэл төгс байна” гэжээ.
Ийнхүү хэлэлцэн тохирсон зүйлээ урагшлуулья гээд байн байн дахин дахин сануулаад байгаагийн учир нь өнөөх л Монголын ашигт малтмалын томоохон ордыг эргэлтэнд оруулж байгаатай холбоотой нь тодорхой. Ялангуяа ураны ордуудыг хамтарч ашиглах асуудал юуны түрүүнд хүлээгдэж байгаа. Дээр нь УИХ-ын хаврын чуулганаар Монгол Улсын төмөр замын бодлогыг ОХУ-ын хувьд ихээхэн ашигтай тусахаар баталсан нь орос ах нарт ихээхэн урам өгч, цаашдын үйл ажиллагаагаа түргэвчлэхэд түлхэц болсон биз. Тэгээд ч манай Ерөнхийлөгч наадмын өмнө ОХУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярих санаачлагыг өөрөө гаргасан нь “урьдын амлалт”-аа биелүүлсэн шүү гэж нүүр бардам хэлэх гэж яарсных бизээ. Дашрамд дурдахад хоёр Ерөнхийлөгчийн утсаар ярих санаачилгыг Монгол тал гаргасан гэдгийг ОХУ-ын Итар-Тасс агентлаг мэдээндээ цохон тэмдэглэсэн байсан бол Монголын талын албан мэдээнд энэ тухай дурдагдаагүйг дуулгахад илүүдэхгүй. Түүний энэ санаачлагыг Ерөнхийлөгч Д.Медведев яаран шүүрч авч хоёр орны Ерөнхий сайд нарыг ойрын хугацаанд уулзуулья, болохгүй бол Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг зохион байгуулья, ер нь тэгээд Ерөнхийлөгч та ч гэсэн ОХУ-д айлчлах урилгатай байгаа шүү дээ гэж найр тавьсан байна. Нэг хэсэгтэй дотоод асуудлаа цэгцлэх гэж манай төр, засгийн удирдлагууд зав муутай, бас мэдэл муутай байсан бол одоо УИХ-аар том том асуудлаа шийдүүлж авсан учраас гадаад талдаа зоригтой шийдмэг дуугарах эрхтэй болжээ.
Одоо ОХУ-аас Тавантолгойд хөрөнгө оруулах боломж нээгдсэн, Улаанбаатар тємєр замын дvрмийн санг нэмэгдvvлж, 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх нөхцөл бүрдсэн, шинээр тавигдах төмөр замд хамтран ажиллах боломж нээгдсэн гээд таатай олон нөхцөл бүрдээд байна. Энэ бүх асуудлыг хоёр тал хэлэлцэн тохиролцож чадвал Стратегийн түншлэл шинэ шатанд гарах нөхцөл бүрдэнэ, бүүр цаашлаад доктор З.Бжезинскийн зөвлөснөөр Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгт бүрэн эрхт гишүүн нь болох үүд хаалга ч нээгдэж мэднэ.

Г.ЭНХБААТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж