Шадар сайд сануулга өглөө

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Шадар сайд сануулга өглөө

Увс аймгийн Улаангом хотын дулааны станцад нэгдүгээр сарын 17-нд эвдрэл гарч аймгийн нөхцөл байдал хүндэрсэн. Хөрөнгө мөнгөний гачаалаас болж олон жил урсгал засварыг хангалттай хийж чадаагүй, станцын ган ул ширмийг барилгын арматураар орлуулсан зэрэг нь эвдрэл гарах үндэс болжээ.

Хэдийгээр хувийнх ч гэсэн эвдрэл гарсан үед иргэдээ чирэгдүүлэхгүйн тулд төр, засаг шуурхай арга хэмжээ авах болсон байна. Гэхдээ нэгэнт өмчлөлдөө авсан бол тухайн байгууллага өөрсдөө хариуцлагаа үүрч байх ёстой, бүхнийг засгаас нэхэж байж таарахгүй гэж Онцгой комиссын гишүүд үзэж байгаа аж.  

Төвөөс хэрэгцээт сэлбэг, хэрэгслийг нь явуулсан бөгөөд Сэлэнгэ аймгаас нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнууд очин ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга нь мэргэжлийн баг ирүүлэх, шаардлагатай сэлбэг, хэрэгслээр хангахыг хүсч Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод албан бичиг илгээжээ. Энэ нь тухайн аймгийн удирдлага, орон нутгийн байгууллагын дарга нарын ажлын уялдаа холбоо муу байгаагийн илрэл гэдгийг Шадар сайд  сануулж, аваарын үед хувь, хувьсгалын гэж ялгавартай хандахгүй байх, нэг зэрэг хоёр аймаг хөлдөхдөө тулж байсан тохиолдол гарч байгаагүйг Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд, Эрчим хүчний газрын дарга нарт онцгойлон анхаарууллаа.

Инженер, техникийн ажилтнуудаас бүрдсэн багийг нэн даруй Улаангом хот руу явуулах, аймгийн эрчим хүч, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд байдалтай газар дээр нь танилцаж тодруулах, шаардлагатай тоног, төхөөрөмжийн судалгааг гаргах, мэдээ, мэдээллийг үнэн зөв, шуурхай өгч байхыг Шадар сайд М.Энхболд салбар хариуцсан удирдах албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж