Прокурор томилж, чөлөөлөхийг ил тод болгоно

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Прокурор томилж, чөлөөлөхийг ил тод болгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулсан Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн хүрээнд прокурорын байгууллагаас 2011-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөрийг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн баталжээ.

Тус газраас мэдээлснээр бол уг хөтөлбөр нь таван дэд хэсгээс бүрдсэн байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хангах, Үндсэн хуульд заасан Ардчилсан зарчимд нийцүүлж прокурорын үйл ажиллагааг явуулах, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль дээдлэх, шударга ёсыг тогтоох зарчмыг хангах, гэмт хэргийн улмаас хохирсон иргэний эрхийг хамгаалах зэрэг асуудлын хүрээнд хөтөлбөрийг нягтлан боловсруулжээ. Улсын Ерөнхий прокурорын газраас ерөнхий хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг жил бүр дэс дараатай авч хэрэгжүүлэх юм байна.

Прокурорын байгууллагын үйл ажиллагааг өөрчлөн шинэчлэхийн тулд бүтэц тогтолцоог хуульд нийцүүлэн өөрчлөх, одоо үйл ажиллагаандаа даган мөрдөж байгаа 30 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, сахилгын болон ёс зүйн дүрэм, 100 гаруй заавар, журмыг шинэчлэн боловсруулах, прокурорын хариуцлагын тогтолцоог шинэчлэн тогтоох, прокуроруудын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр хөтөлбөрт тусгажээ.

Тухайлбал, хүний эрх, эрх чөлөөг хязгаарладаг байцаан шийтгэх ажиллагааны зөвшөөрөл олгодог журмыг шинэчлэн боловсруулах, прокурорыг томилох, чөлөөлөх ажиллагааг шударга, ил тод болгох зэрэг тодорхой заалтууд хөтөлбөрт орсон байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж