
Шлек болон аваргаа хамгаалан өрсөлдөж буй Альберто Контадор нар 25 км үргэлжилсэн уулын өгсүүр хэсэгт тун амжилттай уралдаж, Эванс, Лэнс Армстронг, Карлос Састер нарын шилдгүүдийг ардаа орхин, тэргүүлэгчдийн эгнээнд нэгдсэн байна. Бариа руу дөхөх мөчид долоон тамирчин бөөндөө уралдааныг хошуучилж байсан ч Францын Сэнди Касар түрүүлж бариалсан бөгөөд түүний араас Испанийн Луис Леон Санчез, Италийн Дамиано Кунего нар удаалжээ. Харин Контадор зургаад, Шлек долдугаарт барианд орсон юм.
Tour de France-ын эхний есөн гарааны дараах байдлаар Люксембургийн тамирчин Шлек ерөнхий дүнгээр тэргүүлж эхэлсэн бол түүнээс 41 секундын алдагдалтайгаар Испанийн Контадор хоёрдугаарт бичигдээд байна. Контадорын нутаг нэгт, олимпийн замын дугуйн аварга Самуэль Санчез өчигдрийн гараанд Шлекийн араас наймдугаарт барианд орсноос ерөнхий дүнгээр гуравдугаарт бичигдэх болжээ.
Tour de France уралдааны долоон удаагийн аварга Лэнс Армстронгийн тухайд 18-рт бариалсан байна.Тэмцээний дараагийн гараа Шамберигаас Гап хүртэл 179 км зайд үргэлжилнэ.
С.Цэлмэг