Хятадад өдөр бүр нэг “KFC” ресторан нээгдэж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Хятадад өдөр бүр нэг “KFC” ресторан нээгдэж байна

Дэлхий дахины хэрэглэгчид Америкийн түргэн хоолны амтанд орсон. Гэхдээ шарсан тахиа, хачиртай талх, пепперони пиццаны эрэлт Хятадад бүр ч их байна гэж “CNN” агентлаг мэдээлж байна. “KFC”, “Pizza Hut”, “Taco Bell” зэрэг компаниудын эцэг компани болох “Yum! Brands” компанийн Хятад дахь үйл ажиллагаа энэ оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас 33 хувиар илүү ашигтай ажилласан байна.

Тус компани дэлхийн 100 гаруй оронд 36,000 түргэн хоолны ресторантай бөгөөд ашгийнхаа 60 гаруй хувийг хилийн чанад дахь салбаруудаасаа олсон бөгөөд хамгийн их ашгийг Хятадаас олжээ. “Yum!” компани Хятадад бараг өдөр болгон шахуу шинэ “KFC”-ийн салбар нээж байна. Одоо Хятадын 650 хотод бараг 3,000 орчим шарсан тахианы ресторан нээгээд байна. Үүн дээр 560 “Pizza Hut” ресторантай.

Хятадад ирээдүйд нийтдээ 20,000 түргэн хоолны газар нээнэ гэж тус компани зорьж байна. Энэ оны зөвхөн хоёрдугаар улиралд гэхэд “Yum!” Хятадад 59 шинэ ресторан нээсэн бөгөөд ингэснээр он гарснаас хойш нээсэн рестораны тоо нь 155 хүрч байна. “Манай өсөлтийн гол хөдөлгүүр нь Хятадад шинэ салбар нээх явдалтай холбоотой байна” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Девид Новак мэдэгдэлдээ өгүүлсэн байна. Хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаас нь үзвэл “Yum!” компанийн Хятад дахь салбар гурван сарын дотор 139 сая ам.долларын ашигтай ажилласан нь эхний улиралд 105 сая ам.долларын ашигтай ажилласан гэдгээс 33 хувиар илүү үзүүлэлт юм.

Дэлгүүр тус бүрийн өсөлт Хятадад эхний улиралд 4% байсан байна. Үүнтэй харьцуулахад АНУ-ын ашиг 2009 оны хоёрдугаар үеийнхтэй харьцуулбал энэ оны хоёрдугаар улиралд 10 хувиар өсөж 184 сая ам.доллар болсон байна. Бусад олон улсын зах зээлүүд дээрх ашиг 7%-иар өсөж 122 сая ам.доллар болсон байна. Хятад сүүлийн үед өөрийн юанийн ханшийг АНУ-ын ам.доллартай харьцангуйгаар чангалах бодлого баримталж байгаа нь “Yum!” компанийн ашигт сайнаар нөлөөлж байгаа гэнэ. Дэлхий даяар нийт орлого нь 2.57 тэрбум ам.доллар хүрч байгаа юм. “Yum!”  компанийн хувьцааны ханш мягмар гаригт 40.87 ам.доллараар хаагдсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж