Поланскийг АНУ-д хүлээлгэж өгөхгүй гэсэн Швейцарийн засгийн газрын шийд нь олон хүнийг гайхашруулаад байна. Роман Полански өнгөрсөн оны 9 сард Цюрих хотод болсон кино наадамд оролцож байхдаа баривчлагдсан бөгөөд дараа нь батлан даалтанд гарч гэрийн хорионд байгаа юм. Поланскийгийн асуудлаар шийдвэр гаргахын тулд Швейцарь АНУ-г энэ хэргийн талаар илүү мэдээлэл өгөхийг хүссэн ч АНУ-ын шүүхийн албан тушаалтнууд нэмэлт мэдээлэл гаргаж өгөхөөс татгалзсантай холбоотойгоор Швейцарь ийнхүү АНУ-ын хүсэлтийг хүлээн аваагүй байна.
“АНУ-аас ирүүлсэн түүнийг гаргаж өгөхийг шаардсан хүсэлтэнд хангалттай нотлох баримт байгаагүй тул ийм шийд гаргаж байна. Франц-Польшийн кино найруулагч Роман Поланскийг АНУ-д хүлээлгэж өгөхгүй бөгөөд түүнд оноогоод байсан хөл хорионы арга хэмжээг цуцалж байна” хэмээн Швейцарийн Хууль зүйн яамны сайд Эвэлин Уидмер Шлампф хэвлэлийн бага хурал дээр ярьсан байна.
Роман Поланскийг 1977 онд эхлээд 13 настай охиныг хүчиндсэн гэсэн байдлаар хэрэг үүсгэсэн ч хүчиндээгүй, харин хууль бусаар харилцан тохиролцон бага насны охинтой секс хийсэн гэж мөрдөн байцаалтын явцад зүйл ангийг нь өөрчилсөн гэнэ. Түүнээс гадна Лос Анжелесын шүүхээс түүнийг 42 хоног хорих шийтгэл ноогдуулсан байсан бөгөөд Роман Поланский тэр ялыг нь биеэрээ эдэлж гарч ирээд батлан даалтанд гарсан гэж Роман Поланский өөрөө мэдүүлж байгаа. АНУ-ын тал Роман Поланскийн шүүгчтэй тохиролцсон уг 42 хоногийн ялны талаарх мэдээллийг Швейцарьт гаргаж өгөхийг хүсээгүй бололтой.
“АНУ-ын гаргаж өгөхийг хүсээгүй тэр баримт бичиг нь Роман Поланский холбогдох ялаа эдэлсэн гэдгийг нотлох байсан юм. Нэгэнт энэ талаар мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзсан, түүнчлэн хангалттай баримт байхгүй байгаа тул Америкийн тавьсан баривчлан хүлээлгэж өгөх хүсэлтийг татгалзаж байна” гэж Швейцарийн Хууль зүйн яамны мэдэгдэлд өгүүлжээ. Роман Поланскийг өнгөрсөн жил баривчлагдсаны дараа Европын зарим орны улс төрчид, ялангуяа Францчууд АНУ болон Швейцарийг шүүмжилж агуу уран бүтээлч, улс төрчийг юм л бол хуулиар сүрдүүлж далайлгасан, пуритан болох гэж ядсан Америкчууд 30 жилийн өмнө болоод өнгөрсөн “зохистой бус” үйл явдлаар шалтаглан хохироох гээд оролдож байна гэж шүүмжилж байсан юм.