Ташуурдаад ч завсарлаагүй чуулган

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Ташуурдаад ч завсарлаагүй чуулган

Ташуурдаад ч завсарлаагүй чуулган
УИХ-ын хаврын чуулганыг наад­мын өмнө завсарлуулахаар тал талаа­саа “ташуурдсан” ч амжсангүй, энэ долоо хоногт үргэлжлүүлэн хурал­даж, УИХ-ын Сонгуулийн тухай хууль, Дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгс­лийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Авлигатай тэмцэх газрын дар­га нарыг албан тушаалаас нь түд­гэл­зүүлэх тухай, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр Д.Алтайг томилох уу үгүй юу гээд шилээ дараалан хүлээгдэж буй олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай болж байна. Гэхдээ Ардчилсан на­мын бүлэг Хүний эрхийн үндэсний комис­сын гишүүнээр Д.Алтайг томилохыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, завсарлага авсан бол МАХН-ын бүлэг Дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих эрхийг Батлан хамгаалах яаманд шилжүүлэх нь учир дутагдалтай гэж үзэн, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир нарын өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дээр завсарлага аваад байгаа юм. Дээр нь Авлигатай тэмцэх газ­рын дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг нэг мөр шийдвэрлэх ёстой ч Хууль зүйн байн­гын хорооны хуралдаанаас эл асуудал дэмж­лэг авч чадалгүй, гурван удаа хойшлогдоод байна.
Улсын ерөнхий прокуророос УИХ-ын даргад хаягласан нууц би­чигт Авлигатай тэмцэх газрын дар­га Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сун­дуй­сүрэн нарыг хоёр үндэслэлээр албан тушаалаас нь түдгэлзүүлэхээр үндэс­лэл гаргаад буй. Нэгд тэднийг төсвийн мөн­гийг зүй бусаар зарцуулсан, хоёрт ажилтнуудаа хууль бусаар тагнаж, чаг­насан гэх… Энэ хэргийг одоо Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөр­дөн байцаах алба, Тагнуулын ерөн­хий газраас томилогдсон ажлын хэс­гүүд шалгаж байгаа бөгөөд эцсийн шийдвэрээ гаргаж амжаагүй нь Хууль зүйн байнгын хорооноос гарах шийдвэрт ч тодорхой хэмжээгээр нө­лөөлж буй бололтой. Учир нь өнгөр­сөн долоо хоногийн баасан гаригт Хууль зүйн байнгын хороо хоёр удаа дараа­лан хуралдсан ч гишүүдийн олонх нь “Одоо байгаа мэдээллээр Ав­лигатай тэмцэх газрын дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлыг эцэслэн шийдэх нь учир дутагдалтай. Хууль, хяналтын бай­гуул­лагаас гаргах шийдвэрийг харз­нах ёстой” гэсэн байр суурь давам­гайлс­наас тодорно.
Гэхдээ зарим улстөрчид “УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүдийн хувьд Авлигатай тэмцэх газрын дарга нарыг албан тушаалаас нь “хөндийрүүлэх” сонирхол төдий л байхгүйгээс эл асуудал энэ хаврын чуулганаар хэлэл­цэн шийдвэрлэгдэж чадахгүй, намрын чуул­ган хүртэл сунжран хүлээгдэж мэ­дэх юм” гэсэн үгийг ч цухуйлгаад байна.
Харин хуулиараа бол УИХ Ав­ли­гатай тэмцэх газрын толгой дар­га нарыг албан тушаалаас нь түд­гэлзүүлэх үү, хэвээр үлдээх үү гэдгийг 14 хоногийн дотор багтаан хэлэлцэн шийдвэрлэж, нэг мөр болгох ёстой аж. Тиймээс Хууль зүйн байнгын хороо өнөөдөр эл асуудлаар үргэлжлүүлэн хуралдах шаардлагатай болж буй. Хэдэн өдөр наадсан гишүүд харин өнөөдөр ажилдаа ирж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны ирцийг бүрдүүлж чадах уу гэдэг эргэлзээтэй ч, УИХ-ын даргын дэр­гэдэх зөвлөлөөс чуулган болоод байнгын хороодыг ху­рал­­дуулах шийдвэрийг гаргаад бай­на.

Төсвийн тодотголыг батлав

УИХ-ын чуулган өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаараа хэд, хэдэн чухал хуулийн төслийг баталсан юм. Чуул­ганы нэгдсэн хуралдааныг зарлахын өмнө Эдийн засгийн байнгын хороо, Төс­вийн байнгын хороо, Төрийн бай­гуулалтын байнгын хороод шил дараа­лан хуралдсан ч хэлэлцэж бай­гаа асуудлаа таван минутын дотор л ший­дэн, УИХ-ын чуулганы нэгдсэн хурал­даанд оруулах шийдвэрийг гар­гаж, шуурхайлсан нь нэг ёсны “хал­туурдсан” хэрэг болов. Парламентад хоёр дахь удаагаа сонгогдсон УИХ-ын гишүүн Р.Раш Төсвийн байнгын хорооны хуралдааныг “Ийм хурал гэж юу байдаг юм бэ” хэмээн шүүмжилж байхав. Өнгөрсөн хугацаанд тийм хурд­­тай хурал болж, байхыг ер нь үзээ­гүй бололтой.
Ямартай ч Төсвийн байнгын хо­роо­гоор “гялтагнуулсан” Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголыг чуул­ганы нэгдсэн хуралдаанаар мөн л гялалзуулж, нийт гишүүдийн 95.7 хувийн дэмжлэгтэйгээр баталж ор­хив. Хуулийн төслийг баталснаар улсын нэгдсэн төсвийн нийт орлого Зас­гийн газраас өргөн мэдүүлсэн төс­вийн тодотголын төслөөс 145.3 тэр­бум төгрөгөөр буурч 2,645.7 тэр­бум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зар­лага өргөн барьсан төслөөс 143.3 тэрбум төгрөгөөр буурч 3,107.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 1.9 тэрбум төгрөгөөр муудаж нэгдсэн төсвийн нийт алдагдал 462.2 тэрбум төгрөгт хүрч ДНБ-ийн 6.4 хувьтай тэнцэхээр болжээ. Харин нэгдсэн төсвийн нийт орлого бат­лагдсан төсвөөс 218.9 тэрбум төг­рөгөөр нэмэгдэж 2,645.7 тэрбум төг­рөг, нэгдсэн төсвийн нийт зарлага батлагдсан төсвөөс 322.5 /Төрийн банкны 100 тэрбум төгрөгийн бонд орсон/ тэрбум төгрөгөөр нэмэгдэж 3,107.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 103.6 тэрбум төгрөгөөр муудаж нэгдсэн төсвийн нийт алдагдал 462.2 тэрбум төгрөгт хүрч ДНБ-ийн 6.4 хувьтай тэнцэж байгаа юм байна.
Хоёр дахь чухал хууль нь  Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болов. Уг хуулийн төслийг хуралдаанд оролцогчдын 85.1 хувийн саналаар анхны хэлэлцүүлгээр нь баталсан юм. Хууль батлагдсанаар төрийн баталгаанд байгаа 3.1 их наяд төгрөгийн хадгаламж, харилцах данс 2.5 их наяд төгрөг рүү бууж, 558 тэрбум төгрөгөөр багасах боломж бүрдлээ. Мөн төрийн баталгаанд хамрагдаж байгаа мөнгөн хадгаламжийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх шимтгэлийг жил бүр арилжааны банкууд Монголбанкин дахь тусгай дансанд төлөхөөр болж, хуульчлагдлаа.
Мөн чуулганаар Монгол Улсын иргэн бүрт хамааралтай Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, нийт гишүүдийн 89.6 хувийн саналаар баталсан юм. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр ирэх наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сар тутамд Хүний хөгжлийн сангаас 10 мянган төгрөгийн цалин авах боллоо. Уг нь  УИХ-аас 2010 онд Хүний хөгжил сангаас иргэн бүр­тээ 120 мянган төгрөг олгохоор шийд­вэрлэж эхний ээлжинд 70 мян­ган төгрөг олгосон ч энэ нь инф­ляци үүсгэсэн гэж үзэж, үлдсэн 50 мянган төгрөгийг тав таслан, 10 мян­гаар өгөхөөр болж, Засгийн газ­раас шийдвэрлэснийг УИХ ийнхүү батал­гаажуулж, хүүхэд бүрт 20 мянган төг­рөг олгох Ардчилсан намын бүлгийн са­налыг баллуурдаж орхив оо.

Г.Дарь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж