Энэ удаа ганц хоёрхон хоногийн дараа өндөрлөх гэж буй хаврын чуулганаар эрхэм гишүүд юу хийснийг товч тоймлож үзье. Хамгийн томоос нь дурдвал Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах гэрээг байгуулах эрхийг Засгийн газарт өгсөн явдал байлаа. Эхлээд энэ ордыг 100 хувь төрийн өмчид байлгах, иргэддээ тэндээс хувь эзэмшүүлэх тухай ярьж байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногт хийсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар гаргасан шийдвэрээр бол зургаан тэрбум гаруй тонн сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс-Тавантолгой” хэмээх толгой компанид эзэмшүүлэхээр болов. Ингэхдээ төр нийт хувьцааны 50 хувьтай үлдэхээр болжээ. Үлдэх 50 хувийн 10 хувийг эхний ээлжинд Монгол Улсын нийт иргэнд адил тэнцүү хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх нь зөв гэж гишүүд үзсэн юм. Мөн 10 хувийг Монголын дотоодын аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр нэрлэсэн үнээр худалдахаар тогтоолд тусгажээ. Гэхдээ нэг болзолтой. Энэ 2010 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаа явуулж байгаа, татвараа төлсөн тийм компаниудад хувьцаа зарахаар тогтсон юм. Тавантолгойг ашиглалтад оруулах тухай УИХ-аас гаргасан тогтоолыг үзчихээд компани байгуулах гэж гүйсэн этгээдүүдэд хувьцаа зарахгүй гэж тийм зааг тогтоожээ. Цаана нь үлдсэн 30 хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татна гэж тогтоолд заалаа. Энэ бол Засгийн газраас оруулж, УИХ-аас дэмжсэн гарааны нөхцөл байв.Яваандаа төрийн мэдлийн хувьцааны хэмжээг бууруулах замаар ард иргэдэд эзэмшүүлэх болоод үндэснийхээ компаниудад арилжаалах хувь хэмжээг үе шаттайгаар өсгөх гэсэн бас нэг боломжийг тогтоолоор гаргаж өгчээ. Хувьцааны үнэ ямар байх нь үйлдвэрлэлийн үе шат бүрт өөр өөр байх бөгөөд түүнийг тухай тухайн үед нь шийдэж явахаар болжээ. Ингээд Монгол Улсын иргэн бид өнгөрсөн долоо хоногт насан туршдаа хувьцаанаас нь хувь эзэмших компанитай боллоо. Хамгийн багаар жилд 30 сая тонн нүүрс олборлоход дор хаяж 100 жилийн ажил юм гэнэ лээ, Тавантолгой.
“Яндаж болдоггүй далай шиг
Яасан баян нутаг вэ.
Ямар их хувь заяагаар
Бид нар эзэн нь болж төрөө вэ” хэмээн 50-60 жил дуулсан ч хөрсөн дороо эрдэнээр бүрэн эх нутгийнхаа ашиг шимээс хүртэж үзээгүй эрдэнэсийн эзэд ямар боловч бага багаар хувь хишиг хүртдэг эрх нээгдэж байна. Одоо гагцхүү Засгийн газар зөв шийдвэр гаргаж харийнханд бага, бидэндээ ахиухан ашиг гаргаасай гэж хүсэх үлдлээ.
Хаврын чуулганаар “Монгол мал” гэсэн томоохон хөтөлбөр боловсруулж батлав. Мал эмнэлгүүдээ хувьд шилжүүлж, малын эмч, зоотехникч нүдний гэм болсноор хагас зуун жил гарч дуулдаагүй элдэв өвчин эмгэг дуулдах болж, гадаад зах зээлд монгол малын түүхий эд гарах гарцгүй болоод байсан. Тэгвэл энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр малаа эрүүлжүүлж, малчдын хүчийг нэгтгэн ган, зудаас сэргийлэх боломжийг эрэлхийхээр болжээ. Гадаад зах зээлийг ч тэлэх юм байна. Гадаадын иргэний эрх зүйн тухай хуулийг шинэчлэн найрууллаа. Түүгээр замбараа муутай байгаа гадаад иргэдийн тоонд тавих хяналтаа сайжруулж, хилээр нэвтрэгсдийн ирэх очих хугацааг илүү чангаар нягталж байхаар болов. Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээлснээр одоогоор Монголд байгаа гадаад иргэдийн хяналтын тоо хэтрээгүй хэвийн байгаа аж. Гэхдээ гишүүд гадаадаас ажиллах хүч ирүүлж буй компаниудад анхаарч, ажиллагчдын визийн хугацааг хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байсан юм. Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. Ямар боловч манай дайчид энхийг сахиулах үйл хэргээ дэлхийн халуун цэгүүдэд Онц сайн биелүүлж байгаа гэсэн дүнг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүн өнгөрсөн хавар Иракт айлчлахдаа тавьж, монгол дайчдын хуарангаар зориуд зочилж байсан юм. Нийгмийн халамжийн тухай хуулийг шинэчлэн найруулж замбараа муутай хавтгайрсан халамжийг хумих талаар хэлэлцлээ. Хөрөнгө орлогоо буруу мэдүүлсэн төрийн албан хаагчдын мэдээллийг сонсох хийгээд долдугаар сарын 1-ний үймээнээр хүний эрх зөрчигдсөн талаар хоёр ч нээлттэй сонсгол хийлээ. Үр дүн хараахан тооцох боломж тааруу ч нийгмийн хүлээсэн сэдвүүдээр ямар боловч Төрийн ордонд дуугардаг болсон нь сайн хэрэг.
Энэ мэт томоохон ажлыг хийсэн ч нийгмийн хүсэн хүлээж байсан зарим хуулийг батлалгүй, заримд нь гар ч хүргэлгүй завсарлах шинжтэй болов. Төрийн албан дахь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай гэсэн нэлээд сонирхолтой хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд багтаад байсан юм. Харин үүгээр эрхэм гишүүд ам нээж, гар хүргэсэнгүй. Энэ хуулийг гаргасан бол авлига, хээл хахуулийн үүр болсон гэх төрийн албаны эмх цэгц номондоо ороход тустай болох байв. УИХ-ын сонгуулийн тухай хуульд шинэчлэлт хийж, сонгуулийн тогтолцоогоо солино гээд барсангүй. Хэлэлцэх гэж оролдож үзээд тухай бүрт нь буцаасаар энэ хаврын чуулганд лав багтахааргүй болж байх шиг байна. Намрын чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх юм гэнэ лээ. Түүнтэй хамтатгаад гаргах байлгүй гээд цайруулсхийгээд өнгөрөхөөс. Жендэрийн тэгш байдлын тухай хуулийг Сонгуулийн хуультайгаа хамт хэлэлцэнэ гээд хойш тавьчихлаа. Уг хуулийг Их Хуралд нэр дэвшүүлэх гэсэн хэдэн хүүхний хэрэг гээд гишүүд барьж авахдаа хойргодуу байгаа. Гэхдээ хуулийн төслийг сөхөөд үзвэл эрчүүдийн нийгмийн байдал ихээхэн тааруу байгааг дурдсан харагдана лээ. Парламентын суудлын 97 хувийг эзэлсэн эрэгтэй улстөрчид эрчүүддээ зориулсан нийгмийн асуудалд тун базаахгүй ханддаг нь төслөөс үзэхэд илэрхий байгаа ч хойш тавьсаар л байна. Эр хүн эр хүндээ хайртай гэдэг үг ер нь хаачсан билээ.
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч Ө.Энхтүвшин нарын, Х.Тэмүүжин нарын, Су.Батболд нарын гээд гурван төсөл зэрэгцсэнээс болоод баталж чадсангүй. Эхлээд хэлэлцэхэд эрхэм гишүүн Ц.Нямдорж, Х.Тэмүүжин нар хоорондоо “гөлөг”, “нас гүйцсэн нохой” гэсэн үгс чулуудалцсан эдгээр төсөл долоо хоног бүрийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд хавчуулагдсаар яваад чуулган дуусгалаа. Төсөвтөө тодотгол хийж Хүний хөгжлийн сангаас энэ оны сүүлийн хагас жилд иргэддээ олгох 50 мянган төгрөгийн хувь хишгийг арав арван мянгаар нь сар бүр цувуулахаар болов. Чамлахаар чанга атга гэдэг л боллоо доо. Далан мянгыг анх тараахад нь “Инфляц өснө шүү” гэж олон хүн анхааруулсан. Түүнийг тоогоогүй Засгийн газар инфляцаа хоёр оронтой тоо руу алдчихаад авсан арга хэмжээ нь энэ.
Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн бичгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд хоёр ч удаа барьж авч хаалттай хэлэлцээд хойшлуулсан. Уг бичгийг 14 хоног дотор хэлэлцэн нэг тийш болгох ёстой ч тэр хугацаа түрүүчийн баасан гаригт дууслаа. Чухам энэ асуудал долдугаар сарын 5-нд өндөрлөхөөр товлоод байсан хаврын чуулганы хугацааг сунгах нэг шалтгаан болоод байна. Бас Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Солонгын бүрэн эрхийн хугацаа дууссан. Дээрээс нь 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын үеэр баривчлагдсан хүмүүсийн хүний эрх зөрчигдөөгүй гэсэн дүгнэлтийг илтгэлдээ оруулсан нь цаашид энэ ажлыг хийх ёс суртахууны үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хатагтай Д.Солонго хүлээгээд буй. Түүний оронд УИХ-ын гишүүн асан, Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Алтайн нэрийг дэвшүүлэхээр оруулж ирсэн ч түүхч мэргэжилтэй түүнийг хүний эрхээс хөндий, хуульч мэргэжилтэй хүн байх ёстой гэсэн шалтгаанаар хойшлуулаад байна.
Эдгээр асуудлыг шийдээд хаврын чуулган өндөрлөнө. Тавантолгойгоо баталсан нь энэ хаврын чуулганы гол зорилт байсан ч дээр дурдсан хэд хэдэн том хуулийн төслийг хойшлуулснаараа намрын чуулганы ачааг ихээхэн хүндрүүлж байна. Намрын чуулганаар ирэх оны нэгдсэн төсөв, мөнгөний бодлого, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батална. Тэгээд бодохоор 2010 ондоо багтаж Сонгуулийн хуулиа сэлбэвэл их юм болжээ.
Туулах замынхаа тэн хагасыг ардаа орхисон УИХ-ын хаврын чуулганаар хийсэн ажлаас товч дурдвал ийм байна.
Д.ОЮУНЦЭЦЭГ
Холбоотой мэдээ