
Эргээд бодоход наадам бүр ярих яриатай, дэлгэх хуучтай үлддэг. Сүүлийн хэдхэн жилийг дурсахад, А.Сүхбат аваргын зодог тайлж, сэтгэл хоосруулсан наадмын дараа хэчнээн олон хүн хачин гунигтай давалгаа тээж гэртээ харьсан бол…
Начин цолны эрэмбийг чинээнд нь тултал баталсан Өвөрхангайн Д.Ганхуягийг хоёр жилийн өмнөх наадмаар төрийн их тугийг есөнтөө тойроход хэчнээн хүн энэ бөхийн үнэнч хөдөлмөр, сэтгэлээр бахархаа бол…
Яг үүн шиг өнөө жилийн баяр наадамд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Батжаргалын Ганбат зааныг түрүүлэхэд бөхөд элэг ойр ард түмэн хоёргүй сэтгэлээр дэмжин, шинэ арслангийн урмыг цэлийтэл мялаалаа.
Батжаргалын Ганбат гэж бөхийг Монголын ард түмэн мэднэ. Мэдэх мэдэхдээ ухаалаг, хэрсүү, жудаг, ноён нураа, барилдааны хийц, ур сайтай энэ бөхийг зургаан залуу зааны нэг хэмээн хүндлэн, төдийгөөс өдий хүртэл дэмжсээр ирсэн нь маргашгүй үнэн.
Монгол бөхийн түүхийн нэгэн үед А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг, Б.Ганбат гэсэн шижигнэсэн зургаан заан цолтон зэрэгцэн торниж, залуу хүчтэнүүдийн эр бяр, омог чадлыг жинхэнэ утгаар нь харуулан нааддаг байлаа. Бидний хайртай зургаан залуу заан хамгийн сүүлд 2000 оны наадмаар хамтдаа Заан цолоороо цоллуулан наадсан нь бий. Тэр наадмын дунд шөвөгт дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нар тэрхүү зургаан залуу заантай үлдсэн байлаа. Б.Бат-Эрдэнэ аварга шижигнэсэн заануудыг хамтад нь үлдээн, Д.Мөнх-Эрдэнэ арсланг амлажээ. Зургаан залуу заан хэрхэн таарах нь, хэн ямар ам авах нь чухам л наадамчдыг амьсгаа дарахад хүргэж байсан биз.
Эрэмбээрээ заануудын түрүүнд байснаараа Ц.Цэрэнпунцаг Б.Гантогтохыг, Г.Өсөхбаяр нь Б.Ганбатыгаа амласнаар А.Сүхбат, Д.Сумъяабазар хоёр долоогийн даваанд тунав. Гал оч манарсан гайхалтай барилдаанууд болсон байж таараа, ямартаа ч дараагийн даваанд буюу шөвгийн дөрөвт Б.Бат-Эрдэнэ аварга Г.Өсөхбаяр, Б.Гантогтох, А.Сүхбат нарын гурван заанаас Б.Гантогтохыг амлан авсан ч барилдалгүйгээр тахимаа өгчихөж байсныг үзэгч олон өдийд тодхон санадаг байх. Ингээд зургаан залуу зааны хоёр нь, тэр тусмаа эхнэрийнхээ дүү, багшийнхаа хүү, үй зайгүй найзтайгаа өнөөгийн даян аварга А.Сүхбат үзүүр, түрүү булаалдахаар үлдэж байсан нь саяхан. А.Сүхбат түрүүлж, улсын арслан цол хүртсэн энэ наадмаас хойш монгол түмний хайрыг татсан зургаан залуу заан ээлж дараалан цолоо ахиулсаар энэ наадмыг хүртэл ганцхан Батжаргалын Ганбат заан цолондоо багтаж ядан барилдсаар ирсэн юм.
Тиймдээ ч ард түмэн заан цол, залуу насны эрч хүчийг хослуулсан энэ хүнийг хэзээ нэгэнтээ Төрийн есөн хөлт тугийг есөнтөө тойрон дэвэхийг нь итгэн хүлээсээр ирсэн байх. Шинэ арслан Б.Ганбат анх 1998 оны улсын их баяр наадамд Х.Баянмөнх аваргаар тав давж улсын начин, 1999 онд улсын аварга О.Балжиннямаар долоо давж, улсын заан цол хүртэж байсан бол 2000 онд зургаа, 2001 онд тав, 2002 онд зургаа, 2005 онд тав, 2006 долоо давж, заан цолоо баталсан бол 2007 онд дөрөв, 2008 онд долоо, өнгөрсөн жил тав давж байсан амжилттай билээ.
Бөх хүн жудаг сайтай, ухааны иртэй байна гэдэг бараг хууль хэдий ч тийм хүн цагаа тулахаар олон биш. Одоо үед бол нүдний гэм болчихсон ч байж мэднэ. Энэ наадмын долоогийн даваанд Б.Ганбат зааныг дөнгөж өнгөрсөн жил зааны босгоор алхсан, ид ааг омог нь буцалж яваа Булганы М.Өсөхбаяр зааныг амлана гэж наадамчид шуудхан таагаагүй биз ээ. Яагаад гэвэл, нэгэнт улсын наадмын үзүүр, түрүүнд хүрэхээр зүтгэж байсан түүнд өөрийнх нь нутгийн, бүр өөрийнх нь сумын бөх С.Мөнхбатыг энэ даваанд амлан, гараа амраах боломж зуун хувь байсан юм. Гэтэл од нь гийж, зааны даваанд тулж ирсэн нутгийн дүүгээрээ гар амраах гээгүй нь энэ хүний жудаг ухааны илрэл гэхээс яахав. Харин түүнтэй үзүүр, түрүүнд үлдсэн даян аварга Г.Өсөхбаяр долоогийн даваанд нутгийн заан Д.Рагчааг амлаж, өвдөг шороодуулсан нь зөв ам байсан эсэхийг наадамчин олон өөр өөрсдийнхөөрөө тунгаах биз ээ. Д.Рагчаа заан бас л хүнд учраануудыг дайрч давсаар гарч ирсэн хүн байна, гарьдын босгоор алхахад ганцхан даваа үлдчихсэн үед аваргынхаа гарыг амраачихсан юм сан гэж бодож суусан нь юу л бол. Гэхдээ энэ бидний мэдэх хэрэг биш тул өөр илүүг өгүүлэхийг хүссэнгүй.
Б.Ганбат зааны гаргасан ганцхан жижиг алдаа үзэгчдэд бараг ил байсныг харин хэлэхэд гэмгүй болов уу. Долоогийн даваанд барилдааны цаг дуусч, М.Өсөхбаяр заан барьц сонгох болоход Б.Ганбат заанаас төдийлөн гардаггүй характер үл ялиг илэрч, өрсөлдөгч бөхдөө барьцаа үнэн мөнөөр нь өгсөн нь эргэлзээ төрүүлэхээр үлдсэн. Үзэгчийн суудлаас харахад бол, барьц сонгуулж байгаа Б.Ганбат заан өрсөлдөгчийнхөө нуруун дээр тэгнээд зогсчихсон нь М.Өсөхбаяр биш Б.Ганбат барьц сонгох гэж байгаа мэт харагдан, гай нь таарсан бол маргаан будилаантай барилдаан гарахад хүргэхээр харагдах шиг болсон. Б.Ганбат заанаас гараад байдаггүй төрх болохоор тэгж санагдсан уу, эсвэл барьц сонгох дүрэмд бага зэрэг “дэглэлт” дутагдаад байна уу, барилдааны энэ үе бага зэрэг сэтгэлд буухгүй харагдана лээ. Гэхдээ унасан бөхөд нь шалтаг мундахгүйн учир болгож үүнийг тэмдэглээгүй юм шүү. Унасан ч, давсан ч Монгол бөхийн дүрэм хүн хохироодоггүй байх учиртай л гэж бодсоных юм.
Эцэст нь энэ жилийн наадмаар од нь гийж, улсын цол хүртсэн бөхчүүдийн тухай цөөхөн үг хэлье. Гарьд, заан цолтон төрөөгүй энэ жилийн наадмын чимэг нь мэдээж цоо шинэхэн харцага, начингууд байж таарна. Начин төрөхөд сэтгэл хөдөлж, начингийн давааг ард түмэн хайрладаг ч улсын цолны өндөр босгоор хүссэн хүн бүр дур зоргоороо, мөнгө төгрөг наймаалцаад ороод ирэхэд тийм ч дуртай биш ээ. Өнөө жил өөлөхөд өө бага, шижгэр залуус тэрхүү өндөр босгоор давлаа. Улсын начин цолны болзол хангасан Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Ч.Баянмөнх бол нуруу чац сайтай, ирээдүйд энэ цолоо ахиулах чанар сайтай бөх. Өвөрхангайн Т.Санчир арсланг ард олон начны даваанд олон жил хүлээж байна. Гурвын даваанд нутгийн ах Н.Жамьянпүрэв түүнийг амласан бол дөрөвт улсын харцага Т.Мөнгөнцоож, тавд улсын гарьд И.Доржсамбуу нарыг буулган, олон жил хүлээлгэсэн начин цолоо хүртлээ. Т.Санчир арсланг хэн ч начны энтэй бөх биш гэж хэлэхгүй байх.
Дараагийн шинэ начин Бямбадоржийн Заяамандах. Улсын заан аавынхаа удам судрыг даган бөх болохоор яваа энэ залуу өөлбөл нутгийнхаа бөхчүүдээр наадмын гол даваануудаа авсан. Б.Заяамандахыг гурвын даваанд улсын заан Ч.Батзориг амлан барилдсан бол дөрөвт мөн л аавынхаа шавь Ц.Мягмарсүрэнтэй оноолт тааран, даваагаа ахиулжээ. Харин тавын даваанд тэрбээр улсын арслан Д.Азжаргалыг өвдөг шороодуулж, улсын начин цолны тэмдгийг цэл залуугаараа гардаж байна. Монгол бөхөд нутаг усныхаа залуу бөхчүүдийг дэмжих жишиг, сэтгэлийн нэг тийм учиг байдгийг бид бүгдээрээ хэлүүлэлтгүй мэднэ. Тиймээс улсын заан Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн нарын бөхийн энтэй бөх болгосон багшийнхаа хүүг улсын наадамд нэгэнтээ дэмжих сэтгэлийн үзэгдлийг нь бид хүлээн зөвшөөрч болох байх аа.
А.Бямбажав энэ наадмаар харцага цол хүртэж, олон жил цоллуулсан Цэргийн арслангаа үдлээ. Төрийн наадмын тугийг зургаа тойрчихсон байтлаа “Би цэргийн арслан цолондоо хайртай” гээд нулимс дуслуулж зогссон энэ залуу Монгол бөхийн уран шаглаатай барилдааны гол эздийн нэг ээ. А.Бямбажавын барилдааныг үзэх гэсэн бөхийн хорхойтнууд аймаг, цэргийн цолтнуудын оролцдог заалны барилдааны тасалбарыг тэсгээдэггүй байсныг олон хүн гэрчилж болно. Түүнийг тавын даваанд ёстой үй зайгүй нөхөрлөдөг анд нь, улсын заан Б.Соронзонболд амлан барилдсан нь тохиолдлынх биш юм. Ардын хувьсгалын 87 жилийн ой буюу хоёр жилийн өмнөх наадмын тавын даваанд аймгийн арслан Б.Соронзонболд, цэргийн арслан А.Бямбажав хоёрыг хэн ч амлалгүй тунаж, жинхэнэ үнэн хүчээрээ үзсэн энэ барилдаанд Б.Соронзонболд давснаар, цааш даваагаа ахиулан улсын заан цол хүртсэн билээ. Б.Соронзонболд тэр наадмаас хойш “Би найзыгаа дөрөв даваад ирэх юм бол амлах болно” гэж нуулгүй хэлж байсан удаатай. Үнэхээр энэ жил тэр олон жил цэргийн цолондоо хорогдсон андыгаа улсын цолны босгоор алхуулж, цаашлаад харцага цол хүртэх үүдийг нь нээж өглөө. Иймэрхүү хүн чанарын өгөө, аваатай, сэтгэл уяруулах тохиол их спортод ч олонтаа гардаг билээ.
Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын начин С.Мөнхбатыг иртэй, одтой юм гэж ирэх жилүүдийн барилдаанд нь амжилт хүсэхээс яах билээ. Одоогийн ихэнх залуу бөхчүүдийн адил олны өмнө том болж харагдах гэдэггүй энэ залуу дөнгөж өнгөрсөн жил улсын начин цол хүртсэн юм. Жил дараалан цолоо ахиулж, цолондоо эзэн болж явна гэдэг наадмын дэвжээ бүрт, наадамд зодоглож байгаа бөх бүрт тохиох хувь заяа биш. С.Мөнхбатын ингэж одтой барилдсан нь түүний хувь хүний зан төлөв, бөхийн ертөнцөөс зөв, сайныг нь өөртөө тунгааж яваагийн илрэл ч байж болох юм.
Төгсгөлд нь бөхөө дэндүү сайн мэддэг түмэн олныхоо итгэлийг алдаагүй Зургаан залуу зааны нэг, шинэхэн арслан Батжаргалын Ганбат танд талархал илэрхийлье. Эднийхээ цол нэмэхийг харах сайхан ч дандаа л хуучин цолонд нь, олон жил дуудуулсаар овог шиг нь болчихсон Заан цолонд нь дасчихсан байдаг бололтой. Даян аварга А.Сүхбат, даян аварга Г.Өсөхбаяр, аварга Д.Сумъяабазар, арслан Б.Ганбат, гарьд Б.Гантогтох, гарьд Ц.Цэрэнпунцаг…Монгол бөхийн дэвжээг халгиж цалгитал нь дүүргэж явсан “Зургаан залуу заан” энэ наадмаас хойш бүгд арслан, гарьд, аваргын энтэй хүчтэнүүд болон, бөхийн түүхэнд үлдэж байна. Тэдний маань араас эдэн шиг хүчтэн олон төрөх болтугай.
Б.Бадамгарав