Монгол наадмаа үзэхийг 13 жил хүлээжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Монгол наадмаа үзэхийг 13 жил хүлээжээ

Монгол түмнийхээ ааг омгийг бадрааж, уран сайхан барилдаанаараа зон олныг байдлан дагуулж, баярын нулимс, омогшил бахархал, баяслыг та бидэнд харамгүй хайрлаж ирсэн их аварга Асашёорюү Д.Дагвадоржтой хийсэн энэхүү ярилцлагыг бид баяр наадмын өмнө авсан юм.
Их аварга маань энэ жилийн наадмаар сайхан наадлаа. Түүний хувийн амьдралын тухай таагүй мэдээлэл хэвлэлээр цацагдаад байсан ч их аварга гэргий Г.Тамирынхаа хамт Төв цэнгэлдэхэд зочлон, эхнэртэйгээ эвлэрснээр нууж хаалгүй харууллаа. Дөнгөж 17 насандаа хилийн чанадыг зорьж, 13 жилийн хугацаанд эх орондоо наадамлаагүй их аварга Монгол наадмаа санасан нь илт байв. Басхүү баяр дээр баяр нэмж түүний бор соёолон энэ жилийн баяр наадамд айрагдсан нь аваргын сэтгэлийг хөдөлгөж, нулимс дуслуулахад хүргээд авсан юм.


-Монгол түмний уламжлалт үндэсний их баяр наадам эхэлж байна. Та хэрхэн наадах гэж байна, аварга аа?

-Ах нь сайхан наадах байх гэж бодож байна.  Би одоо 14 дэх жилийнхээ  наадмыг  амьдаар нь, биетээр үзэх гэж байна. Японд байхад долдугаар сарын башётой давхацдаг тул нутагтаа үзэх боломжгүй олдоггүй байсан. Одоо бодоход 17 наснаасаа хойш монгол түмнийхээ төрийн их баяр наадмыг  эх орондоо амьдаар нь үзээгүй юм байна. Амьтан хүнээс наадмын талаар сураг чимээ сонсох, эсвэл интернэт, сониноос л үзэж, догдолдог байлаа.  Энэ жил миний хувьд их онцлог жил болж байна. 25 дахь түрүүгээ авсныхаа дараа би зодог тайлж, сумочийн амьдралаа орхисон ч ингээд ард түмэн, ахан дүүстэйгээ хамт наадан цэнгэх гэж байгаадаа  туйлын их баяртай байна. Өөрийн эрхгүй сэтгэл догдлоод байгаа.

-Та зодог тайлсныхаа дараа хамгийн түрүүнд юу бодсон бэ?

-Нэг л юм бодсон.  Энэ зун монгол наадмаа амьдраар нь үзэх нь дээ гэж. /Инээв/. Нээрэн шүү. /инээв/.

-Магадгүй таниас хүн бүхэн л асуудаг байх. Танд өнгөрсөн хугацаанд үндэсний бөхөөрөө барилдах юмсан гэсэн бодол төрж байсан уу?

-Багадаа би үндэсний бөхөөр хичээллэдэг байсан. Тэгээд ч сайхан Монгол бөхийн удам судар байна. Олон мянган жилийн түүхтэй үндэсний бөхийн агуу түүхийн өчүүхэн хэлтэрхий болж өсч хүмүүжсэндээ би баярлаж явдаг. Магадгүй, түмэн олон маань намайг үндэсний бөхөөр барилдаасай гэж бодож байж магадгүй.  Гэхдээ аварга нь одоо болъё доо, тийм ээ. Өөрийнхөө зам мөр, хувь тавилангаар явсан хүн чинь дэмий юм болов уу гэж боддог.

-Яагаад дэмий гэж. Та чинь залуу хүн зодоглоод үзэх хэрэгтэй юм биш үү. Их аваргын тэр их омогшсон ариун хөлсний дуслыг эх дэлхийнхээ газар шороонд амсуулж, хүүгээ санасан газар эхийнхээ сэтгэлийг тайтгаруулаасай гэж хүлээх хүн олон байгаа шүү дээ?

-Мэдээж бөх хүнийхээ хувьд, нөгөө талаар  оюун санаа, бие бялдрын хувьд барилдах юмсан гэсэн хүсэл мөрөөдөл байлгүй л яахав. Гэхдээ ямарваа нэгэн зүйлд хэмжээ хязгаар гэж бий шүү дээ. Хүний оюун санаа хязгааргүй боловч бяр гэдэг чинь түрхэн зуурын бороо шиг зүйл. Хүний амьдрал ийм л байдаг.

-Таныг зодог тайлснаас хойш сумо бөх ямар ч “амтгүй” боллоо гэж ярих хүн олон болжээ. Та өөрөө хөндлөнгөөс хараад яг одоогийн сумог юу гэж хэлмээр санагддаг вэ?

-Үнэндээ би ч ирснээсээ хойш сумог тогтож сайн үзсэнгүй дээ.  Нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Сумо гэж агуу соёл болсон спортоор намайг  хүмүүжүүлсэн багш, найз  нартаа би үргэлж талархаж явдаг юм. Намайг арлын Япон орон руу хөтөлсөн багш нартаа баярладаг. Хэдийгээр зодог тайлсан ч гэсэн одоо ийм нөхцөлд ирчихээд тэр соёлыг муулж суух нь  монгол эр хүний жудагт нийцэхгүй юм.  Яахав дээ, би хувьдаа ч юм уу, бусад сумочид ч гэсэн амьд хүн л юм болохоор алдаа гаргаж, асуудалд орох үе байж л байсан. Гэсэн хэдий  ч  би сумо бөхийн олон мянган зууны түүхэн дэх нэг  хэлтэрхий нь болохоор сумог сайхан хөгжиж яваасай л гэж боддог.  Арлын Японы агуу их гүрний олон мянган жилийн эр бяр, цог хийморь сүлдийг бадрааж яваа энэ спорт маань битгий унтраасай гэж дотроо залбирч явдаг. Би тэгэх ч ёстой хүн нь шүү дээ. 

-Кёкүшюзан Д.Батбаяр зодог тайлахдаа хамгийн сүүлийн барилдаанаа хийхдээ  хүүтэйгээ дэвжээнд гарч байсан. Та зодог тайлах ёслолынхоо үеэр дэвжээнд гарна. Тэр үед хэнтэй сүүлийн барилдаанаа хийх тухайгаа бодсон уу?

-Энэ талаар ёстой санаагүй, бодоогүй юм байна шүү.  Цаг нь ирэхээр та бүхэн харах байлгүй дээ.

-Та одоо эргээд сумогийн хүнд хүчир хийгээд бахархал, омогшил дунд амьдарсан тэр үеэ бодохоор ямар мөч илүү санаанд тань тод байдаг вэ. Одоо ч гэсэн хамгийн тод санагдаад байдаг тэр бодлоосоо хуваалцаач?

-Түрүүлэх бүртээ би их баярладаг байсан. Нутагт маань, Монголд минь ард түмэн маань ямар их баярлаж байгаа бол гэж бодохоор л огшчихдог байлаа. Би нэг түрүүнийхээ дараа NHК телевизээр  Монголынхоо ард түмэнтэйгээ унаган эх хэлээрээ  мэндчилгээ дэвшүүлсэн дээ. Тэгэхэд ямар гоё байсан гээч. Тэр торгон агшин миний амьдралд дахин хэзээ ч давтагдахгүй /санаа алдав/… Гар хөлөө бэртээчихээд, түүнийгээ давж гарсандаа баярлаад, нутгаа санаад, ард түмнээ хайраад тэгэхэд би нулимсаа барьж дийлээгүй юм.

-Аварга аа, та сумод өөр шигээ сайн бөх бэлтгэх тухай боддог уу?

-Би өмнө нь хэлсэн шүү дээ. Оюун санаа мөнх, биеийн хүч агшин зуурынх байдаг гэж.  Тийм болохоор одоо би нэг их бөхөөр хөөцөлдөхгүй ээ.

-Залгамж халаагаа бэлдэхгүй гэж үү?

-Тэрийг ёстой тэнгэр мэдэх байлгүй дээ.

-Та зодог тайлсан шалтгаанаа нэмж тодруулмаар санагддаг уу. Хүмүүст хэлэх сэтгэлийн өөр үг ч юм уу?

-/Инээв/. Тэр асуудал тэгээд л дууссан шүү дээ.  Аварга нь одоо эргээд энэ асуудлыг дурсъя гэж боддоггүй. Ер нь эр хүн эр хүн шиг л байх ёстой.

-Наадмын өмнө бидэнтэй сэтгэлээ хуваалцсанд их баярлалаа, танд. Та сайхан наадаарай.

-Баярлалаа. Олон жил наадмаа хүлээсэн болохоор би хэн хэнээс илүү догдлоод байгаа шүү. Танай хамт олноор дамжуулаад Монголын ард түмэндээ дэлгэр сайхан наадахыг хүсэн ерөөе. Бүгдээрээ хамтдаа сайхан наадацгаая. Монгол айл бүхэнд аз жаргал ерөөж байна. Та бүхэн маань сайхан наадаарай.

Б.Анхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж