
Ерөнхийлөгч Николя Саркозийн сонгуулийн ажиллагаанд хууль бусаар баян хатагтай Бетанкураас мөнгө авсан гэх дуулианд орсон Францын Хөдөлмөрийн сайд Эрик Верт (Eric Woerth) “Ард түмний хөдөлгөөний төлөө холбоо” (UMP) намын санхүүгийн асуудал эрхэлсэн тушаалаасаа огцорно гэж мэдэгджээ. Түүнийг Европын хамгийн баян хатагтай Лилиан Бетанкураас Саркозийн сонгуульд 150 мянган евро авсан мөн Вертын эхнэр нь Бетанкурын санхүүгийн зөвлөх байхдаа түүнд татвараас зугтахад нь тусалсан зэрэг хэрэгт буруутгаж байгаа юм.
Энэ сарын 11-ний өдөр Францын санхүүгийн ерөнхий шалгалтын алба Вертад тулгасан хэргийн сэжгийг үгүйсгэсэн шийдвэр гаргасан байна.
Лилиан Бетанкур нууцаар Вертад 150 мянган еврог сонгуульд нь ашигла гэж өгсөн тухай яриаг Бетанкурын ня-бо асан Клэр Тибу (Claire Thibout) гэх эмэгтэй долдугаар сарын 5-нд гаргаж тавьсан юм. Дараа нь тэрээр сэтгүүлчид яриаг нь хэвлэхдээ чимэг, хачир нэмсэн гэж мэдэгдсэн байлаа.