
-Төрийн наадамдаа хязаалан айрагдуулсан танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа.Танай сайтаар дамжуулаад Монголынхоо нийт ард түмэндээ баярын мэнд дэвшүүлье. Төрийнхөө энэ том наадамд морь айрагдуулна гэдэг хүн болгонд тохиодоггүй сайхан аз завшаан юм. Тэр тусмаа баяр наадмын хамгийн эхний өдөр, хамгийн эхний уралдаанд ийм сайхан өмтэй наадсандаа сэтгэл маш өндөр байна.
-Таны хонгор хязаалан гарсан цагаасаа эхлээ тархинд уралдсаар аман хүзүүдлээ. Наадмын өмнөх сорилго сунгаануудад ч сайн байсан дуулдана?
-Энэ хонгор хязаалан бол миний унаган адуу. Шинэ монгол адууны төлөөлөл. Эх нь монгол гүү эцэг нь миний Араб халзан азарга бий. Дааган насандаа улсад арван хэдээр давхиад, Заамарын бүсийн наадамд түрүүлж байсан. Ноднин шүдлэндээ улсад хорин хэдээр давхиад Баянхонгорт түрүүлсэн. Энэ жил төрийн наадамдаа анх удаа торгон жолоогоо өргүүлж байгаа юм.
-Ганц Манлай биш, “Босоо хүлэг” галын морьд энэ жил өнгөтэй сайхан байна?
-Би 2004 оноос хойш улс бүсийн наадамд наадсан. Зургаан жилийн дотор МУ-ын Манлай уяач цолыг хүртлээ. Алтан туурайт тэнгэрийн амьтны хайр ивээл намайг ивээж, өдий зэрэгтэй явуулж байгаад үнэхээр билгэшээдэг. Манай галын хамт олны эвсэг найрсаг хөдөлмөрч зан чанар миний амжилтын салшгүй хэсэг.
-Улсын наадмын дараагаас бүсийн наадмуудтай. Манлай хаашаа явахаар зэхэж байна вэ?
-Морьдоо харж байгаад л хаашаа явахаа шийднэ дээ. Ямар ч байсан эхлээд шигшмэл морьдын “Их хурд”-даа оролцчихоод Эрдэнэт юм уу, Хөвсгөл явах байх.
-Баярлалаа. Тод магнай торгон жолоогоо өргүүлж яваарай.
А.Тэлмэн