
Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнөө ийнхүү шагнал гардуулсныхаа дараа, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Чингэс хааны одон хүртсэн Р.Гончигдоржид хандан, “Улсын Их Хурлын гишүүн Раднаасүмбэрэлийн Гончигдорж бол Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын чимэг болсон удирдагчдын нэг юм. Тэрбээр улс орныхоо түүхэн шилжилтийн босгон дээр Улсын Бага Хурлын дарга, дэд Ерөнхийлөгчийн ажил албыг нэр төртэй гүйцэтгэснийг Монголын ард түмэн, төр өндрөөр үнэлдэг юм. Энэ онд манай орны анхны ардчилсан парламент Улсын Бага Хурал байгуулагдсаны түүхт 20 жилийн ой тохиож байна.
Раднаасүмбэрэлийн Гончигдорж бол Монгол дахь ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэл зүтгэлийн 20 жилийн үлгэр жишээ юм. Та бол манай орны хамгийн туршлагатай, их итгэл найдвар хүлээсэн хууль тогтоогчдын нэг. Таны улс орон, хүн ардынхаа эрх чөлөөт амьдрал, хөгжил дэвшлийн төлөөх онцгой гавъяа зүтгэлийг ашид үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингэс хааны одонгоор шагнаж байна.
Раднаасүмбэрэлийн Гончигдорж Танд төр түмнээ гэсэн цаашдын ариун үйлсдээ улам их амжилт олохыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Баяр хүргэе. Та сайхан наадаарай” хэмээн баяр хүргэж үг хэллээ.