
МУЭ-ийн хорооны үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр “Монголын сайхан орноор”
дүрслэх урлагийн уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн нь Их Монгол улс байгуулагдсаны 804 жил, Ардын хувьсгалын 89 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголын урчуудын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг арга хэмжээний нэг юм. Үзэсгэлэнг нээн МУЭ-ийн хорооны дарга, төрийн шагналт зураач Ц.Энхжин үг хэллээ. Тэрбээр “Тус үзэсгэлэн нь Монголын их баяр наадамд зориулан жил бүр уламжлал болгон монголын дүрслэх урлагийн уран бүтээлчид бүтээлээрээ бэлэг барьдаг томоохон үзэсгэлэн юм. МУЭ-ийн хороо, монголын уламжлалт урлаг, спорт болох нум сум харвааг дэмжин хамтран ажилладаг. Энэ жил үндэсний уламжлалт харвааны холбоо өөрсдийнхөө дархадын хийсэн уласмжлалт ур хийц бүхий нум, дуут сумыг дэлгэн тавилаа. Баяр наадмаар “Монголын сайхан орноороо” аялан сайхан наадаарай” хэмээв. Монгол орны үзэсгэлэнт байгаль, хөдөөгийн ард түмний аж амьдрал, хүн байгалийн харилцан шүтэлцээ, экологийн тэнцвэр алдагдаж байгаа өнөө үед байгаль, дэлхийгээ хайрлах тухай олон сайхан бүтээлийг уран бүтээлчид өөр өөрсдийн онцлог , арга барилаар урласан нь энэхүү үзэсгэлэнг үнэ цэнэтэй болгожээ. Үзэсгэлэнд төрийн соёрхолт зураач Ц.Энжин, урлагийн гавъат зүтгэлтэн Ч.Батмөнх, П.Цогзол, Э.Сүхээ, МУЭ-ийн хорооны шагналт зураач Ц.Эрдэнэцог, Р.Адъяабазар Л.Бумандорж, Ц.Нарангэрэл гээд ахмад болон залуу үеийн 100 гаруй уран бүтээлчийн 200 гаруй бүтээл дэлгэгдлээ. Тиймээс ч энэхүү үзэсгэлэн уран зураг, зураасан зураг, монгол зураг, баримал, чимэглэлийн урлаг гээд дүрслэх урлагийн бүх л төрөлд хийгдсэн ажлуудыг нэг дороос нэгтгэн харах сайхан боломжийг олгож байдаг ажээ. Үзэсгэлэн баяр наадмын өдрүүдэд амралтгүй ажиллахаас гадна наадамч олондоо үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.
Г.Даша