-Өмнөговийн малчид энэ өвлийг хэрхэн туулж байна?
-Манай нутгаар өвөлжилт сайхан байна. Цас бага орсон учир нийт нутгийн 90 орчим хувь нь багахан хэмжээний цасан бүрхүүлтэй байна. Өдөрт 7-8 хэмийн хүйтэнтэй байгаа учир малчид маань малын хорогдол нэг их гаргаагүй. Нөөцөнд 300 гаруй тонн өвс, 900 гаруй тонн тэжээл хадгалагдаж байгаа учир өвс, тэжээлийн асуудалд санаа зовохгүй байна.
-Дулааны цахилгаан станцын асуудал юу болсон бэ?
-Одоогоор дулааны цахилгаан станцын нэг турбин нь ажилд орсон байгаа. Харин нэг турбиныг нь сарын дараа ажилд оруулахаар бүх л арга хэмжээг авч байна.
-Тэгэхээр аймгийн төвийнхөн нэлээд хүндхэн өвөлжиж байгаа байх нь ээ?
-Үгүй үгүй. Нэг турбиныг орлуулж мотор асааж дулаан, цахилгаанаар хангаж байгаа учир бүх зүйл хэвийн горимд шилжсэн. Харин энэ моторыг ажиллуулахын тулд өдөрт хоёр сая төгрөг зарцуулж байна. “Оюу толгой” ХК-аас хоёр мотор түр хэрэглүүлэхээр өгсөн. Түлш хэмнэх үүднээс энэхүү моторуудыг ч гэсэн хэрэглэхээр бэлдэж байна.
-Дулааны цахилгаан станцын саатлаас болж ямар хохирол учраад байна вэ?
-Станцын саатлаас болж 36 айлын орон сууц болон хувийн хэвшлийн хоёр байгууламж хөлдсөн байдалтай байна.
-Дулааны цахилгаан станцын асуудлыг шийдэхэд одоо юу дутагдалтай байгаа юм бэ?
-Энэ асуудлыг бүрмөсөн шийдэхэд нэг тэрбум төгрөг шаардлагатай. Шаардлагатай байгаа мөнгөний хүсэлтийг явуулсан байгаа. Цагаан сар дуустал ийм байдлаар эрчим хүч, дулааныг шийдхээс өөр арга алга. Цагаан сарын дараа энэ асуудлыг шийдэж өгнө гэдэгт найдаж хүлээж байна. Мотор ажиллуулахад ихээхэн хэмжээний түлш, шатахуун зарлагадаж, нэлээд алдагдалтай ажиллаж байгаа ч иргэдээ цагаан сараар цахилгаан, дулаантай байлгахын тулд энэ бүх арга хэмжээг авч байгаа юм.
-“Оюу толгой” ХК-ийн өгсөн хоёр моторыг ажиллуулахын тулд бас л түлш хэрэгтэй биз дээ?
-Дээрх хоёр моторыг ажиллуулахад одоо гарч байгаа зардлаас бага зардал гарах тооцоо гарсан. Гэхдээ улсаас шаардлагатай байгаа хөрөнгийг гаргаад өгчихвөл заавал тэр моторуудыг ажлуулаад байх шаардлага байхгүй.

"Улс төрийн тойм" сонин