Ерөнхийлөгчид бараалхав | News.MN

Ерөнхийлөгчид бараалхав

Хуучирсан мэдээ: 2010.07.10-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид бараалхав

Ерөнхийлөгчид бараалхав
Манай улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мехмет Али Шахин өчигдөр  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ноён Мехмет Али Шахиныг манай оронд тавтай морилохыг хүсээд, эртний түүхэн харилцаа холбоотой Монгол-Турк улсуудын хамтын ажиллагаа бүх салбарт хөгжиж байгаагийн дотор хууль тогтоох байгууллагуудын харилцааг чухал гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Ноён Мехмет Али Шахин, өвөг дээдсийнхээ  нутагт анх удаа ирж байгаадаа баяртай байна гэв. Тэрбээр  “ Монгол Улс бол бидний хувьд онцгой чухал түнш билээ. Манай хоёр орны парламент хоорондын харилцаа хөгжиж байгаад би сэтгэл дүүрэн байдаг. Учир нь  парламентын харилцаа бол ард түмэн хоорондын харилцаа гэж хэлж болно. Би өнөөдөр 1-р эмнэлгийн цусны төв, эрүү нүүрний мэс заслын төв болон Засгийн газрын цахим мэдээллийн архивын  нээлтэд оролцлоо. Энэ бүхэнд Туркийн ТИКА байгууллага хувь нэмрээ оруулсныг мэдэхэд сэтгэл өндөр байна. Ерөнхийлөгч та, улс эх орондоо ардчиллыг бэхжүүлж,  иргэний оролцоог нэмэгдүүлэх талаар санаачилгатай ажиллаж байгааг сайшааж байна” хэмээн ярилаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНТУ-ын Ерөнхий сайд Т.Эрдагоныг ирэхэд Хархоринд түүхийн ховор дурсгалыг үзэж байснаа дурсаад, хоёр орны шинэ цаг үеийн харилцаа олон амжилтаар баяжиж байгаа тухай ярилаа. “Ялангуяа дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол, аялал жуулчлалын салбарт амжилттай хамтран ажиллаж байна. Эдгээр хамтын ажиллагаанд Туркийн Үндэсний Их хурлын зүгээс бүхий л талаар дэмжин тусалж ирсэнд талархаж байна” гэсэн юм.

Ноён Мехмет Али Шахин Наадам үзэхээр сэтгэл догдлон хүлээж байгаа тухайгаа дурдлаа. Уулзалт нөхөрсөг илэн далангүй болж өнгөрлөө гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж