Мехмет Али Шахин мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Мехмет Али Шахин мэдээлэл хийлээ

Мехмет Али Шахин мэдээлэл хийлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мехмет Али Шахин нар сэтгүүлчдэд товч мэдээлэл хийлээ.
Мэдээллийг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл нээж, эрхэмсэг ноён Мехмет Али Шахин тэргүүтэй Туркийн парламентын төлөөлөгчид болон тэнд хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд Ардын хувьсгалын 89 жилийн ой, үндэсний их баяр наадмын баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрбээр цааш нь хэлсэн үгэндээ, “Бидний  хийсэн яриа хэлэлцээ амжилттай болж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны Протоколд сая гарын үсэг зурж баталгаажууллаа. Монгол, Туркийн ард түмэн төв Азийн нутагт өөрийн төр, улсыг байгуулан төвхнүүлж  байсан  Хүннү гүрний үеэс үүдэлтэй улс гүрэн. Энэ үеэс эхэлсэн  уламжлалт түүх, соёлоо түшиглэн өнөө үед харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх  боломжтой. Парламент хоорондын харилцааг цаашид бэхжүүлэх нь хоёр орны хамтын ажиллагаа, эдийн засгийг хөгжүүлэхэд чухал түлхэц болно. Өнөө үеийн Турк улс хөгжлөөрөө дэлхийд дээгүүрт орж байгаа улс орон. Монголын оюутан сурагчид олноороо Турк улсад суралцаж байна. Турк улсад боловсрол эзэмшсэн хүмүүсийн дундаас парламентын гишүүд ч төрөн гарсан. Хоёр улсын  харилцаа, хамтын ажиллагаа цаашид  улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Мехмет Али Шахин хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Туркийн ард түмний эцэг өвгөдийн нутагт зочилж, энэ сайхан цаг үеэр айлчилж байгаадаа таатай байна. Хоёр улс Азийн зүүн, баруун хэсэгт оршдог ч ах дүүгийн найрсаг харилцаатай. Хэдийгээр хоорондоо алс хол ч ард түмний бие биенээ гэсэн сэтгэл зүрх ойр юм аа. Хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа дээр үеэс уламжлалтай. 1990-ээд онд хамтын ажиллагааны Протоколд гарын үсэг зурж байсан. Дөнгөж сая парламент хоорондын цаашдын хамтын ажиллагааг тодорхойлсон шинэ Протоколд гарын үсэг зурсанд баяртай байна.
Парламент хоорондын хамтын ажиллагаа нь  ард түмний харилцаа, хамтын ажиллагаа гэсэн үг юм. Монгол Улсын парламент бол маш хүчтэй, ардчилсан зарчимтай,  сайн парламент гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Монгол Улсын Их Хурлыг улс төрийн олон урьгалч үзэлд суурилсан  маш хүчтэй парламент гэдгийг бид мэднэ. Энэ хүрээнд Монгол Улсын өнөөгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн, цаашид шийдэх маш чухал олон асуудал байгаа гэж би сонссон. Энэ дашрамд Монгол Улсын Их Хурлын дарга эрхэмсэг ноён Дэмбэрэлд талархал илэрхийлье. Түүнийг Монголын парламентыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан Монгол Улсын төрийн том зүтгэлтний нэг  гэж би хувиасаа үнэлдэг.
Ялангуяа Монгол Улсад ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр олон төсөл хэрэгжих гэж байгаа энэ цаг үе их чухал гэж үзэж байна. Ашигт малтмалаас олсон ашгийг Монголын ард түмэнд хуваарилах нь парламентын үүрэг байх ёстой. Ингэснээр Монгол Улс илүү хурдан хөгжил дэвшилд хүрнэ гэж найдаж байгаагаа хэлэх байна. Туркийн ажил хэрэгч хүмүүс ч гэсэн Монголд хөрөнгө оруулалт хийх хүсэл эрмэлзэлтэй байдаг. Энэ хамтын ажиллагааг ч бид дэмжиж ажиллах учиртай. Турк улс Монгол орны хөгжил дэвшилд хэд хэдэн чиглэлээр үүргээ гүйцэтгэж, нэлээд төсөл хэрэгжүүлж ирсэн. Энэ айлчлалын үеэр ч зарим шинэ төслийн эхлэлийг тавина. Эдгээр хэрэгжсэн төслүүдээс Туркийн хөшөө дурсгалыг сэргээн засварлах төсөл ихээхэн чухал төсөл байсан. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсын төр засаг, ард түмний үзүүлсэн  дэмжлэгт гүн талархал илэрхийлж байна.
Хоёр улсын боловсролын салбарт хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Одоогоор монголын 1000 орчим  залуус Туркийн их дээд сургуульд суралцаж байна. Энэ тоог цаашид улам нэмэгдүүлэх, санхүүгийн болон бусад шаардлагатай дэмжлэг тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлье” гэлээ.
Хүндэт зочид дараа нь УИХ-ын чуулганы танхимтай танилцаж, УИХ-ын даргатай дурсгалын зураг татуулав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж