Түүнчлэн ДЭМБ-аас дэвшүүлсэн зорилт, хөтөлбөрүүд, явуулдаг үйл ажиллагааны хүрээнд Монгол Улс идэвхтэй оролцож ирснийг дурдаад, ДЭМБ нь хүний хамгийн үнэтэй зүйл болох эрүүл мэндийг хамгаалахад туслалцаа үзүүлж, мэдлэгээр ханган, туршлагаасаа хуваалцдаг Монгол Улсад хамгийн идэвхтэй ажилладаг НҮБ-ийн төрөлжсөн байгууллага юм гэдгийг тэмдэглэв.
Доктор Ш.Ёнгсу Монгол Улс нь идэвхтэй, хурдан хөгжиж байгаа орон бөгөөд ДЭМБ, Монгол Улсын хамтын ажиллагаа агуулга, хэлбэрийн хувьд идэвхтэй хөгжиж байна. Үүнд Монгол Улсын өндөр идэвх, санаачилга ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг онцоллоо.
Мөн ноён Ш.Ёнгсу Монгол Улсад айлчлах хугацаандаа эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай тодорхой хэмжээнд танилцаж, Монголын талын хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, тодорхой дүгнэлт хийсний дагуу хүсэлт гарган, улмаар ДЭМБ-аас Монгол Улсад 300 000 хүн тун А хүрээний H1N1 вирусын эсрэг вакциныг нэмж олгохоор шийдвэрлэснээ Ерөнхий сайдад уламжиллаа.
Ерөнхий сайд С.Батболд тус шийдвэрт Монгол Улсын Засгийн газрын өмнөөс талархал илэрхийлээд, цаашид Монгол Улс, ДЭМБ-ын харилцаа улам өргөжин хөгжих болно гэдэгт итгэлтэй байна гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.