
-Улсын их баяр наадмаар толилуулах үзэсгэлэнгийнхээ талаар сонирхуулна уу?
-“Монголын сайхан орноор” гэдэг энэ уламжлалт үзэсгэлэнг жил болгон Ардын Хувьсгалын баярын өдөрт зориулан гаргадаг. Улс хувьсгалын ойг тэмдэглэх үндсэн хөтөлбөрт багтаж явдаг үзэсгэлэн. Энэ удаагийн үзэсгэлэнд уран зураг, зураасан зураг, монгол зураг, уран баримал гээд үндсэн гол төрлүүдийн төлөөлөл болсон 150-аад уран бүтээл тавигдаж байгаа. Манай үзэсгэлэн бол 17-н хүртэл үргэлжилнэ. Ер нь баяр наадмын үеэр арваад хоног ажилладаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч албан ёсоор наадмын үйл ажиллагааг нээж, Улсын их хурлын эрхэм гишүүд болон бусад байгууллага, гадаадын төлөөлөгчид уран бүтээлчид ирж оролцдог. Нээлтэд оролцохоос гадна бас нэг таашаалтай сайхан нь энэхүү “Монголын сайхан орноор” үзэсгэлэнг үзэж сонирхон урлагийн таашаал авдаг болоод байгаа.
-Бусад үзэсгэлэнгээс юугаараа онцлог вэ?
-Бусад үзэсгэлэнг бодвол эх орныхоо байгалийн сайхныг, тал нутгийн нүүдэлчин ард түмний амьдралын хэв шинжийг харуулна. Мөн түүнчлэн эрт эдүгээгийн түүх сүүлийн үед их түгээмэл бүтээдэг болсон ХХIII зууны амьдрал эзэнт монгол гүрний амьдралыг харуулсан сэдвүүдээр ихэвчлэн бүтээлүүдээ хийж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд ч ийм бүтээлүүд дийлэнх хувьд нь байгаа. Харин бусад үзэсгэлэнгүүд бол уран бүтээлийн өөр зорилготой байдаг болохоор модерн, холимог техник, зураач болгоны өөрийнх нь арга барилтай байдаг. Энэ үзэсгэлэнгийн өөр бас нэг онцлог нь уран бүтээлч хүн эх орноо өөрийн нүдээр яаж хардаг вэ, яаж сэтгэлээрээ мэдэрдэг вэ гэдгийг л илэрхийлдэг бүтээлийн үзэсгэлэн байгаа юм. Тиймээс энэ нь манай уламжлалт томоохон уран бүтээлийн үзэсгэлэнгүүдийн нэг хэсэг нь гэж ойлгож болно.
-Уран бүтээлчдийн бүтээлийг ямар шалгуураар шалгаж авдаг вэ?
-Мэдээж уран бүтээлч бүр өөрийнхөө бүтээлийг бүтээл гэж үзэсгэлэнд оролцдог. Гэхдээ бид нэгд энэ үзэсгэлэн уран бүтээлийн үзэсгэлэн болохоос худалдааных биш учраас мэргэжлийн талаас нь хардаг. Түүнээс биш хүссэн болгоных нь бүтээлийг тавибал утгаа алдана. Иймдээ ч саяхан сургуулиа төгссөн, зарим бие даан бүтээл туурвиж байгаа хүмүүс хараахан энэ үзэсгэлэнд орох боломгүй. Гэхдээ энэ бол хүмүүсийн бүтээлч амьдрал сэтгэлгээг нь дарсан асуудал биш. Дараа өөрөө өөрийгөө баяжуулаад, авъяас чадвараа хөгжүүлээд оролцох боломжийг олгодог. Ер нь уран бүтээлч хүн болгоны бүтээл үзэсгэлэнд оролцохуйц сайн байх албагүй. Тийм үг байдаг шүү дээ. “Сайн уран бүтээлчид муу бүтээл байж болдог. Муу уран бүтээлчид харин сайн уран бүтээл байдаггүй юмаа” гэдэг. Үзэсгэлэнд бүтээлийг оруулахгүй хойшлууллаа гэхэд зарим ухаалаг хүний хувьд хүлээн авч илүү ихийг хийх боломж ч болдог.
Г.Даша