
Сүүлийн үед хоолойны цар хүрээгээрээ олны анхаарлыг татаад буй “Voice” хамтлаг өчигдөр “АСА” циркт хоёр дахь бие даасан тоглолтоо хийлээ. Тэдний “Voice of Mongolia” буюу “Монголын дуу хоолой” тоглолт 19.00 цагт эхлэх байсан боловч бараг 20.00 цагийн үед тоглолт эхэлсэн. “АСА” циркт үзэгч дүүрэн байсан. Тэр дунд гадаадын жуулчид их байгаа харагдсан. “Voice” хамтлагийнхан өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд анхны бие даасан тоглолтоо Улсын филармонийн концертын танхимд хийж байсан юм. Тэд өмнө нь амласан ёсоороо тоглолтын өмнө үзэгчдэд өргөн дэлгэцээр ДАШТ-ний шилдэг гоолуудыг нэг дор үзүүлсэн. Циркийн алтан манежанд уран бүтээлийн дээжсээ өргөн барьсан тэдний тоглолт үзэгчдийн алга ташилтаар эхэллээ. “Voice” хамтлагийнхан “Амар мэндийн дуу”-гаар дуун цэнхэр хадгаа өргөн ҮДБЭЧ-ын бүжигчид үндэсний хувцастай бүжиглэн тоглолт эхлэв. Тэд тоглолтынхоо эхний хэсэгт эх орноо магтан дуулж, “Ижийдээ бичсэн захидал” дуугаараа Монголын бүх саран гоо ээжүүд, бүсгүйчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ. Тус хамтлагийнхан соло уран бүтээлээ сонирхуулан А.Эрдэнэжаргал “Сонин Хангай”, Д.Отгонжаргал “Эзэн заяа”, хамтлагийн ахлагч С.Баттулга “Тагтаа” дууг тайзнаа эгшиглүүлсэн. Ардын жүжигчин Ч.Мөнхшүрийн дуулснаар олны хүртээл болсон “Тагтаа” дууг С.Баттулга хүүхэд байхаасаа дурлан сонсдог байсан гэсэн шүү.
Тоглолтын хоёрдугаар хэсэг Морин хуурын чуулга удирдаач Д.Түвшинсайханы удирдлагаар АЖ, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-гаар үргэлжилсэн. Хамтлагийн ахлагч С.Баттулга морин хуурын чуулгатай хамтран Б.Явуухулангын “Би хаана төрөө вэ?” шүлгийг уншсан нь үзэгчдэд гэнэтийн бэлэг байлаа. Д.Отгонжаргал “Өнө мөнхийн орон” мөн ангийн анд А.Эрдэнэжаргалтай хамтран “Аав ээж хоёр” дуугаар үзэгчдээ хөглөсөн. Харин С.Баттулга Морин хуур 2010 наадмын тэргүүн шагнал хүртсэн “Ингэн туйлс” дууг дуулахад үгийг нь бичсэн ахмад найрагч С.Буянтогтох гуай тайзан дээр гарч ирэн цэцэг өгөн үнссэн нь үзэгчдэд халуун дулаахан сэтгэгдэл төрүүлсэн шүү. “Voice” хамтлагийнхан энэ үдэш хүрэлцэн ирсэн үзэгчиддээ шинэхэн дуугаараа бэлэг барилаа. Тэд дөнгөж мэндэлсэн “Монгол” дуугаа хилийн цэргийн найрал дуучидтай хамтран амьдруулсан. Эх орон, Монголоо гэсэн омогшилтой сайхан дууны анхны сонсогч нь энд цугласан үзэгчид болов.

Морин хуурын чуулга монгол аялгуугаагаа эгшиглүүлэн, Төрийн шагналт, урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал” аялгуугаар үзэгчдийг байлдан дагуулсан. Мөн “Алтан ураг” хамтлагийнхан найзууддаа ая дууны мэндчилгээ дэвшүүлэн уран бүтээлээ хүргэсэн. Тоглолт үргэлжлэх тусам олон олон гэнэтийн бэлгүүд дэлгэгдэн байлаа. “Voice” хамтлагын дуу дээр “Сарны чулуу” дуу бүжгийн чуулгын бүжигчид монгол угсаатны бүжгийг бүжин мөн циркийн агаарын үзүүлбэртэй хамтран дуулсан нь сэтгэл хөдөлгөсөн агшин байлаа. Тоглолтын гуравдугаар хэсэгт тэд опера дууллыг яаж орчин үетэй хослуулж болдгыг харуулсан. A. L Webber “Memory” дууг дуучин Д.Отгонжаргал дуулсан бол “Voice” хамтлагаараа G.Caccini “Ave Maria” дууг этник опера жанраар дуулсан. Тус хамтлагийн анхны уран бүтээлүүдийн нэг G. F Handel “Prayer in the night” дууг dance жанраар, E. Крылатов Ю. Энтин “Прекрасное далеко” дуунуудаар үзэгчдийг хөглөсөн. A. L Webber “The Phantom of the opera” буюу “Дуурийн сүнс” нэртэй энэхүү дууг транс опера төрлөөр дуулан дуурийн театрын балетийн бүжигчид бүжиглэсэн нь үнэхээр таалагдсан шүү. “Voice” хамтлагийнхан Монголын дуу хоолой болж байгаа холбоочдод мөн бүх сайхан ээжүүд, эмэгтэйчүүддээ зориулан “Холбоочин”, “Бүсгүйчүүд” дуугаар мэндчилэн монгол рок опера “Voice of Mongolia” дуугаараа тоглолтоо өндөрлүүлсэн. Хоёр цаг гаруй үргэлжилсэн энэхүү тоглолтоос үзэгчид сэтгэл хангалуун гарлаа.
Г.Даша