
Орост үйлдвэрлэсэн шумбагчууд Мексикийн буланд алдагдаж байгаа газрын тосыг таглаж зогсоож чадаж магадгүй гэж хөлгийн ахмад нь ярьж байна. Байгаль нуурын ёроол руу хайгуулын ажил хийж байгаа 6,000 метрийн гүнд хүртэл шумбах хүчин чадалтай хоёр Орос шумбагчийн нэгнийх нь ахмад ийнхүү ярьж байна. Уг шумбагчууд Байгаль нуурын ёроолоос түлшний нөөц байгаа эсэхийг хайн хайгуул хийж байгаа юм байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд дээд төвшинд ярилцах хэрэгтэй гэж хөлгийн ахмад Евгений Черняев “BBC News” агентлагт ярилцлага өгөхдөө дурджээ.
Зуувин хэлбэртэй хоёр шумбагч дэлхийн хамгийн гүн нуур болох Байгаль нууранд гуравдах удаа хайгуулын үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа гэнэ. Дөрөвдүгээр сард “British Petroleum” компанийн үйл ажиллагаа явуулдаг “Deepwater Horizon” цамхагт дэлбэрэлт гарсны дараа Мексикийн буланд газрын тос алдагдаж байгаль орчныг бохирдуулж аюул занал учруулаад байгаа юм.
Усны мандал дээр байгаа газрын тосыг хөлөг рүү шүүж авдаг технологийг ашиглан өдөрт 10,000 баррель тос ялгаж авч байна гэж “British Petroleum” мэдэгдэж байгаа хэдий ч олон мянган баррель тос өдөр бүр далайн ёроолоос алдагдсаар байгаа юм. Үүнийг АНУ-ын түүхэн дэх хамгийн том байгалийн гамшигт газрын тосны бохирдол гэж АНУ-ын Засгийн газар нэрлээд байгаа. Засгийн газар Мексикийн буланд алдагдаж байгаа тосны талаар олонтаа ярилцсан бөгөөд хэрвээ бүх зөвшөөрөл, бэлтгэл бүрэн хангагдвал туслахаар очиход татгалзах зүйлгүй гэж ярьсан. Эдний багийн шумбагч хөлгүүд нуурын ёроолоос байгалийн хийний нөөц илрүүлсэн байна.
Мир-2 хөлгийн ахмад тэдний шумбагч хөлгүүд газрын тосны алдагдлыг зогсоож чадах дэлхий дээр байгаа цор ганц хүчин чадал бүхий хөлгүүд гэж ярьж байлаа. Тэрбээр “Манай шумбагч хөлгүүд онцгой. Хоёрхон ийм хөлөг хоорондоо уялдаа холбоотой нэгэн зэрэг ажиллах боломжтой. Түүнчлэн нэмэлт тоног төхөөрөмжүүдтэй ажиллах хүчин чадалтай. Дэлхий дээр 6,000 метрийн гүнд хүрч ажиллаж чадах дөрөвхөн хөлөг байдаг. Үүний хоёр нь манай “Мир”-үүд нөгөө нь Францын “Nautile”, Японы “Shinkai”. Тэр дундаа манай “Мир”-үүд хамгийн шилдэг нь бөгөөд маш туршлагатай мэргэжилтний багтай” гэж ярьж байна.
Тэрээр мөн ийм үйл ажиллагаа явуулахын тулд “British Petroleum” компани юм уу АНУ-ын Засгийн газар газрын тос зогсоох үйл ажиллагаанд хамтран оролцохыг Оросын Засгийн газраас хүсэх ёстой. Дээд төвшинд энэ талаарх шийдийг гаргах болно гэж сануулсан. “Үүнийг Засгийн газрын төвшинд шийдэх хэрэгтэй. Оросын Далай судлалын хүрээлэнгийн Анатолий Сагалевич Ширшовоос Мир хөлгүүдийг авч хэрэглэх зөвшөөрөл аваад хангалтгүй. Хэдийгээр бид гэмтэлтэй өрөмдлөг байгаагаас илүү гүнд хүрч чадах ч бид дангаараа бол нэг их зүйл хийж чадахгүй. Бидэнд олон улсын мэргэжилтнүүд, нарийн мэдээлэл хэрэгтэй бөгөөд магадгүй бид тусгай төхөөрөмж бүтээх хэрэг ч гарч магадгүй” гэж Черняев ахмад ярьсан. Шумбагч хөлгүүд Арктик гэх мэт илүү хатуу хүнд нөхцөлд хүртэл амжилттай ажиллаж байсан гэнэ. Түүнчлэн “British Petroleum” болон АНУ эхнээсээ газрын тос зогсоох үйл ажиллагаанд Оросуудыг урьж оролцуулаагүйд Оросууд болон түүний багийнхан их гайхсан гэнэ.
Ноён Черняев Хойд туйлын ёроолд хүнээр жолоодуулсан хөлгөөр хүрсэн анхны хүн болсон. Түүний багийн хоёр хөлөг энэ 7 сарын 1-нээс Байгаль нууранд гуравдахь удаагаа хайгуулын ажил хийж эхэлсэн байна. Байгаль нуур нь 1,637 метр хүртэл гүнзгий бөгөөд Монголын хилээс холгүй орших тус нуур нь дэлхийн цэнгэг усны тавны нэгийг агуулдаг бөгөөд олон төрлийн цэнгэг усны ховор амьтан, ургамлуудтай гэж “BBC” агентлаг мэдээллээ.
Т.Бадрах