Иймд энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
С.Ганбаатар: ГЭРЭЭГЭЭ ЗӨРЧСӨН Л БОЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ
-Засгийн газрыг шүүхэд өгөх үндэслэл хэр тодорхой байгаа вэ?
-Оюутолгойн гэрээг шударга хийхийг иргэний хөдөлгөөнүүд олон жил ш
аардсаны хүчинд өнгөрсөн жил түмний нүдэн дээр ил тод хийсэн шүү дээ. Ингэхдээ дотоод, гадаад ажилчдын харьцааг маш тодорхой заасан. Тодруулбал, уурхайн барилга, бүтээн байгуулалтын шатанд энэ харьцааг 60:40, уулын ажлын шатанд 75:25, ашигт малтмал олборлолтын шатанд 90:10 байхаар тохирсон. Өөрөөр хэлбэл энэ харьцааны олон нь Монгол, цөөн нь гадаад байна гэж үзсэн. Гэрээ байгуулсан гэдэг чинь хуульчлагдсан гэсэн үг. Тиймээс хууль зөрчсөн субъект хариуцлага хүлээх ёстой биз дээ.
-Яг яаж зөрчсөн юм бэ?
-“Оюутолгой” компанийн хувьд гадаадаас олон тооны ажиллах хүчин авах сонирхолтой байгаа. Тухайлбал энэ онд 2600 гадаад ажилтан шаардлагатай гээд, оруулж ирэх хүсэлтээ Засгийн газарт илэрхийлсэн. Гэтэл энэ хүсэлтийг нь Засгийн газар дэмжсэн шийдвэр гаргаж байгаа байхгүй юу. Асуудлын гол нь үүнд байгаа юм. Уг нь энэ төсөл дээр гадаадаас ажиллах хүчин авах асуудлыг гурван талт бүтцээр хэлэлцэж байж шийдэх учиртай. Гэтэл энэ ажлын хэсгийг өнгөрсөн гуравдугаар сард байгуулахдаа л Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, төрийн өмчийн “Эрдэнэс МГЛ”, “Оюутолгой” компаниас төлөөлөл оруулж байгуулсан юм. Манай үйлдвэрчний байгууллагаас хүн оруулаагүй. Энэ ондоо тооны харьцаа 60:40 байх ёстой шүү дээ. Харин тэр 2600 ажилчныг оруулаад ирэх юм бол 70:30 буюу гадаад ажилчны тоо давамгайлах гээд байгаа юм.
-Гэхдээ одоо оруулаад ирчихээгүй байгаа биз дээ. Тэгэхээр Засгийн газрыг яг одоо шүүхэд өгөх нь арай эртдэхгүй юү?
-Тийм. Гэхдээ тэд ажлыг хийх нь тодорхой байгаа. Тиймээс бидний хийх ажил ч тодорхой. Одоохондоо бид судалгааг хангалттай хийж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Оюутолгойд нийт 1865 хүн ажиллаж байгаагаас 1718 нь монгол, үлдсэн нь гадаадын ажилчин байна гэсэн тооцоо гарсан. Яах вэ. Гадаад олон тооны ажиллах хүчин оруулж ирлээ гэхэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тодорхой хэмжээний хөрөнгө хуримтлагдах сайн талтай. Гэхдээ монгол хүмүүс ажилтай байх нь түүнээс илүү зүйл гэдгийг л ойлгох хэрэгтэй юм. Нөгөөтэйгүүр, Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төсөл дээр ажиллах гадаад ажилчдыг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай журам байдаг юм. Тэгэхээр бүр аль ч үгүй юм болж мэдэх эрсдэлтэй. Засгийн газар гэрээгээ зөрчих л юм бол бид шүүхэд өгнө. Хууль зүйн бүрэн үндэслэлтэй.
Улс төрийн тойм